МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЖЕНЕВ ДЭХ БҮЛГИЙН ЗОХИЦУУЛАГЧААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан тус бүлгийн Элчин сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 9 дүгээр сарын 24-ний өдөр ДХБ-ын байранд зохион байгуулав.
Эл уулзалтад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бүлгийн 32 гишүүнээс 20 гишүүн оролцож, 15 гишүүн улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлж, үг хэллээ.
Гишүүд хэлсэн үгэндээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (НҮБ-ын ХХБ)-ын 16 дугаар Бага хурал, ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын босгон дээр хариуцлагатай үүргийг хүлээн авсан Монгол Улсад талархан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа бүлгийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг танилцуулж, гишүүн орнууд идэвхтэй хамтран ажиллах, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын 16 дугаар Бага хурлын ДГХБО-уудын Сайд нарын дугуй ширээний уулзалтаас гарах Хамтарсан тунхаглалын төсөлд саналаа өгөхийг уриаллаа.
Уулзалтад ДХБ-ын Хөгжлийн бодлогын газар, НҮБ-ын ХХБХ-ын Төсөл хөтөлбөр, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл оролцож, ДГХБО-уудын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч илтгэл танилцуулав.


Гишүүд энэ оны 8 дугаар сард болсон ДГХБО-уудын 3 дугаар Бага хурлын үр дүнг бататгах, ДГХБО-ын Авазагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдгээр орнуудад зориулсан Ажлын хөтөлбөрийг ДХБ-ын хүрээнд батлуулах, ДХБ-ын бүтцэд ДГХБО-уудын албан бүлгийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.
