Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монгол Улсад хөнгөн аж үйлдвэр хөгжсөний 85 жилийн ойг угтан зохион байгуулж буй "Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 21-ний Ням гарагт “Гутлын үйлдвэрлэл: Сарлаг, ямааны арьсыг эко технологиор боловсруулж гутал үйлдвэрлэх боломж" сэдэвт семинар Мишээл экспо төвийн хоёр давхарын хурлын танхимд боллоо. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцааны төсөл хамтран зохион байгуулсан юм.
Семинарт ХАА-н Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн танилцуулга, лабораторийн аргаар сарлагийн шир, ямааны арьсыг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологиор боловсруулж, гутал үйлдвэрлэх боломжийн талаар танилцуулсан. Сарлагийн арьс харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алддаг учраас сурагчийн гутал үйлдвэрлэлд ашиглахаар шийджээ. Уг туршилтыг хоногт ямааны арьс 1000 ширхэг үхэр, сарлагийн арьс боловсруулах хүчин чадалтай "Монгол шевро" компанид хийжээ. Харин лабораторийн аргаар сарлагийн шир, ямааны арьсыг байгаль орчин хүний эрүүл мэндэд ээлтэй технологиор боловсруулж, хүүхдийн гутлын өнгө, дотрын савхи боловсруулах судалгааг ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийнхэн хийжээ.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал төрөөс арьс ширний салбарт баримталж буй бодлогын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм.
Арьс ширний гүн боловсруулалтыг сайжруулж, дотоод болон гадаадын зах зээлд үйлдвэрлэсэн гутлаа нийлүүлэхэд олон улсад магадлан итгэмжлэгдсэн арьс ширний үндэсний лабораторийн үүрэг их. Армоно корпораци нь арьс ширний судалгаа, туршилтын чиглэлээр 48 жил үйл ажиллагаа явуулж байгаа, 16 жилийн өмнө арьс ширний итгэмжлэгдсэн лабораторийн эрх авчээ. Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцааны төсөлд хамрагдаж, сарлаг, ямааны арьсыг эко технологиор боловсруулж үйлдвэрлэсэн гуталд хоёр үе шаттай шинжилгээ хийжээ. Гутлын улны олон нугаралт, ус нэвтрэлт, улны наалтын бат бөх, оёдлын утасны даалт гэсэн дөрвөн үзүүлэлтээр шинжилгээ хийж үзэхэд боломжийн үр дүн гарсан байна. Гэхдээ цаашид лаборатори өөрөө гутлын бүрэн шинжилгээ хийдэг болох шаардлагатай бөгөөд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн дамжлага тус бүр дээр технологийн хяналт тавьж байх хэрэгтэй санууллаа.
Ингээд дээр дурдсан технологиор үйлдвэрлэсэн сурагчийн гутлыг 84 дүгээр сургуулийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эцэг, эх, сургуулийн захиргааны зөвшөөрлийн дагуу нэг сар өмсүүлж, туршиж байгаагаа ХАА-н Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн төлөөлөл хэлсэн юм.
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын "Гутлын загвар ба зохион бүтээлт" холимог сургалтын хөтөлбөр нь танхимын болон цахим хэлбэртэй. Гутлын мэргэжлээр суралцаж оюутнууд, багш нар, ЖДҮ үйлдвэрлэгчид, тэдгээрийн ажилчид, хүссэн хэн боловч өдөр, цагийн хязгаарлалтгүйгээр гутал үйлдвэрлэлд суралцах боломжийг олгож байна. Уг сургалтыг Урлах эрдмийн дээд сургуулийнwww.online.urlakh.edu.mn платформ дээр үүсгэсэн бөгөөд нийт 20 гаруй модуль хичээл байдгаас одоогийн байдлаар 5 модулийг Монгол хэлнээ орчуулж, удахгүй хэрэглээндээ нэвтрүүлэх гэж байгаагаа тус байгууллагаас энэ үеэр танилцууллаа.
Семинарын төгсгөлд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөсөн. Монгол Улсад арьс ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 105 аж ахуйн нэгж байна. Тэдгээрийг чадавхжуулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, арьсны гэмтлийг бууруулах зорилгоор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа мэдээллээ. Тухайлбал, арьсны гэмтлийг бууруулах зорилгоор 15 сумын малчдад нэг малчны жишээн дээр тулгуурлан түүхий эд бэлтгэлийн талаар цогц сургалт явуулж, сургалтад хамрагдсан малчдаас арьс бэлтгэн, үйлдвэрүүдэд нийлүүлж байна.
Үйлдвэрлэгчдийн зүгээс гутлын үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь зүйтэй бөгөөд хөлд эвтэйхэн, чанар, стандартад нийцсэн гутал үйлдвэрлэхэд хоршиж ажиллах, кластераар хөгжиж байж, дотоодын зах зээлээ хамгаалан, импортыг орлох, экспортод гаргахуйц гутал үйлдвэрлэж чадна гэж байлаа. Төрийн зүгээс гутлын жишиг үйлдвэр байгуулах нь салбарын хөгжилд том түлхэц болно гэв. Тухайлбал, "Best shoes" компани Мон ирээдүй арьс шир боловсруулах үйлдвэртэй сүүлийн 3-4 жил хамтран ажиллаж, сайн чанарын гутал үйлдвэрлэж байгаагаа хэлээд энэ мэт хоршиж хөгжихийг уриалж байлаа.
Гутлын инженерүүдийн хувьд үйлдвэрлэгчид өөрсдийн арга, ухаанаар гутал үйлдвэрлэж байгаа боловч онолын мэдлэг багатай, арьс боловсруулах технологио сайн эзэмшээгүй байна. Тиймээс гутлын инженерүүдийг олноор төрүүлэн гаргаж, одоо ажлын талбар дээр байгаа ажилчдыг давтан сургах, мэргэшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам