"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг Дорнод аймагт хүрэлцэн ирлээ. Бидний хамгийн түрүүнд очсон газар бол "Дорнод гурил" үйлдвэр байсан юм.
“Дорнод гурил” ХХК анх 1959 онд ашиглалтанд орсон цагаас хойш 30 жилийн дараа буюу 2011 онд техникийн бүрэн шинэчлэл хийсэн байна. Шинэ техник, технологи бүхий үйлдвэр байгуулснаар үйлдвэрийн шат дамжлагууд автомат, хагас автомат болж, үйлдвэрлэлийн технологийн бүх үйл явцыг компьютерээр хянаж удирдах төдийгүй, хоногт 100 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Тус үйлдвэрт, 150 гаруй жилийн түүхээрээ дэлхийд тэргүүлдэг Швейцарийн “Buhler” фирмийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд энэхүү технологи нь будааны чанарыг ширхэгээр нь гэрлийн өнгөөр ялгах, одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг орчин цаг үед нийцүүлэх гээд олон давуу талтай аж.
Бидэнд тус үйлдвэрийн үйл ажиллагаа, шат дамжлагуудыг Ерөнхий технологич инженер Т.Болд танилцуулсан юм.
-Үйлдвэр хэчнээн ажилчинтай вэ?
-Манай үйлдвэр нийт үндсэн 65 ажилчинтай. Мөн түр ажлын байраар 80-100 хүнийг хангадаг. Хоногт 16 цагаар хоёр ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд гурилын цехэд таван хүн л ажиллана. Гурил үйлдвэрлэх технологи нь комьпютерээс удирдах боломжтой учраас ерөнхий технологич нь мэдээллээ хянаад, будаа гурилынхаа шинжилгээг хийчихнэ. Харин нэг хүн хаягдлыг ялгаж, хоёр хүн нь нь савлана. Мөн ачигч зөөгч нэг хүн тус тус ажилладаг юм.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Гурил хийх технологи ажиллагааны талаар тайлбарлаж өгөөч?
-Түүхий эдээ өөрийн аймгийн аж ахуйн нэгж болон зүүн бүсийн аймгуудаасаа авдаг. Өнгөрсөн жил гэхэд арваад газраас 11 мянга гаруй тонн улаан буудайг хүлээж авсан. Түүний 70-80 хувийг Дорнод аймгийн Халх гол сумаас татсан байгаа. Манай зүүн бүсийн хөрс болон цаг агаарын байдлаас шалтгаалаад будааны чанар жигд сайн байдаг.
Түүний 70-80 хувийг Дорнод аймгийн Халх гол сумаас татсан байгаа.
Үндсэндээ буудайгаа хүлээж аваад цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ эхний технологиор төмрийг нь соронздож аваад дараагийн дамжлагаар чулуулаг болон хальсыг цэвэрлэнэ. Тэгээд хэвтүүлнэ. Цэвэрлэсэн буудайгаа дараагийн дамжлагаар үрэлтэнд оруулж тоосыг нь дээшээ татаж авна. Лабраторитоо чийгийг нь үзээд хангалтгүй бол нэмж чийглэнэ. Тэгээд 24-30 цаг хэвтүүлээд дахин чийгийг нь үзнэ. Үүний дараа тээрэмдэж бэлэн болсон гурилынхаа цавуулгийг нь шалгаад хамгийн сүүлийн дамжлагаар гурил болж ялгаруулалт хийгдэнэ. Дээд гурил, нэг, хоёрдугаар гурил болон малын тэжээл гэсэн ангилалаар ялгагдан өөр өөрсдийн хоолойгоор гарна. Хоолойгоор урсах гурилыг савлаж бэлтгэсний дараа ачилтанд өгдөг.
/удирдлагын комьпютер/
/шинжилгээний лабратори/
/неон гэрэл болон хийгээр буудай ялгах машин/
Үйлдвэрийн хамгийн гол тоног төхөөрөмжийн нэг нь неон гэрэл болон хийгээр буудайн ширхэг бүрт ялгаруулалт хийдэг машин. Учир нь неон гэрлийн тусламжтайгаар буудайнаас шатсан, харласан, чанар өнгө өөрчлөгдсөн буудай болон хогийн ургамал, чулууг ялгана. Харин хий нь болохоор хаягдал, үртэс, тоосонцорыг ялгадаг. Ингэж ялгаснаар гурилын өнгө хэвийн гарах, чанартай гурил үйлдвэрлэхэд чухал нөлөөтэй. Өнгө нь хувирсан, харласан буудай нь гурилын өнгөнд ихээхэн нөлөөлдөг.
Ингэж ялгаснаар гурилын өнгө хэвийн гарах, чанартай гурил үйлдвэрлэхэд чухал нөлөөтэй. Өнгө нь хувирсан, харласан буудай нь гурилын өнгөнд ихээхэн нөлөөлдөг.
Дорнод гурилын үйлдвэр өдөр ирэх бүр үйлдвэрлэлийн хэмжээ болон чанараараа сайжирч өнөөдөр зүүн бүсдээ төдийгүй нийслэл орон нутагт бүтээгдэхүүнээ борлуулж байна.
/савлагч С.Батдэлгэр/
/савлагч Б.Сүхбаатар/
/ялгагч С.Мангалжав/
Үйлдвэрийн байранд цөөн хэдэн ажилчин байх бөгөөд савалгааны цехэд ажиллах С.Батдэлгэр 10 жил ажиллаж байгаа бол Б.Сүхбаатар гуай 35 жил харин ялгах цехийн С.Мангалжав гуай 30 жил энэ үйлдвэртээ ажиллаж үйлдвэрийнхээ түүхийг бичилцэж яваа юм байна.
Тэд олон жил ажиллаж байгаа болохоор үйлдвэр шинэчлэгдэхээс өмнөх болон одоо үеийг харьцуулан "өмнөхөөсөө 90 хувь автоматчилагдсан болохоор ажлын ачаалал бага байдаг" гэж байлаа.
/хог ялгах машин/
Энэхүү үйлдвэр мөн талх хийдэг бөгөөд мөн л технологийн шинэчлэл хийгээд удаагүй байгаа юм байна. Үйлдвэр бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлбэл аймгийн төвийн хэрэглэгчдийн талхны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох аж.
Ийнхүү Дорнод аймаг төдийгүй зүүн бүсийн гурилын хэрэгцээг хангадаг "Дорнод гурил" үйлдвэр олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр стандартын шаардлагыг бүрэн хангасан гурил үйлдвэрлэж байгаа нь орон нутагт баялаг бүтээгчдийг дэмжээд өгвөл хийж чадахгүй зүйл үгүй гэдгийг бүрнээ харуулж байлаа.
Тус үйлдвэрийн хамт олон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн багийнханд баярласнаа илэрхийлж аян замын ерөөл өргөн үдсэн юм.
Эх сурвалж: mass.mn