Хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэндийг урьж ярилцлаа.
-Таныг Чиглэл ХХК-ийн Ерөнхий захирал гэдгээр чинь эсвэл хэлэх гэсэн үгээ ил шулуухан илэрхийлчихдэг хүн гэдгээр нь хүмүүс илүүтэй таних байх. Харин ямар замналаар хэрхэн компаниа байгуулсан талаар тань төдийлөн мэддэггүй болов уу. Тиймээс хоёулаа ярилцлагаа нийтийн хоолны тоног төхөөрөмжтэй хэрхэн холбогдсон түүхээс чинь эхлэх үү?
-Би Өвөрхангай аймгийн ЕБС-ийн наймдугаар ангийг 1976 онд төгсөөд, тэр үеийн Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Худалдааны техникумын тоног төхөөрөмж, механикийн ангид элсэн суралцсан. Тэгээд 1979 онд техникумаа засварчин, механикч мэргэжлээр төгсч, тэр жилдээ хуучнаар ажилчны районы нийтийн хоолны тоног төхөөрөмжийн механикчаар нэг жил ажиллаад, Зүүнбаянд гурван жил цэргийн алба хаасан. Тэнд Цэргийн худалдааны газрын тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж билээ. Жинхэнэ мэргэжлийн сургуулиа тэнд л төгссөн гэж одоо боддог юм. Надаас өөр засварчин байхгүй байсан болохоор би чадахгүй бол хэн чадах билээ гээд л хийдэг байлаа. Цэргээс халагдсаныхаа дараа Худалдаа бэлтгэлийн яамны Худалдааны тоног төхөөрөмжийн засварын газарт мэргэжлээрээ ажилд орж, 10 гаруй жил ажиллахдаа үйлдвэрийнхээ хэд хэдэн удаагийн аварга болж байлаа. Гэвч, өмч хувьчлалаар манай байгууллага хамгийн түрүүнд хаалгаа барьсан. Ганц манайх ч биш олон үйлдвэрийн хаалгыг барьж, ажилчдыг нь гудамжинд гаргаж, тоног төхөөрөмжүүдийг нь Хятадын төмрийн хогонд өгсөн. Одоо эргээд харахад, тэр алдаатай шийдвэр байсан юм шиг санагддаг.
-Тэр үед гудамжинд гарсан хүмүүсийн нэг нь та байх нь ээ?
-Тийм ээ. Тэр үед надад өмч гэх зүйл байсангүй. Байгаагаас эзэмшсэн мэргэжил минь л байлаа. Ажилгүй болсон эхний үед их л сонин байдаг юм билээ. Тэгээд багажтай цүнхээ үүрч гараад, подвальд хөргөгч засч эхэлсэн. Зөвхөн хөргөгч гэлтгүй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар хийдэг байлаа. Ингэж л манай аж ахуйн суурь тавигдсан хэрэг. Тэр үед хоршоо хэлбэрээр ажиллаж байгаад, 1994 онд “Чиглэл” компаниа байгуулсан. Компани байгуулагдаад 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин би мэргэжлээрээ 40 дэх жилдээ ажиллаж байна даа.
-Хэзээ компаниа байгуулахаар шийдсэн юм бэ. Үйл ажиллагаагаа өргөтгөх шаардлага гарсан уу?
-Засвар үйлчилгээгээ хийж байгаад, гаднаас импортын бүтээгдэхүүн оруулж ирж зарах болсон. Тэр үед бараагаа эхлээд 469 машинаар зөөдөг байв. Дараа нь микроавтобус, ЗИЛ-130, чиргүүлтэй ЗИЛ-130 гэх мэт машинаар зөөдөг боллоо. Хоолны газрууд ч нэмэгдэж, түүнийг дагаад борлуулалт нэмэгдээд эхэлсэн. Бага зүйлээс эхэлж, тууштай зүтгэсний хүчинд импортын худалдаа манай үйлдвэрлэлийн гол суурь нь болж өгсөн юм. Ингэж л компаниа байгуулсан даа. Импортын худалдааны дэмжлэгээр л өдий зэрэгтэй явна. Тоног төхөөрөмжийн засварын газарт ажиллаж байхдаа тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, зохион бүтээдэг байсан. Тэр сонирхлынхоо дагуу 2005 онд нийтийн хоолны тоног төхөөрөмж үйлдвэрлэх төхөөрөмжөө оруулж ирээд, өөрөө зохион бүтээж, үйлдвэрлэн борлуулж эхэлсэн юм. Ямар ч байсан тууштай ажилласны дүнд манай үйлдвэр салбартаа тэргүүлэгчдийн тоонд орж явна. Би уг нь захирал биш засварчин байгаа биз. Аргагүйн эрхэнд тоног төхөөрөмж засч байгаад л үйлдвэрээ байгуулсан. Одоо манай хамт олны тоо 60 гаруй болсон. Ингэж л би жирийн засварчнаас захирал болсон юм. Ер нь ямарваа нэг зүйлийн төлөө уйгагүй, тууштай зүтгэхэд заавал амжилтад хүрдэг.
-Танай компанийн нэр их сонин юм билээ. Яагаад “Чиглэл” гэж нэрлэсэн юм бэ?
-Их учиртай. Би уг нь Улсын бүртгэлд өөр нэрээр бүртгүүлэхээр очсон юм. Тэгтэл тэр нэрийг хүн авчихсан байсан. Тэгээд орчноо харж байтал тэнд нэг сонины буланд Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн бичээс байсан юм. Тэр бичгийг харж байгаад “Чиглэл” гээд нэрлэчихсэн. Их сонин тохиолдол байгаа биз.
-Компанийнхаа үйл ажиллагааг нөгөө подвальдаа эхэлж байв уу?
-Тэндээ байлгүй яах вэ. Циркийн зүүн талын есөн давхар хоёр байшингийн 41 дүгээр байрных нь нэгдүгээр орцны хонгилд эхэлж байлаа. Тэр подваль одоо ч бий. Хааяа очихоор их сайхан санагддаг юм.
-Анхны тогоогоо хийж байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Ямар түүхий эд ашиглаж байсан бэ?
-Нэгдүгээр хоолны тогоогоо хийхдээ их ч явсан, олон ч хүнтэй уулзаж, судалсан. Нэг удаа Эрээнээс монгол хэлтэй хятад найзаа дагуулаад арванхоёрдугаар сарын сүүлчээр Гуанжу явж байлаа. Нэхий дээл өмсчихсөн. Хоёулаа хамгийн хямд замаар явсаар Гуанжуд очоод буутал бороо орж байдаг байгаа. Такси олоод суух хооронд дээл норчихсон, маргааш өглөө нь борц болчихсон байж билээ. Хамгийн анхны тогоогоо хийхдээ хоёрдогч түүхий эдээс хоолны хөнгөн цагаан сав авч, тэрийгээ тогоо болгож үзсэн. Гадаадын тогоог хараад Монголын нөхцөлд яаж хийх талаар боддог байсан. Багаж байхгүй болохоор яаж ч хийх билээ дээ. Тэгээд судалж байгаад олон орны тогооноос авахыг нь аваад, дээр нь электрон удирдлага нэмээд монгол ухаанаар хийж, үйлдвэрлэсэн. Алдаа дутагдал бүрээ тасралтгүй сайжруулсаар байгаад, одоо тогооны талаар ямар нэг шүүмжлэл гарахгүй болсон. Ер нь бүтээгдэхүүний алдаа дутагдлыг хэрэглэгч хэлээд өгчихдөг юм. Өмнө нь зохион бүтээх товчоонд ажиллаж байхдаа олон л юм зохион бүтээж байсан. Харин сүүлд тогоогоороо Монгол Улсын шилдэг зохион бүтээгч шагнал авсан нь миний хамгийн том шагнал болсон.
-Хамгийн анх хэдэн ширхгийг үйлдвэрлэж байв?
-Цөөн. 2-3 ширхэг л байсан байх. Анхны загвар нь одоо ч надад бий. Тэр үед одоогийнх шиг багаж байгаагүй болохоор хааяа харахад арай л муухай хийж байжээ гэж бодогддог юм. Тэр тогооны нэр нь ННЗ-Я. Намуунзаяа гэж байгаа юм.
-Таны зохион бүтээсэн тогоо хүний нэртэй байх юм. Ямар учиртай юм бэ?
-Нэгдүгээр хоолны тогоогоо бүтээх үед нэг охиноо гэнэтийн ослоор алдсан юм. Их харамсалтай зүйл болсон. Тэр хүүхдийнхээ нэрээр нэрлэсэн хэрэг л дээ. Харин хоёрдугаар хоолныхоо тогоог бага охиныхоо нэрээр нэрлэсэн. Тэр нь УНЗ-Я буюу Ухаанзаяа нэртэй. Хүүхэд, багачуудын гал тогоонд хэрэглэгдэх учраас хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн юм.
-Та багаасаа л аж ахуй, техникт сонирхолтой хүүхэд байсан уу?
-Тийм шүү. Техникийн сонирхол, гарын дүй хүүхэд байхаас тогтдог юм. Манай сургуульд н.Уранчулуун гэж багш байсан. Маш аж ахуйч хүн байлаа. Тэр багшийн хөдөлмөрч зан хүүхэд байхад их нөлөөлсөн. Бас эд аж ахуйн дарга хийдэг байлаа. Ангийнхаа бүх ширээ сандлыг хариуцаж, эвдэрвэл засдаг байж билээ. Наймдугаар ангиа төгсдөг жилээ тракторын жолооч болох гэтэл надад хуваарь олдоогүй юм. Тэгээд л техникумдаа сурсан. Ёстой азтай, тэнгэрээс надад заяасан сайхан мэргэжил. Одоо бол миний үйлдвэрлэсэн нэгдүгээр хоолны тогоо дотоодын зах зээлийг 100 хувь хангах бүтээгдэхүүн болсон. Гэхдээ төрийн худалдан авалт, сургууль цэцэрлэгийн гал тогоонд нийлүүлж чадахгүй байгаа. Уг нь тэр бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэх гэж Чингис бондоос зээл авч, энэ үйлдвэрээ барьж байсан юм. Төр зээлээ өгсөн, бид үйлдвэрээ барьж, хүнээ бэлдсэн. Тэгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд худалдан аваач гэхээр худалдаж авдаггүй.
-Яагаад тэгдэг юм бол. Эсвэл үнэтэй байдаг юм болов уу?
-Наанаа дэмжинэ, худалдаж авна гэдэг ч, худалдаж авдаггүй. Ашиг сонирхлын зөрчил байх шиг санагддаг. Бид сургууль, цэцэрлэгийн гал тогооны дөрвөн төрлийн төхөөрөмж үйлдвэрлэдэг. Үүнийг одоо ч импортоор авдаг учраас зориуд дотооддоо үйлдвэрлэсэн хэрэг. Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэгддэг 10 гаруй тоног төхөөрөмж бий. Түүний дөрвийг нь бид үйлдвэрлэе, худалдаж аваач гэхэд авдаггүй. Манайх шаардлагатай бүхий л стандарт, тохирлын гэрчилгээгээ авсан. Ямар нэг зөрчил байхгүй. Гэвч, монгол дарга монгол хүний хийсэн бүтээгдэхүүнийг төрд худалдаж авахаас татгалздаг. Энэ нь монгол хүний ажлын байр, хоолыг нь хулгайлж буйгаас ялгаа юу байх билээ. Мэдээж авахгүй байж болно. Гэхдээ оронд нь шаардлага хангахгүй төхөөрөмжийг хүүхдийн гал тогоонд нийлүүлэх нь байж болшгүй хэрэг. Жил бүр нийтийн хоолны тоног төхөөрөмжийн тендер зарлагддаг. Жилдээ 100 гаруй нэг, хоёрдугаар хоолны тогоо, дөрвөн ширэмтэй цахилгаан зуух, никель ширээ авна. Түүнийг Монголдоо үйлдвэрлэх боломжоор хангадаг бол би 100 хүнээ дөрвөн цагийн эргэлтэд ажилтай байлгаж чадна.
-Ямар дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой юм бэ. Та жаахан тодруулаач?
-Сүү хөөрүүлэх, нэгдүгээр хоол хийх зориулалтын тогоо бий. Энэ тогоо нь 40, 60, 100 литрийн багтаамжтай. Зарим тохиолдолд 160, 250 литрийн багтаамжтайг захиалгаар үйлдвэрлэдэг. Мөн дөрвөн ширэмтэй цахилгаан зуух, хоёрдугаар хоолны ширмэн тогоо, бэлтгэлийн никель хийцтэй ширээг бид үйлдвэрлэж байгаа. Энэ дөрөв цэцэрлэг, сургуулийн гал тогооны гол хэрэгсэл байгаа юм. ШШГЕГ, зарим дүүрэг манайхаас худалдан авалт хийдэг. Түүнчлэн, “Номин”, “Хурд”, “Таванбогд” зэрэг том үйлдвэрүүд биднийг дэмжиж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэгт үнэхээр талархдаг. Манайх үндсэндээ хоёр чиглэлээр ажилладаг. Хүмүүст юу хэрэгцээтэй байна түүнийг нь өөрсдөө үйлдвэрлэх, эсвэл импортоор оруулж ирдэг.
-Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-20-30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайх бүтээгдэхүүнээ зорилтот, захиалгынх гэж хоёр ангилдаг. Хэзээ нэгэн цагт зарагдана гэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд нөөцөлдөг. Энэ нь зорилтот бүтээгдэхүүн. Харин захиалгын бүтээгдэхүүнийг тухайн хүн ямар бүтээгдэхүүн хүснэ түүнийг нь 3-4 хоногт хийж өгдөг. Ер нь манай бүтээгдэхүүн монголчууд маань л сайн мэдэхгүй байгаа болохоос биш, Оросууд аль хэдийнэ мэддэг болсон. Тэд биднийг үнэлдэг. Гэтэл манайхан дотооддоо үйлдвэрлэсэн юм уу, чанартай юу, угсарчихсан юм уу гэх мэтээр шалтаг шалтгаан ярьдаг. Манай бүтээгдэхүүн Узбек, Казахстан, ОХУ зэрэг таван улсын стандартад зөвшөөрөгдчихсөн. Экспортлох бүрэн боломжтой. Бид дараагийн үйлдвэрээ гуравдугаар цахилгаан станцын хажууд бариад эхэлчихсэн, удахгүй ашиглалтад орно. Тэндээ зорилтот бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, ОХУ-ын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Компани байгуулах нэг хэрэг. Түүнийгээ цааш нь авч явна гэдэг удирдлагаас их ухаан шаарддаг юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Компанийг нэг хүн удирддаг мэт боловч, үнэндээ хамт олон л удирддаг. Манай хамт олон их хөдөлмөрч. Ер нь би мундагтаа мөнгө олж, бизнес хийдэг юм биш. Компанийн ажилчдын цалинг хэрэглэгч өгдөг юм. Харин хүнд хэрэгтэй зүйлийг олж нийлүүлэх нь бизнес. Хүн сэтгэл зөвтэй байхад л аяндаа болдог юм. Мэдлэг чадвар нь байвч, сэтгэл нь зөв биш бол тэр хэрэггүй. Чадвар нь дутмаг ч, сэтгэл нь зөв байхад сурчихдаг л байхгүй юу. Би амьдралын хар ухаанаар л байгууллагаа удирдаж өдийг хүрлээ.