Барилгын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд цөөн хэдэн үндэсний компани байдгийн нэг нь дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэдэг “Эрчис тал” ХХК. “Бид чанарыг эрхэмлэнэ” гэсэн уриатай тус үйлдвэр 2011 онд байгуулагдсан цагаасаа барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхээр сэтгэл зүрхээ зориулан яваа хамт олон юм. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн энэ удаагийн зочин “Эрчис тал” үйлдвэрийг танилцуулж байна.
“Эрчис тал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баяраа
-Үйлдвэрээ байгуулж байсан түүхээсээ товчхон танилцуулахгүй юу?
-Анх 2006 онд найз маань орон сууцны барилга бариад дулаалгын хөөсөнцрөө хятадын компаниас авдаг байсан юм. Тэр үед л “Өөрсдөө үйлдвэрлэх ёстой юм байна. Тэгвэл энэ их гадагшаа гарч байгаа мөнгийг бага ч гэсэн эх орондоо үлдээх боломж байна” гэж бодсон учраас 2011 онд үйлдвэрээ байгуулсан. Тэр үед 10 гаруй хөөсөнцрийн үйлдвэр байсны 90 шахам хувь нь хятадын хөрөнгө оруулалттай байсан. Харин яг монгол эзэнтэй үйлдвэр хоёр гурав л байсны нэг нь манайх болж 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрээ нээж хятад компаниудтай өрсөлдөж эхэлсэн дээ. Ингэснээр бид жилдээ 25-26 мянган м3 сайн чанарын хөөсөнцөр үйлдвэрлэж нийлүүлснээр энэ хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болсон.
-Та бүхнийг барилгын компаниуд маань хэрхэн дэмжиж ажиллаж байв?
-Анх үйлдвэрээ байгуулаад “Манайхтай хамтарч ажиллаач, манайхаас бүтээгдэхүүн аваач” гэх саналыг барилгын компаниудад их тавьдаг байлаа. Тухайн үед тэд байнга авдаг газраасаа нийлүүлэлтээ хийх сонирхолтой учраас тэр бүр нааштай хариу өгөх нь ховор байсан. Харин манайх шинэ технологи нэвтрүүлж, илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ танилцуулаад эхлэхээр компаниудын хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Ингэснээр бидний үйл ажиллагаа илүү өргөжин тэлж, Үндэсний бүтээн байгуулалт корпорацийн Буянт ухаа-1,2 дугаар хороолол, Эрин хороолол, Ойгон констракшн, Улаанбаатар барилга корпораци гэх мэтээр тоочоод байвал олон компанитай хамтран ажиллаж зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад манай бүтээгдэхүүнийг ашигладаг болсон.
Илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ танилцуулаад эхлэхээр компаниудын хандлага өөрчлөгдөж эхэлсэн
-Барилгын материал гэдэг хамгийн чухал нь чанартай байх ёстой. Танай бүтээгдэхүүний чанарыг үнэлбэл?
-Үйлдвэрээ анхнаасаа л “Бид чанарыг эрхэмлэнэ” гэсэн уриатайгаар байгуулж байсан. Монгол хүн хэрэглэнэ гэдэг утгаараа чанарыг нэг номерт тавьсан. Тийм ч учраас бид өөрсдийн бүтээгдэхүүндээ “Чанарын сертификат” гэдэг зүйлийг барилгын үйлдвэрлэлийн салбарт анхлан гаргаж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр “Эрчис тал” гэдэг үйлдвэрээс авсан бүтээгдэхүүний чанар, гарал үүслийг тодорхойлох баримт юм. Тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхдөө манай энэ сертификатыг үзүүлж, барилгад ашигласан дулаалгын хөөсөнцрийн гарал үүсэл, чанарыг тодорхойлох боломжтой болж байгаа юм.
-Орон сууцны үнэ барилгын материалаасаа шалтгаалдаг гэдэг. Тэгэхээр танай бүтээгдэхүүн барилгын үнийн өсөлтөд хэр нөлөөлдөг вэ?
-Энэ бол их түвэгтэй асуудал. Бид хэдий хөөсөнцрөө эх орондоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ мөн л импортоор гаднаас авдаг. Гэтэл валютын үнийн өсөлтөөс шалтгаалаад түүхий эдийн үнэ нэмэгдэж бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Хэрвээ нэмэхгүй бол бид хаалгаа барихад хүрнэ. Бид үнээ нэмэхээр нөгөө барилга бас үнээ нэмэхээс өөр аргагүй болно. Тэгэхээр валютын ханшийг л тогтвортой барьж чадвал аяндаа барилгын материалын үнэ буурч тэр хэрээр орон сууцны үнэ ханш ч багасна.
Валютын ханшийг л тогтвортой барьж чадвал аяндаа барилгын материалын үнэ буурна
Тэгэхдээ энэ нь ганц үнэ ханшийн асуудал биш юм. Барилга бариад байдаг худалдан авагч байхгүй бол бидний бүтээгдэхүүн ч зарагдахгүй. Бид үйлдвэрлэж чадаж байгаа ч борлуулалт бол одоохондоо үнэхээр хүнд байна. Ихэвчлэн зээлээр өгч байна. Аргагүй шүү дээ. Бидний гол худалдан авагчид барилгын компани байдаг. Барилгын салбар болон барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гинжин холбоотой байдаг учраас борлуулалт зогсох, өрийн сүлжээнд орох нь бидний ажилд үнэхээр өргөжих боломж олгохгүй байна.
Түүнээс гадна хэдий манай улс чөлөөт зах зээлд шилжсэн ч гэсэн аливаа үйлдвэрлэлд тодорхой хэмжээний лимиттэй байж, аль болох монголынхоо хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг дэмжээд гаднаас орж ирж байгаа үйлдвэрүүдийг тодорхой тоонд барих ёстой. Тэгэхэд хүссэн бүхэнд чөлөөтэй боломж олгодгоос болоод гадны үйлдвэрүүд нь үлдээд, үндэсний хөрөнгө оруулагчид нь дээшээ гарч чадахгүй үүдээ барьж байна. Учир нь манай улсын иргэн нэг компани байгуулаад тамга тэмдгээ авсан л бол шууд татвараас тайлангаа өг гээд нэхээд эхэлдэг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компани таван жил болж байж татвараа өгч эхэлдэг. Ингэснээр хятадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэр 2-3 жил үйл ажиллагаагаа явуулаад хаалгаа барьсан нэрийн дор компанийнхаа нэрийг солин дахиад л үйлдвэрлэл явуулдаг. Энэ хуулийн цоорхойг ашиглан тэд хэдэн жил ч татвар төлөхгүй явж болж байна шүү дээ. Мөн ямар нэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн хятад үйлдвэр байж л байна.
-Үйлдвэрийн тань ойрын зорилго юу вэ?
-Ойрын зорилго гэвэл хөдөө орон нутагт үйлдвэр, цехтэй болохыг зорьж байна. Ингэснээр мөн л бүтээгдэхүүний үнэ ханшийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой юм. Учир нь бүтээгдэхүүнээ газар дээрээс нь борлуулснаар тээвэрлэлтийн зардлаа хэмнэж бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой болохоор авч байгаа болон өгч байгаа аль аль талдаа ашигтай байх юм.