“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан энэ удаа бохир ноос ноолуур, хөөвөр угаах зориулалт бүхий шингэн саван үйлдвэрлэдэг “Саруул номин” ХХК-ийг зорилоо. Гарал үүсэл нь мэдэгдэхгүй импортын саванг орлож, монгол түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэсэн тус компанийн бүтээгдэхүүнийг үндэсний томоохон үйлдвэрүүд хэдийнэ сонгоод эхэлжээ. Тэгвэл эх орондоо бохир ноос ноолуур, хөөвөр угаах зориулалт бүхий шингэн саван үйлдвэрлэж, амжилттай яваа “Саруул номин” ХХК-ийн захирал С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Монголд ноос, ноолууран эдлэл угаахад зориулсан саван үйлдвэрлэж байна гэхээр сонин санагдлаа. Үйл ажиллагаагаа хэзээ эхэлсэн бэ?
-Манай компани 2012 оны 8-р сард ноос ноолууран түүхий эдийн анхан шатны үйлдвэрүүдэд ашигладаг хогт хольц, бохирдол, зунгагийг угааж цэвэрлэх зориулалттай саванг импортын түүхий эд оролцуулан гарган авсан боловч тэр ажил маань амжилтгүй болсон юм. Үүний дараа дахин эрэл хайгуул хийж, дотоодын түүхий эдээр шингэн саван үйлдвэрлэх санаа олж, судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд 2012 оны 11-р сард анхныхаа дээжийг гарган авсан. Бидний үйлдвэрлэж буй шингэн саван ноос, ноолуур угаах болон боловсруулах үйлдвэрүүдийн хувьд анхан шатны болон гүйцэтгэн боловсруулах дамжлагад хэрэглэгддэг хамгийн гол туслах бодис юм. Тиймээс бид ноос ноолууран түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэсэн, стандартын шаардлагад нийцсэн, өртөг зардал хэмнэх, импортыг орлосон бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг нээж өгөх зорилготой ажиллаж байна.
-Байгаль орчинд нөлөөлөх байдал нь хэр вэ?
-Байгалийн гаралтай түүхий эд ашиглан бүтээгдэхүүн гарган авч байгаа болохоор хүний бие болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, үл задрах бодис байхгүй болно.
-Үйлдвэрийн шинэ технологи нэвтрүүлж байна гэж та хэллээ. Энэ талаар тайлбарлавал?
-Бидний гарган авсан энэ саван зөвхөн үйлдвэрлэлийн зориулалттай. Иймд манай бүтээгдэхүүнийг хэрэглэх, хамтран ажиллах үйлдвэрүүдэд бид эхний ээлжинд туршин хэрэглэхийг санал болгож байна. Туршилтгүй шууд хэрэглэхийг хориглож байгаа гэх үү дээ.
-Ноос ноолууран эдлэлээс гадна өөр бүтээгдэхүүнд танай шингэн саванг хэрэглэж болох уу?
-Ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдээс гадна арьс шир, үслэг эдлэлийн боловсруулалтад хэрэглэж болно. Одоогийн байдлаар “Дархан нэхий” ХК-ийн захиалгаар болон бусад үйлдвэрүүдэд 10 гаруй тн саван нийлүүлээд байгаа.
-Ер нь хичнээн үйлдвэртэй хамтран ажиллаж байна вэ?
-Арваад үйлдвэр, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч таван аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаагаас анхан шатны ноос угаах хоёр үйлдвэр байна. Гэхдээ ноос угаах үйлдвэрт технологио нэвтрүүлэхэд бэрхшээлтэй зүйл их бий. Тэдгээр үйлдвэрүүд маань ихэвчлэн импортоор савангаа оруулж ирдэг, гадны технологичдын заавраар ажиллаж байна. Түүнийгээ үйлдвэрийнхээ салшгүй хэсэг болгоод хэрэглээд дасчихсан. Тэгэхээр бид үйлдвэрлэгчиддээ хамгийн түрүүнд манай бүтээгдэхүүнийг туршин хэрэглэхийг санал болгомоор байна. Мөн үйлдвэрүүдийн технологийн горимд тааруулан савангаа гаргахад бид бэлэн гэдгээ энэ дашрамд хэлмээр байна.
-Танай бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд хэрэглэж болох уу?
-Ихэнх үйлдвэрүүд импортын саван хэрэглээд сурчихсан болохоор бидний хийсэн шингэн саванг үйлдвэртээ туршиж үзэхэд шинэлэг санагдаж байгаа байх. Манай саван гурван өөр төрлөөр гарч байгаа. Эхнийхийг бохир ноос, ноолуур, хөөвөр угаахад хэрэглэнэ. Энэ нь маш их бохирдолтой ноосыг угаана гэсэн үг. Дараачийн цуврал нь сүлжих болон нэхэх үйлдвэрийн гүйцэтгэн боловсруулах эцсийн дамжлага дээр тухайн бүтээгдэхүүнийг угааж, цэвэрлэж, зөөлрүүлэх зориулалттай саван юм. Гурав дахь цуврал нь ахуйн хэрэглээнд буюу ноос, ноолууран хувцас хэрэглэл угаах зориулалттай. Энэ савангаа хэрэглэгчдэд таниулах зорилгоор 25 мл-ээр савлан гаргасан. Үүнийгээ бид угаалгын заавартай нь үйлдвэрлэсэн. Гараар болон угаалгын машинаар угааж болно. Энэ саван маань ямар нэгэн өвөрмөц үнэргүй, цайруулагч болон өнгөгүй хувцас хэрэглэлийг үнэртэй болгох, агшаах зэрэг ямар нэг сөрөг үр дүн гаргахгүй гэдгийг бид баттай хэлж болно.
-Импортын бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог гэвэл?
-Хилээр орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг үзэхээр гарал үүсэл, хаанахын ямар түүхий эдээр хийсэн нь тодорхойгүй байдаг. Харин манай бүтээгдэхүүн өөрийн нэртэй, орц найрлага нь тодорхой, үүнийг нь бид өөрсдөө тохируулж өгдөг. Үүнээс гадна шаардлагатай туршилтуудыг хийж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулсан. Бид цаашид ноос угаах анхан шатны дамжлагад Монгол Улсын стандарт бий болгохоор холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Мөн манай саванг хэрэглэдэг үйлдвэрүүд импортын саван хэрэглэж байсан үеэс 40-50 хувийн хэмнэлттэй, үнийн хувьд хямд гэсэн эерэг сэтгэгдэл ирүүлж байгаа нь бидэнд ч их тааламжтай байгаа.
-Шингэн савангаас гадна өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодол бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Бид одоо зөвхөн үйлдвэрлэлийн зориулалттай саван гаргаж байгаа боловч энэхүү савангийн цуврал болох ахуйн хэрэглээнд зориулсан ялангуяа нэхмэл сүлжмэл төрөл бүрийн хувцас эдлэлд зориулсан угаалгын саван, толбо арилгагч, шил шаазан, хуванцар эдлэл угаагч зэргийг багц болгон дагнан үйлдвэрлэдэг, үндэсний үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 98004285, 99699826