“Талх идмээр л байна. Даанч үнэтэй. Тэгээд ч нэг талханд манай гэрийнхэн цадах биш. Талх авах мөнгөөрөө нэг кг гурил аваад ээжээрээ гамбир хайруулж идвэл гол орох юм чинь. Гэхдээ талх гамбирнаас илүү амттай л даа” гэж ярих жаалхүүг Н.Бумгэрэл гэдэг аж. Тэр хүү хайрцагтай номнууд оосорлоод хүзүүнээсээ зүүчихэж. “Эгчээ ном авахгүй юм уу” гэж байв. Түүний авч явсан бараа нэлээд хүнд бололтой юм билээ. Бумгэрэлийг амрах зуурт нь ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулна уу?
-Би 105 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Манай гэр Баянхошууны эцэст л дээ. Аав ээж, эгч бас нэг дүүтэйгээ амьдардаг. Дүү маань зургаан настай. Манай эгч наймдугаар ангид сурдаг. Эгч бид хоёр хичээлээ тарсны дараа гадуур явж ном, “ТВ мэдээ” бас бараа зардаг юм.
-Ямар бараа вэ?
-Яахав дээ. Авч явахад хөнгөхөн, амархан борлодог бараа л байхгүй юу. Сальфетка, бал гээд л.
-Номоо хаанаас авдаг юм бэ?
-Их ном зардаг, лангуутай эгч нар биднээр ном заруулаад мөнгө өгдөг юм. Одоо ч ном нэг их борлохгүй л дээ. Намар хичээл эхлэхийн өмнө их ашигтай. Өдөрт 10 мянгаас буухгүй шүү. Харин “ТВ мэдээ”-г 110 төгрөгөөр аваад 200 төгрөгөөр зардаг юм. Хагас бүтэн сайнд л зарагдана. Ашиг нь 5000-аас буудаггүй юм. Цагаан сараар мэдээ ёстой сайн зарагддаг. Зурхайг нь унших гээд хүмүүс их авдаг юм.Цагаан сараас өмнө нэг телевизийн мэдээ зараад 40 төгрөгийн ашиг олдог байсан юм. Ашгүй, үнэ нь нэмэгдчихсэн байгаа.
-Ном, телевизийн мэдээ зараад олсон орлогоороо юу хийдэг вэ?
-Эгчдээ өгчихдөг. Бид хоёр гэртээ хоол унд, дүүдээ хувцас авдаг. Ер нь л гэрийнхээ бүх юмыг бэлдэнэ дээ. Хичээлийн бэлтгэлээ базаана. Багш анги тохижуулна гээд мөнгө авдаг. Ингэсээр байгаад л нэг мэдэхэд дуусчихсан байдаг юм. Манай аав “Мон Инж Бар” компанид цахилгаанчин хийдэг. Зуны гурван сард л ажиллана. Ажил хийж байхдаа их мөнгө олно. Зунаас бусад улиралд гэртээ байдаг юм. Ээж минь ч ажилгүй. Хөл нь жаахан өвдөөд байдаг болохоор өрөвдөөд ажил хийлгэдэггүй юм аа, бид.
-Өөрөө их мөнгө олдог юм чинь дуртай юмаа авч чаддаг байх?
-Манайх зунд баян байдаг юм. Эгч бид хоёрын орлого их. Бас аав цалин авна. Өнгөрсөн зун зургаахан өдөр гүрийж байгаад л СD тоглуулагч авчихсан. Завтай үедээ кино үзээд гоё ш дээ. Бас гэртээ хоолны савны цуглуулга, таван ширхэг шилэн заан худалдаж авсан. Заан гэрт байх сайн гээ биздээ. Эгч бид хоёр өөрсдийнхөө дуртай юмыг гэхээсээ ээж дүү хоёртоо гоё хувцас авч өгөх юмсан гэж боддог. Мартаар ээждээ шоколад бэлэглэсэн. Их баярласан гэнэ лээ.
-Гоё чихэр авч иддэггүй юм уу?
-Яах юм, цадах биш. Чихэр авах мөнгөөрөө гэртээ гурил, мах авбал бүгдээрээ цадна ш дээ. Гэхдээ 150 төгрөгийн үнэтэй “Альяска” зайрмаг зөндөөнийг авч “тансаглавал” гоё л доо. Саяхан авч идэх гэсэн чинь 180 төгрөг болчихсон байна лээ. Эгч бид хоёр нэг нэг зайрмаг авах мөнгөө нийлүүлээд талх аваад харьдаг байсан. Одоо даанч хүрэхгүй л дээ.
-Талхны үнэ нэмэгдчихсэн. Одоо танайхан хэрэгцээгээ яаж зохицуулах вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр талх авах гээд дэлгүүрт ороод гайхсан ш дээ. Талх авах гэсэн чинь мөнгө хүрдэггүй. Ээж намайг “худлаа яриад бай” гээд. Одоо талх авахгүй ээ. Дандаа боорцог, гамбир иднэ. Манайх таван кг гурилаар боорцог хайрахаар бараг долоо хоночихдог юм чинь. Ойрдоо их хэцүү байна. Орлого ч муудаад. Автобусанд явж байгаа хүмүүс “Юмны үнэ дийлдэхээ болилоо. Хоосон хонох нь” гэж үглээд л. Манайх ч гэсэн мах, гурилаа авахад хэцүү л байна. Эгч бид хоёр амралтын өдрөөр олсон мөнгөөрөө нэг кг мах, арван кг гурил аваад яг дуусчихдаг. Авсан гурил, махаараа боорцог хайраад, хоол хийхэд долоо хонохгүй ш дээ.
-Сар бүр олгодог болсон “Хүүхдийн мөнгө”-өө юунд зарцуулдаг вэ?
-Сургуулиас нэхсэн мөнгөнд өгөөд л дуусчихдаг байх. Ээж л мэднэ.
-Ингэхэд тооцоо сайтай жаал маань ямар сурдаг вэ?
-Наймаа хийдэг болохоор тоондоо их сайн. Ангийнхаа онц сурлагатан ш дээ (инээв). Манай эгч ч гэсэн хичээлдээ сайн. Бид хоёр зарж байгаа номоо заавал уншдаг.
-Хичээлдээ яваад, бас бараа зараад л. Тоглох зав гардаг уу?
-Хичээлээ тараад л жаахан тоглодог. Эгчтэй ном зарж явахдаа, хааяа нуугдаж байгаад бильярд тоглочихдог юм. Гэхдээ эгч мөнгө мэддэг болохоор тийм боломж нэг их гарахгүй.
-Наймаа хийгээд явж байхад нь томчууд дээрлэхэж байна уу?
-Томчууд гайгүй ээ. Бас хулгайч нар их муухай. Би өнгөрсөн зун 20 мянган төгрөгөө суйлуулаад, уйлсан ш дээ. Өдөржин халуунд хөлсөө гоожуулж олсон мөнгөө хулгайч хүүхдүүдэд алдсандаа харамсаад тэр. Хулгай хийгээд, гуйлга гуйгаад явдаг хүүхдүүдийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Над шиг ном зарвал ашигтай ш дээ.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Номын дэлгүүрийн эзэн болно. Тэгээд гоё гоё үлгэрийн ном хийгээд хүүхдүүдэд бэлэглэнэ дээ. Бас англи хэлний толь бичиг зохионо. Хүмүүс их авдаг юм.
Энэхүү нийтлэлийг уншсан эрхэм уншигч та ч гэсэн таны эргэн тойронд ширхэгийн худалдаа эрхэлж байгаа хүүхэд таарвал ганц бохь ч болтугай худалдаад авах байх.
Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямрал нь хүн амын амь нас, амьжиргаанд маш хүндээр тусаж байна. Нөхцөл байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед олон хүүхэд, тэдний гэр бүл боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь тасалдах, өвчлөх, өрхийн орлогын эх үүсвэрээ алдах эрсдэлтэй тулгарч байна. Нийгмийн хамгааллын зохистой тогтолцоо бүрдээгүй газарт хүүхэд, гэр бүлийн эмзэг байдал улам нэмэгдэж байна. КОВИД-19 өвчин дэгдэхээс өмнө дэлхий нийтээр бараг 100 сая орчим хүүхдийг хүүхдийн хөдөлмөрөөс хөндийрүүлснээр 2000 онд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байсан хүүхдийн тоо 246 сая байсныг 2016 онд 152 сая хүргэж бууруулсан билээ. Эдгээр хүүхдийн 73 сая нь хүүхдэд аюултай ажил эрхэлж байсан юм. Тэгвэл хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй эдгээр хүүхдийн олонх нь өнөөдөр улам илүү эрсдэлд орж, илүү далд хэлбэрийн буюу аюултай ажил эрхлэх, эсвэл илүү олон цагаар ажиллахад хүрч болзошгүй байна. Хямралын уршгаар эмзэг нөхцөлд буй сая сая хүүхэд өрхийн орлогодоо тус нэмэр болох зорилгоор хэт бага насандаа хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй тулаад байна.
Эх сурвал: Gogo.mn /Тайлбар: Энэхүү ярилцлага нь Ковидын хөл хорионы үеийн ярилцлага биш болно/