“Өдөр бүр өндөг хэрэглэе” гэвэл ямар бүтээгдэхүүн санаанд бууж байна вэ? Энэ бол “НВЦ” ХХК-ийн охин компани “Монэгг” ХХК-ийн Баян брэндийн өндөг юм. ОХУ-ын “Белореченск” компанитай хамтран 1999 оноос “НВЦ” хэмээх орос өндгийг Монголынхоо хэрэглэгчдэд найдвартай нийлүүлж эхэлсэн түүхтэй. Ингээд 2003 оноос Монголдоо өндөгний үйлдвэрлэл эхлэхээр болжээ.
Масс агентлагийн “Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл” хөтөлбөр 2003 оноос үйл ажиллагаа эхэлсэн Баян брэндийн өндөгний үйлдвэрийг онцолж байна. “Монэгг” ХХК Төв аймгийн Баянчандмань суманд байрлах бөгөөд өнгөрсөн онд дэлхийд алдартай Германы Big Dutchman, Голландын Moba-ын тоног төхөөрөмжүүдийг сууриулуулжээ. Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар очиход “Монэгг” ХХК-ийн дэд захирал Ж.Банзрагч хүлээн авч үйлдвэрээ танилцуулав. Тус компанийн үүдээр оронгуут нь хана, тааз зэргээ өндөгний хэлбэр дүрсээр тохижуулсан байлаа. Түүнчлэн өндөг хэрхэн савлагдан та бидний гарт очдог талаар шилэн хананын цаанаас үзэх боломжийг олгосон нь ихээхэн сонирхол татав.
Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон өндөг ямар дамжлага дамжсаар бидний гарт ирдгийг хэрхэн бий болдог талаар сурвалжлахаар хамгийн түрүүнд дэгдээхий нэгдүгээр байртай танилцахаар явав. “Белореченск” компаниас нэг хоногийн настай 100 мянган дэгдээхий тэд хүлээн авч байрандаа байршуулжээ. Тахианы аж ахуй гэхлээр сангасны муухай үнэр хамар цоргих юм болов уу гэтэл тийм зүйл бараг мэдэгдэхгүй байлаа. Учир нь орчин үеийн тоног төхөөрөмж сууриулсан тул агаар, чийгийг автоматаар тохируулдаг байна. Дэгдээхий болон өндөглөгч тахианы байр нь дулаан, хүйтэн нэвтрүүлэх чадвараараа 64 тоосгон ханатай тэнцэх бөгөөд байшингийн загварыг Франц улсад хийж, БНХАУ-д байшинг нь угсарсан гэнэ. Харин тоног төхөөрөмж нь Big Dutchman брэндийх аж. Уг төхөөрөмжийг сууриулснаар хүний оролцоог багасгаж, тухайн дэгдээхэй, өндөглөгч тахианы хоол, ус, сангас, агааржуулалт, гэрэл зэргийг автоматаар хийдэг болжээ. Тахиа хэмээх амьтан нүдээрээ бүх зүйлийг мэдэрдэг гэнэ. Иймээс тааламжтай орчинг тус компани бүрэн бүрдүүлж чадсанаар өндөглөгч тахиа өдөр бүр өндөглөдөг болжээ.
“Белореченск” компаниас нэг хоногийн настай 100 мянган дэгдээхий тэд хүлээн авч байрандаа байршуулжээ
“Монэгг” ХХК дэгдээхийний хоёр байртай. Нэг байран дотроо гурван эгнээтэй, эгнээ бүр нь дөрвөн давхартай бөгөөд уг хоёр байранд ойролцоогоор 45-50 мянган дэгдээхий суух бүрэн чадалтай. Уг байранд дэгдээхий 110 хоног тэжээн бойжуулан өндөглөгчийн зааланд шилжүүлдэг байна.
Өндөглөгч тахианы амьдрах тааламжтай орчныг бүрдүүлж өгснөөр 650-700 хоног насалдаг байна
Өндөглөгч, үржүүлгийн, махны чиглэлийн тахиануудын үйлдвэр угсаа өөр байдаг. Тус компанийн хувьд Голландын эх сүрэгтэй, ОХУ-ын “Белореченск” компанийн үржүүлгийн тахианы өндөглөгч дэгдээхий өсгөн бойжуулдаг. Байгальд тэжээж байгаа тахиа 300 гаруй хоногийн настай байдаг бол өндөглөгч тахианы амьдрах тааламжтай орчныг бүрдүүлж өгснөөр 650-700 хоног насалдаг байна.
Дараагийн шат дамжлагын хувьд өндөглөгч тахиа байрлах байр юм. Уг дөрвөн байранд 300 мянган өндөглөгч тахиа байрласан байлаа. Уг байрны хувьд мөн л адил автомат системтэй. “Монэгг” компанийн хувьд амьтны эрүүл ахуйг дээдлэн шувууны биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, зэвэрдэггүй төмрөн хашаанд 4-5 тахиаг тус бүр байрлуулжээ. Өндөглөгч тахианд автомат системийн дагуу 6-7 цагийн хооронд хоолыг нь өгснөөр өдөр гэхэд өндөглөж эхэлдэг байна. Өндөглөгч тахианы хувьд идэж буй тэжээлээрээ өндгөө умайнд биш умайн гаднах сүвэнд бүрдүүлдэг учир өндөглөгч тахиа хэмээн нэрлэдэг.
Өндөгнүүд урсдаг дамжлагаар савлагааны хэсэг рүү шууд очдог. Урсаж гарч ирсэн өндөгнүүдээс хэт бохирдолтой цустай өндгийг ажилтан ялгана. Уг ялгасан өндгийг угааж цэвэрлэн нарийн боовны цехүүдэд нийлүүлдэг байна. Өндгийг угаах юм бол хадгалах хугацаанд богиносдог гэнэ. Учир нь өндөгний хальсыг бүрхсэн тослог нь удаан хадгалах элемент агуулдаг байна. Иймээс угаасан өндгийг нарийн боовны цехэд нийлүүлдэг нь хурдан хугацаанд хэрэглэдэгтэй холбоотой юм.
Өдөрт дунджаар 260 мянган өндөг савлан гурван хоногийн дотор 4000 гаруй харилцагч компаниудаар түгээн хэрэглэгчдэд хүргэдэг
Ялгаад үлдсэн өндөгнүүдийг дөрвөн эгнээнд автоматаар хувиарлагдан хэт ягаан туяагаар ариутгана. Мөн хүчтэй гэрлийн тусламжтайгаар хагарсан, цуурсан өндгийг дахин ялгана. Үүний дараагаар алх хэмээн нэрлэдэг багажаар 25 удаа тогшин дахин цууралтыг тогтооно. Жижиг мэдрэгч нь дуу авиаг хүлээн авч хагарлалтын зэргийг тогтоон цууралттай өндгийг тусад нь ялган өөр шугамаар явуулна.
Ингээд өндөг тус бүрийг том, дунд, жижгээр ангилан савлан гарч ирснийг ажилтнууд хайрцагладаг байна. Уг тоног төхөөрөмж нь цагт 60 мянган ширхэг өндөг ангилж, савлах хүчин чадалтай аж.
Тус компани өдөрт дунджаар 260 мянган өндөг савлан гурван хоногийн дотор 4000 гаруй харилцагч компаниудаар түгээн хэрэглэгчдэд хүргэдэг ажээ. “НВЦ” компани нь Монгол Улсын өндөгний зах зээлийн 65-70 хувийг тахианы махны 50 хувийг бүрэн хангадаг байна.
Тус компанийн хувьд ойрын дөрвөн жилд нэг сая толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллах гэнэ. Бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор Монгол Улсын өндөгний импортыг 90 хувь хүртэл бууруулах бололцоо бүрдэх юм.
“НВЦ” компани нь Монгол Улсын өндөгний зах зээлийн 65-70 хувийг тахианы махны 50 хувийг бүрэн хангадаг
“Өдөр бүр өндөг хэрэглэе” хэмээх уриатайгаа үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн хувьд хүн амын хүнсний хэрэгцээг найдвартай хангахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.
Холбогдох утас: 346060