Масс агентлагийн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийн баг Өвөрхангай аймгийн Уянга сумын баялаг бүтээгчдийг танилцуулж байна. Уянга сум нь 10000 гаруй хүн амтай бөгөөд аймгийн төвөөс 70 км-ийн зайд хангайн бүс нутагт оршдог. Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа модон эдлэл, талх нарийн боов, гутлын цех, хоршооллын хэлбэр түлхүү хөгжсөн сум юм.
Малчид хамтран ажиллаж хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баян-Өлт хоршоо 12 өрхийн 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үндсэн таван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Цаашид фермийн чиглэл рүү үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Баян-Өлт хоршооны дарга Б.Бямбатогтох: Хамтын хүчээр ажилласнаар ажлын бүтээмж эрс дээшилсэн
Хэзээнээс малчдын хоршоо байгуулан ажиллаж эхэлсэн бэ?
Малчид хувиараа ажиллаж байснаас нийлж ажиллавал бүтээмж нь өндөр гэдгийг ойлгож Баян-Өлт хоршоог 2015 онд байгуулсан. Манай хоршоонд 12 өрхийн 40 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.
Танай хоршоо хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манай хоршоо үндсэн таван төрлөөр үйл ажиллагаа явуулах чиглэлтэй. Одоогийн байдлаар малын үүлдэр угсаа сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээл тариалах, төмс, хүнсний ногоо тариалах гэсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Байгуулагдсанаас хойш дээрхи чиглэлүүдэд ямар ажлыг зохион байгуулсан бэ?
Малын үүлдэр, угсаа сайжруулах тал дээр бараг үүлдэрийн таван хуцыг эцэг малаар тавьсан. Сүүний чиглэлийн үнээнд махны чиглэлийн бух тавьж байгаа. Энэ жил тонн гаруй төмс, хүнсний ногоог хураан авсан.
Хоршоо болж ажиллахын давуу талыг юу гэж харж байна вэ?
Хамтын хүчээр ажилласнаар ажлын бүтээмж эрс дээшилсэн. Зөвхөн байгалийн хадлан гэхэд л 30 гаруй тонныг бэлтгээд байна. Нэгдсэн зохион байгуулалттай болсноо хүн өөрийн гүйцэтгэх үүргийг сайтар биелүүлэх эерэг хандлага харагдаж байна. Мөн тендерт өрсөлдөж сумын төсвийн байгууллагуудад мах нийлүүлдэг.
12 өрхийн цагаан идээг нийлүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Илүү стандартад нийцсэн савлагаатай, өнгө үзэмж бүхий бүтээгдэхүүнй үйлдвэрлэх боломж байна уу?
Хоршооны эмэгтэйчүүд бүх төрлийн цагаан идээг зах зээлд худалдан борлуулж байна. Үүнийг улам сайжруулж сав баглаа, боодол, хаяг шошго бүхий нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг судалж байна.
Утас: 99609526, 88550316
“Уран ундраа” оёдлын цех 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус цех дөрвөн ажлын байрыг бий болгосон бөгөөд монгол дээл хувцас, загварын дээл, хурим, ажлын хувцас зэргийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг аж. Бусад оёдлын цехээс ялгарах давуу тал нь чадварлаг хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмжтэй юм.
“Уран ундраа” оёдлын цехийн дарга Ц.Бадамцэрэн: Манай цех чадварлаг хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмжтэй
Оёдлын цех байгуулах болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэе?
Өмнө нь хөдөө мал маллаж амьдардаг байсан. Хүүхдүүд сургуульд орж сумын төвд амьдрах болсон цагаас эхлэн оёдлын цех байгуулахаар шийдсэн. Манай оёдлын цех 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч орчин үеийн тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.
Уран ундраа оёдлын цех ямар төрлийн үйл ажиллагаа үзүүлж байна. Хэдэн ажлын байрыг бий болгосон бэ?
Манай цех дөрвөн хүнийг ажлын байртай болгосон. Монгол дээл, загварын дээл, хос дээл, хуримын хувцас, ажлын хувцас болон бүх төрлийн захиалгын оёдлын үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн байгууллага, төрийн банк, ЕБС-ийн сургуулиудтай хамтран ажиллаж байна.
Захиалга оргил үеүүд гэж байдаг байх?
Захиалга ерөнхийдөө тогтмол байдаг. Гэхдээ баяр ёслол, хурим найр, сар шинийн өмнө захиалгын тоо эрс нэмэгддэг.
Уянга суманд хэд хэдэн оёдлын цех үйл ажиллагаа явуулж байна. Танай цехийн ялгарах гол онцлог нь юу вэ?
Манай оёдлын цех гол онцлог нь олон жил ажилласан чадварлаг хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмжтэй гэдгээрээ бусад цехүүдээс илүү. Мэдээж загварлаг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас захиалгын тоо буурдаггүй.
Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх боломж байгаа вэ?
Гурван жил гаруй тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Гар нийлсэн хамт олон ажиллаж байгаа учраас цаашид оёдлын цехийн үйл ажиллагаагаа өргөжүүлж явах бодол байна.
Утас: 99300944, 99988066
Хувиараа мужааны ажил эрхэлж байсан залуус нийлж “Эв хийц” тавилгын үйлдвэрийг 2015 онд байгуулжээ. Чадварлаг хамт олноос гадна орчин үеийн бүхий л тоног төхөөрөмжтэй тус үйлдвэр бүтээгдэхүүнээ өөрийн орон нутгаас гадна аймгийн төв, Улаанбаатар хот, мод багатай говийн аймгуудад борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Эв хийц” тавилгын үйлдвэрийн дарга Б.Санжаасүрэн: Бид хэрэглэгчдэд чанарыг амлаж чадна
Олны хүч оломгүй далай гэдэг. Хэзээнээс нэгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
Манай үйлдвэрийн дөрвөн ажилтан өмнө хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан. Энэ оны есдүгээр сараас бүгдээрээ нэгдэж тавилгын үйлдвэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд бид өөрсдийн хөрөнгөө нийлүүлэн шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрийн байртай болоод байна.
“Эв хийц” тавилгын үйлдвэр ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна вэ?
Хэрэглэгчийн хүссэн загвар, хэмжээний дагуу бүх төрлийн тавилгыг бид үйлдвэрлэнэ. Ихэвчлэн захиалгаар тавилга үйлдвэрлэдэг учраас ямар нэгэн санал, гомдол гардаггүй сайн талтай.
Цаашид борлуулалтаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
Байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа учраас орон нутгийн хэмжээнд борлуулалтаа хийж байна. Цаашид аймгийн төв, Улаанбаатар хот, мод багатай говийн аймгуудад бүтээгдэхүүнээ борлуулах болно.
Сайн чанарын тавилга үйлдвэрлэхэд хамгийн чухал нь түүхий эд шүү дээ. Модоо хаанаас бэлтгэж байна вэ?
Хамгийн гол нь яр хорхойгүй, сэв багатай модыг түүхий эд болгон ашигладаг. Сэлэнгэ, Хөвсгөл буюу хойд зүгийн модыг хэрэглэдэг.
Танай үйлдвэр хэрэглэгчдэд юуг амлаж чадах вэ?
Бид хэрэглэгчдэдээ чанарыг амлаж чадна. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд 100 хувь нийцсэн орчин үеийн тавилгыг бид үйлдвэрлэж чадна гэдэгтэй итгэлтэй байна.
Үйлвэрийнхээ тоног төхөөрөмжийг танилцуулахгүй юу.
Улаанбаатар хотод 2012-2014 онд Woodman тавилгын үйлдвэрт ажиллаж байсан. Сайн чанарын, загвар дизайны олон шийдэл бүхий тавилга үйлдвэрлэхийн тулд үр бүтээлтэй тоног төхөөрөмж шаардлагатай гэдгийг ойлгосон. Хамгийн сүүлийн үеийн босоо призерийн машиныг оруулж ирсэн. Энэ машин нь углуурга, заадал, гоёлын хээ зэрэг олон талт ажиллагаатай. Мөн олон үйлдэлтэй нарийн эсгүүрийн хөрөөг оруулж ирсэн.
Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж хэр байна. Өргөжүүлэхэд тулгарч байгаа асуудал нь юунд байна вэ?
Бид эхний ээлжинд өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрээ байгуулсан. Цаашид сум, орон нутагт төсөл бичиж үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх боломж байгаа.
Утас: 88646672, 99979198
“Уянга гутал” гутлын цех 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуул байна. Шинэ гутал үйлдвэрлэхээс гадна бүх төрлийн хуучин гутлын засварын үйлчилгээг давхар үзүүлдэг. Уг цехэд тогтмол дөрвөн ажлын байрыг бий болгон бүтээгдэхүүнээ орон нутаг болон аймгийн төв, Улаанбаатар хотод худалдан борлуулж байна.
“Уянга гутал” цехийн дарга С.Цэцэгмаа: Манай сумын иргэд импортын гутал хэрэглэхээ татгалзаж эхэлсэн
Хэзээнээс гутлын цех ажиллуулж эхэлсэн бэ?
1990 онд Ахуй үйлчилгээний газар татан буугдсаны дараа хувиараа гутал хийх болсон. 2010 онд манай суманд Бизнес хөгжлийн төв байгуулагдсан цагаас эхлэн “Уянга гутал” гутлын цехийг байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ямар төрлийн үйлчилгээг үзүүлж байна вэ?
Манай цех материал болон загварын сонголттой шинэ гутал хийхээс гадна хуучин гутлын бүх төрлийн засварын үйлчилгээг үзүүлж байна.
Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд хөрөнгийн эс үүсвэрийг хаанаас босгож байна вэ?
Сум хөгжүүлэх сангаас 2014 онд таван сая төгрөгийн зээл авч шаардлагатай тоног төхөөрөмжөө болон түүхий эд, материал авсан.
Захиалга хаанаас ирдэг вэ?
Захиалга ихэвчлэн орон нутгаас ирдэг. Манай сумын иргэд импортын гутал хэрэглэхээ татгалзаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд аймгийн төв болон Улаанбаатар хотоос иж байна. Хүүхдийн цагаан ултай гутлыг хотоос түлхүү захиалдаг.
Сумынхаа импортын гутлын хэрэгцээг хааж чадсан гэсэн үг үү?
Тэгэлгүй яахав, Зөвхөн манай үйлдвэрээс гадна төрөл бүрийн гутлын цехүүд манай суманд үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр эх орныхоо түүхий эдийг ашиглан хийсэн чанартай, дулаан гутлыг худалдан авах иргэдийн сонирхол нэмэгдсэн.
Утас: 88403255, 98606126