“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан шинэ дугаартаа “Мах Маркет” ХХК-ийг онцлон хүргэж байна. 2004 оноос хойш дотооддоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тус хамт олны ололт амжилт, болоод түүхэн замналыг бид онцолж байна.
“Мах Маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор
-Энэ өдрийн мэнд хүгэе. Юуны өмнө компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?
-Баярлалаа. Манай компани Улаанбаатар хотод мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 11 дэх жилээ угтаж байна. Өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж болтлоо хөгжөөд байгаа юм. Мэргэжлийн чадварлаг хамт олонтой, дэлхийн стандартад нийцсэн хөргөлттэй агуулах, дөрвөн цехтэйгээр үйлдвэрлэлээ чанарын өндөр түвшинд явуулдаг. “Мах Маркет” компани нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтэндээ онцгой анхааран ажилладаг. Бидний амжилтын гол үндэс нь ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл нэгдэж чадсан хамт олны уйгагүй, бүтээлч хөдөлмөр, харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааны үр дүн юм.
-11 жил багагүй хугацаа шүү. Үйлдвэрлэлийн хүчин чадал одоогоор ямар түвшинд байна вэ?
-Манайх 7500 тонн бүхий хадгалах хүчин чадал, хоногт 20 тонн бүхий гүн хөлдөөх хүчин чадалтай хөргөлттэй агуулахтай ба 1000 толгой бог мал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ 2-3 тонн бууз, банш, бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 2-3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цех, 4-5 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шуллагааны цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, үйл явц олон улсын стандартын дагуу явагддаг нь манай бүтээгдэхүүнийг чанартай гэж батлах үндэс болдог.
-Эрүүл хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэх олон улсын стандартад нийцүүлэн ажилладаг шүү дээ. Энэ талаараа танилцуулах уу?
-НАССР /hazard analysis and cr itical control point/ буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” нь олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Учир нь хүнсний анхан шатны үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх хүртэлх үйлдвэрийн бүх шат дамжлагад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан нарийн хяналт шалгалтын дор аюулгүй баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөл бүрддэг. Энэ системийн үр ашигтай байдлыг АНУ төдийгүй бусад улс орнууд үнэлэн өөрсдийн хүнс үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж эхэлсэн. Бидний хувьд 2011 онд мах боловсруулах үйлдвэртээ НАССР-г хэрэгжүүлж, олон улсын аудитын SGS компаниар шалгуулан итгэмжлэгдэж, Монголын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж чадсан. НАССР-ийг нэвтрүүлснээр хүнс үйлдвэрлэлийн хөгжилд шинэ стандарт, цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал болж чадсан. НАССР тогтолцоог нэвтрүүлснээр “Мах Маркет” ХХК нь нийгмийн өмнө хүлээсэн “Эргэлзээгүй эрүүл хүнс” үйлдвэрлэх хариуцлагаа улам бүр баталгаажуулж байна.
-Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 үйлдвэрлэлдээ хэрэгжүүлдэг. Энэ нь махны үйлдвэрлэлд ямар ач холбогдолтой вэ?
-Бид монголын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа ISO22000:2005 стандартыг нэвтрүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн махны үйлдвэр болж чадсан байгаа. Ингэснээр монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилтыг гаргаж, компанийн төдийгүй улс орныхоо хүнсний үйлдвэрлэлийн хөгжил, хүнсний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулсаар байна. ISO22000 стандарт нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсэнд нөлөөлж болохуйц аюул, эрсдлийг илрүүлж, хяналтандаа авч, удирдах баримтжуулсан тогтолцоо бөгөөд эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг. ISO22000 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын стандарт бөгөөд олон улсын аудитын компаниар шалгуулан гэрчилгээ авснаар “Мах Маркет” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд экспортлогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Тус стандартыг нэвтрүүлэхийн тулд “Мах Маркет” ХХК нь олон жилийн хугацаа зарцуулсан бөгөөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэснээс гадна ажилтнууддаа эрүүл ахуйн байнгын сургалт, дадлага олгож, дотооддоо 50 гаруй бодлогын баримт бичиг, 200 гаруй журам, заавар, бүртгэлүүдийг бий болгож, мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна монгол улсын 40 гаруй хууль эрх зүйн актын шаардлага, 100 гаруй стандартын шаардлагуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
-“Мах маркет” ХХК ниймгийн хариуцлагаа хэр биелүүлдэг вэ?
-Манай Компани нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлан, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон үйл ажиллагаа, арга хэмжээнд гар бие оролцдог. Үүнээс нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагаанд түлхүү оролцсоор ирсэн. Оролцсон томоохон үйл ажиллагаануудаас дурдвал:
“Мах Маркет” ХХК нь 2010 оноос эхлэн жил бүрийн шинэ жил болон хүүхдийн баяраар “Манай гэр” хүүхдийн асрамжийн газарт тусламж хүргүүлдэг.
2009 оноос эхлэн Цагаан таягтанууд буюу Хараагүйчүүдын Холбоо-ны нийт 100 гишүүдэд жил болгон хандив өгч, тэдний үйл ажиллагааг дэмжин тусалдаг.
Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч чийрэгжүүлэх танхим ажиллуулан, спортын тэмцээн, явган аялал зэргийг тогтмол зохион байгуулж эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үргэлж хамруулдаг.
“Мах Маркет” ХХК-ийн түүхэн замнал:
2004 Мах маркет үйлдвэр ашиглалтанд оров.
2004 оноос эхлэн ОХУ-руу адуу болон үхрийн махны экспорт эхлэв.
2008 онд БНАСУлс руу хонины махны экспортыг анх удаа хийв.
2010 Мах Маркет үйлдвэр “Хүнсний тэргүүлэх үйлдвэр” –ээр шалгарав. МХЕГазрын аттестатчиллаар Мах Маркет үйлдвэр AAA зэрэглэлтэй болсноор гуравдагч оронд мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болов.
2011 онд Мах Маркет үйлдвэр Монголын махны салбарт анх удаа НАССР тогтолцоо нэвтрүүлсэн. Монгол мах бонд гаргав.
2012 оны үндэсний шилдэг брэндээр шалгарав. 2012 онд ИБНИран улс руу сэврээсэн хонины махны экспортыг хийв.
2012.10.18 “Мах Маркет” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2013 он “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч компани” өргөмжлөл
2014 он “Хүнсний манлай үйлдвэр”
2014 оны тавдугаар сар Монголын махны салбарт анх удаа ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэв.
2015 оны зургаадугаар сард ISO 22000 стандартын аудитын давтан шалгалтанд тэнцэж, гэрчилгээнийхээ эрхийг нэг жилээр сунгуулав.
“Мах Маркет” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн таашаал хүртэж, төр засгаас олон арван шагналуудыг авч байсан ба цаашид ч олон улсын дэвшилтэт техник технологийн стандартуудыг эх орондоо манлайлан нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилласаар байх бөгөөд үргэлж та бүхнийхээ итгэлийг алдахгүй энэ эрчээрээ хүчин зүтгэх болно.