“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Дорноговь аймгийнхаа иргэдийг цэвэр усаар хангадаг “Амин ус” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар зочиллоо. Тус үйлдвэрийн захирал Ж.Баяржавхлантай ярилцлаа.
-Хатуулга ихтэй ус хэрэглэдэг байсан говийн иргэдээ цэвэр усаар хангадаг юм байна. Цэвэр усны үйлдвэр байгуулах санаагаа анх яаж олсон бэ?
-2012 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх байгуулагдахад хатуулга ихтэй устай учир аймгийн иргэдийн цөс, бөөр чулуужилт ихтэй байсан. Тиймээс усыг цэвэршүүлж, аймгийнхаа иргэдийг эрүүл байлгая гэсэн зорилготойгоор байгуулсан.
-Хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдэж байсан бэ. Хэр хүндрэлтэй байв?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн зээл аваад, дээрээс нь таниж мэддэг хүмүүсийн туслалцаа их авсан болохоор хүндрэл бэрхшээл бага гарсан. Гэхдээ үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд ямар ч асуудал тулгарахгүй байна гэвэл худлаа. Боломжоороо явж байна.
Анх үйлдвэрээ байгуулж эхлэхдээ нэлээд судалгаа хийж үзсэн. Говь нутгийн иргэдийн бөөр их чулуужаад, хүүхэд, хөгшид гэлтгүй цөсөө их авахуулдаг юм билээ.
-Өдөрт дунджаар хэчнээн литр ус цэвэршүүлж байгаа вэ?
-Өдөрт нэг тонн гаруй ус цэвэршүүлж, савлаад иргэддээ түгээж байна.
-Захиалга их ирдэг үү?
-Улирлын чанартай үйлдвэрлэл учраас янз бүр байдаг. Гэхдээ хүчин чадлынхаа хэрээр гаргасан бүтээгдэхүүн бүрэн хэмжээгээрээ зарагдах зах зээл аймагт муу байдаг.
-Айл өрх бүр баллонтой ус авдаг уу?
-Энэ талаар судалгаа хийж үзсэн л дээ. Тэгээд 300-400 айл өрх манай үйлдвэрийн усыг тогтмол авч ахуйн хэрэглээндээ ашигладаг гэсэн тооцоо гарсан.
Дорноговь аймагт манай үйлдвэрээс гадна 2-3 цэвэр усны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор өрсөлдөөн ихтэй гэж хэлж болно.
-Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?
-Анх би эхнэртэйгээ нийлээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Жил бүр өргөжин тэлсээр найман хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.
-Та өмнө нь ямар ажил хийж байсан бэ?
-Хамрын хийдэд ажиллаж байсан.
-Цэвэршүүлсэн усаа зөвхөн Дорноговь аймагтаа гэлтгүй өөр аймгууд руу нийлүүлэх боломж бололцоо хэр байдаг бол?
-Одоохондоо Дорноговь аймгийнхаа сумдыг хангаж байгаа. Түүнчлэн Замын-Үүд, Алтанбулаг зэрэг газрууд руу нийлүүлж эхэллээ.
-Үйлдвэрээ өргөжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байгаа вэ?
-Мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй байна.
-Технологио хаанаас, хэдэн төгрөгийн төсвөөр оруулж ирж байсан бэ?
-БНХАУ-аас стандартад нийцсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байсан.
-Төр засгаас баялаг бүтээгчдийг дэмжих хэд хэдэн төсөл хөтөлбөр гаргаж байна. Энэ нь эзэндээ хүрч чадаж байна гэж бодож байна уу?
-Аливаа нэгэн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татвараас 20 хувиар хөнгөлөх тохиолдол бий. Тоног төхөөрөмж гэдэг үүднээс татвар нь нэмэгдээд явчихдаг юм. Тэрнээс биш эзэндээ яг таг хүрч байна гэж хэлэхэд хэцүү.
Туслах ажилтан Б.Баяртулга
-“Амин ус” цэвэр усны үйлдвэрт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Би өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ажиллаж байна. Ард иргэдээ цэвэр усаар хангаж чаддаг болохоор ажилдаа их сэтгэл хангалуун байдаг.
-Хаяг шошгыг гараар наадаг юм байна. Хэр хэцүү вэ?
-Анх хийхэд үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ дадлагажсан даа. Өдөрт 500 гаруй том сав, 1000 орчим жижиг саванд шошго наадаг. Үргэлж сууж наадаг нь бага зэрэг хүндрэлтэй байдаг.