Жижиг дунд үйлдвэрлэгчдийн өмнө тулгардаг асуудал, бэршээл бүрийг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" байгуулагдсан цагаасаа хойш үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолой болон ажиллаж байна. Тэгвэл тус холбооны Ерөнхийлөгч Чимиддоржийн Даваабаяр УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ.
Дашрамд дурьдахад “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ нь 2015 онд нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдаж, Баялаг бүтээгч, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт салбар хороогоо байгуулан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байгаа үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм.
Тус холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй идэвхитэй ажиллаж байсныг дурьдвал:
- Бодлогын зарим ажлын хэсгүүдэд орж ажиллан баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг төрд хүргэж хуулинд тусгуулах болон тэдний үйл ажиллагааг орон даяар сурталчилан таниулах тал дээр идэвхитэй ажиллаж байна.
- “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь 2015 оноос хойш 21 аймаг 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн гишүүддээ үйлчилдэг үндэсний хэмжээний ТББ юм.
- 2015 оноос Засгийн газрын 153-р тогтоолоор 330 сумын “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг болон хяналт тавих ажлын хэсэгт 660 холбооны гишүүд ажиллаж байна.
- 2019 оноос ХХААХҮЯ-ны сайдын А-119 тоот тушаалаар 21 аймгийн “Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны гишүүн.
- 2020 оноос Засгийн газрын 113-р тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сан”-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн.
- 2020 оноос ШӨХТГ-ын даргын дэргэдэх “Иргэний зөвлөл”-д тус холбооны төлөөлөл ажиллаж байна.
- 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгаа сэргээх 10 ихнаядын хөтөлбөрт багтсан “Ажлын байрыг дэмжих” ЖДҮ-2 ихнаяд ажлын хүрээнд “ Зээлийн батлан даалтын сан”-ийн төсөл сонгон шалгаруулах хороонд орж ажиллах хүсэлтээ гаргасан байгаа юм.
- “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” /ЖДҮ-SME/ төслийн 1-р үе шат 2015 оны 1 сараас эхэлж 2020 оны 3 сард өндөрлөж Цар тахлын үед нэвртүүлэгээ түр зогсоосон билээ. Уг төсөл орон нутаг, нийслэлд 5-н жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж ирсэн. 5 жил гэдэг нь олон улсын туршлагаар ЖДҮ эрхлэгч багадаа 5 жил тасралтгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж зах зээлд гарч ирдэг хугацаа юм. Төслийн хүрээнд 1000 гаруй ЖДҮ нэвтрүүлэг, 400 гаруй зочны цаг, хэлэлцүүлэг, форум, мэдээ сурвалжлага бэлтгэж олон ч баялаг бүтээгчдийг баярлуулж алдаршуулжээ. Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт байгаа Үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэгцээт бүтээгдэхүүнээ хайж байгаа худалдан авагчидтай холбож өгсөн Үндэсний хэмжээний төсөл байж чадсан.
Мөн 2021 оны 3 дугаар сарын 20-ноос “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” төслийн 2-р үе шат албан ёсоор эхэлсэн бөгөөд ЖДҮ-2 их наядын санхүүжилт давхцаж байгаа нь цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа баялаг бүтээлчдэд буюу жинхэнэ эзэддээ хүрнэ хэмээн билигшээж байна. Хоёр дахь төслийн хүрээнд цуврал контентуудыг бэлтгэн хүргэж, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр өөрөө хөтлөн, компанийн үүсгэн байгуулагч, захирлуудтай асуудал, шийдэл ярилцаж, үндэсний үйлдвэрүүдээ эрчимтэй хөгжүүлэх талаархи саналаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -гоороо дамжуулан төрд хүргэх юм.