“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр 300 орчим гишүүнтэй боллоо. Элсэхийг хүсэж өргөдлөө өгсөн зарим гишүүдийн үнэмлэхийг нь өнөөдөр гардуулж өглөө. "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр баялаг бүтээгчидтэй уулзаж, ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Холбоонд элсэж буй гишүүд баяртай байгаагаа илэрхийлэн, урт хугацаанд хамтран ажиллах бодолтой байгаагаа хэлсэн юм. Шинээр элссэн гишүүдийн сэтгэгдлийг хүргэе.
“Гантиг ванн констракшн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэг
- Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Манай компани нь ванн, угаалтуурын үйлдвэрлэл явуулдаг. Монголдоо анх удаа Солонгос технологиор шахмал чулуун ванн, угаалтуур үйлдвэрлэж буйгаараа онцлог. Байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байгаа ч энэ хугацаанд 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж байна.
-"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элссэнээр ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн холбоодод бүртгүүлдэг ч тууштай үйл ажиллагаа явуулдаггүй, мэдээллээр хангадаггүй. Тухайлбал, аливаа төсөл, зээлд хамрагдахын тулд өөрсдөө хөөцөлддөг ч хүч сулдаж, хамрагдаж чадалгүй үлддэг. Тиймээс бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, бусад үйлдвэрлэгчдтэйгээ харилцаа холбоотой байхын тулд өнөөдөр “Баялаг бүтээгчдыг дэмжих холбоо”-нд нэгдэхээр зорин ирлээ.
“Буянт” өрхийн үйлдвэрлэл эрхлэгч С.Хишигт
-Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-Эсгий гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг.
-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны албан ёсны гишүүн боллоо. Энэхүү холбоонд элсэхийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэгтгэж, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой холбоо байгуулагдсанд баяртай байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллахаар тус холбоонд элсэн орлоо.
“Шинэ цагийн удирдлагын академи”-ийн захирал О.Батсайхан
-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Баялаг бүтээгчдээ дэмжиж, баялагаа гадагшаа урсгахгүй байх нь өнөөдөр манай улсын тулгамдаж буй асуудлын нэг. Цаашид "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны үйл ажиллагаагаа улам өргөжснөөр төрийн удирдлагууд, дээд түвшний байгууллагуудад дуу хоолойгоо хүргэх, үйлдвэрлэгчид нэгдэж бие биенийхээ үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх юм. Тиймээс өнөөдөр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд “Шинэ цагийн удирдлагын академи”-иа төлөөлөн элсэн орлоо.
“Тансаг хатгамал” ХХК-ийн захирал Б.Наранцацрал
-Ямар чиглэлээр хэдэн оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-“Тансаг хатгамал” ХХК нь 2012 онд анх байгуулагдсан. Манай байгууллага бүх төрлийн зураг, байгууллагын хаяг, лого, туг далбаа зэргийг хатгамлаар урладаг.
-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд яагаад элсэн орох болов?
-Масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь эхлэн дэмжиж, улмаар холбоонд нь элсэн орохыг хүсэж байлаа. Учир нь манай байгууллага цөөхөн ажилтантай, аливаа төсөл хөтөлбөр, хөнгөлттэй зээл, тусламжид тэр бүр хамрагдаад байж чаддаггүй. Энэхүү холбоонд элсэн орсноор бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай түншийн харилцаа тогтоох, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад илүү нээлттэй болж байгаагаараа давуу талтай.
“Нар-Мон” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер О.Мөнх-Эрдэнэ
-Компанийхаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
“Монголд үйлдвэрлэв” үндэсний үйдвэрлэлийн худалдааны төв өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан. Манай байгууллага өнөөдөр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд гишүүнээр элслээ. Ингэснээр бид холбооны гишүүдийн үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.
-Танай байгууллага холбоотойгоо хамтран ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” үндэсний үйдвэрлэлийн худалдааны төвд зарж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүний дүнд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголтоор нэг дороос худалдан авах боломжийг иргэдэд олгох юм.
-Холбоонд элсэхийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Монголын бүх баялаг бүтээгчид нэгдэн, тулгамдаж буй асуудлаа төр засгаараа шийдвэрлүүлэх, гарч буй бэрхшээлээ хамтдаа даван туулах боломжийг олгож буй. Тиймээс Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийг "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд гишүүнээр элсэж, хамтран мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдэхийн төлөө нэгдэхийг уриалж байна.