Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн олон төрлийн бодлого шийдвэр гарч хэрэгжин, үр дүнгээ өгсөөр байна. Үүний нэг хэсэг болох "Баялаг бүтээгч- бизнес тур" аялал 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Ингэснээр нийт 150 гаруй үндэсний үйлдвэрлэгч, 9 үйлдвэртэй танилцаж, инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцон, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Энэхүү гурав дахь удаагийн "Баялаг бүтээгч- бизнес тур" аялалд "Ханбогд кашимер" ХХК, "Талх чихэр" ХК, "АПУ Дэйри" ХХК-ниуд бусад баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдэд үйлдвэрээ танилцуулж, удаан хугацаанд амжилттай оршин тогтнож, үндэсниий хэмжээний томоохон үйлдвэр болсон туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэхүү аялал "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нэг жилийн ойн өдөр зохион байгуулагдаж байгаа тул үйлдвэрлэгчид ярих, дүгнэх зүйл ихтэй, онцгой үйл ажиллагаа болж өнгөрөв.
Энэ нэг жилийн хугацаанд төр засгаас гарах ёстой бүх бодлого шийдвэр гарч, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд, баялаг бүтээгчид бүгд "Хүнсний хувьсгал"-ыг дэмжиж ажиллан, гар бие оролцохоо илэрхийлэн, ЕТГ болон хамтрагч байгууллагуудаас төрөөс гарсан бодлого шийдвэрийг таниулах, мэдээлэл өгөх олон үе шаттай сургалтууд зохион байгуулах ажлууд хийгдэж дуусжээ.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох ажил аль хэдийн амжилттай хэрэгжиж эхлэн, зээлд хамрагдаж чадсандаа баяртай байгааг аялалд оролцож буй хэд хэдэн үйлдвэрлэгч илэрхийлж байв.
Ийнхүү орон даяар "Хүнсний хувьсгал" болон өргөжиж буй ерөнхийлөгчийн санаачилга цар хүрээгээ тэлэн, улам бүр өргөжиж байгаад үндэсний үйлдвэрлэгчид баяртай байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг жилийн хугацаанд 44 үйлдвэртэй танилцаж, санал хүсэлтийг нь бодлого болгон хэрэгжүүлж байгаа нь "Хүнсний хувьсгал" өргөжихөд томоохон нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн жинхэнэ утгаараа "Хүнсний хувьсгал" болон өргөжих бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан. Одоо үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн хөдөлмөрлөх, хичээх, ард түмний дэмжих ажил л үлдээд буй.
Цар тахлын дараах нөхцөл байдал, геополиткийн асуудал дэлхий дахины нийгэм, эдийн засагт хүнд цохилт болж, цаашлаад хүн төрөлхтөний эрүүл аюулгүй хоол хүнсээр хангагдах эрх хамгийн их зөрчигдөх эрсдэл үүсжээ. Иймд Монгол Улсад төрийн тэргүүний санаачилгаар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж бодит үр дүн гаргаж байгаа нь дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн төдийгүй гаднын улс орнуудын сайшаалыг хүртсээр байна.
Нийт 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох нь бидний зорилго. Ингэснээр үндэсний аюулгүй байдлаа хангаж, ард түмнийхээ анхдагч хэрэгцээг найдвартай хүнсээр хангахаас гадна хүн төрөлхтөний хүнсний хангамжид монголчууд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
Баялаг бүтээгч - Бизнес тур аялалтай холбоотой мэдээллийг 9910-4664 утсаар холбогдоорой