Орчин үеийн хөдөө аж ахуй нь хүний хүнсний хэрэгцээг хангах, малын тэжээлийг бэлтгэх зорилгоор шинэ сортын үр тариа, ногоог тив дамжуулан солилцож өсгөн үржүүлэх болсон. Монгол Улсад ч мөн адил ийм төрлийн хүнсний ногооны үрийг үржүүлэх ажлыг хийгээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа аж. Энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчид ч олон. Эдний нэг бол Монголын хөдөөг шинэчлэлийн төлөө фермерүүдийн холбооны хүнсний ногооны үр үржүүлэхийн Увс аймаг дахь салбар юм.
Энэхүү холбоо нь одоогийн байдлаар 40 гишүүнтэй бөгөөд Увс аймгийн хүнсний ногооны үрийг 100 хувь хангадаг. Энэхүү холбоог 2009 онд байгуулж, жилдээ 5-6 тонн үр тариалдаг аж. Анх гавъяат агрономич С.Дэчинбал агсан ногооны үр үржүүлж эхэлсэн түүхтэй юм байна. Шар манжин, хүрэн манжин, шар лууван, бөөрөнхий байцаа, сонгино гэсэн таван төрлийн хүнсний ногооны үрийг суулгаж тариалдаг ажээ. Зөвхөн Увс аймагтаа хүнсний ногооны үр нийлүүлэхээс гадна Улаанбаатар хотод нийлүүлдэг байна. Тус холбоо нь тарьсан үрээрээ ногоо тариалдаг ажилсаг хамт олон ажээ.
Монголын хөдөөг шинэчлэлийн төлөө фермерүүдийн холбооны хүнсний ногооны үр үржүүлэхийн Увс аймаг дахь салбарын тэргүүн Л.Алтайтай ярилцлаа.
-Танай холбоо Улаанбаатар хотын хүнсний ногооны үрийн 95 хувийг дангаар хангадаг гэсэн. Анх Увс аймагт энэ төрлийн үйлдвэрлэл хэрхэн бий болсон бэ?
-Увс аймагт анх 1993 оноос хүнсний ногооны үр үржүүлэх ажил эхэлсэн түүхтэй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, өрхийн үйлдвэрлэгчид бий болсноос үүдэн хүнсний ногооны үрийн чанар муудаж, үнийн хөөрөгдөл бий болсон. Иймээс 2009 онд энэхүү холбоог байгуулсан юм. Үүний гол зорилго нь хүнсний ногооны үрийн аюулгүй байдал хангагдах үндэс суурь нь болж, дээрх асуудлыг үгүй хийхэд оршиж байгаа юм.
-Хүнсний ногооны үр үржүүлэхэд тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай юу. Тариалахад их хэцүү байх?
-Тэгэлгүй яахав. Хэрэв аваагүй бол хүнсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана шүү дээ. Манай холбооны 40 гишүүдийн 37 нь үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй. Үлдсэн гурван гишүүн нь тусгай зөвшөөрлөө авахаар материалаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Дээрээс нь ногооны үрдээ хяналтын баталгааг тогтмол хийлгүүлдэг.
Анх 1995 онд таван сорт газарт 500 ширхэг шар манжин суулгаж байсан. Энэ ажил нь маш хэцүү, нарийн ажиллагаатай. Яагаад гэвэл хоёр жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд үрээ хурааж авдаг. Анх үрээр нь хүнсний ногоогоо тариад, хурааж аваад, үүнийгээ стандартын дагуу хурааж дардаг. Тэрийгээ хяналтын баталгаа хийлгүүлээд, зооринд хадгалан, хавар эргүүлж тарьдаг. Энэ нь ганц хүний хийх ажил биш юм. Нэг өрх айл үр тарилаа гэхэд үүний цаана 5-10 хүн ажиллаж байдаг. Ганцхан үрээ суулгаад болчихдог зүйл биш. Усалгаа, бордоо хийнэ, хог ургамлыг нь түүхээс авахуулаад ажил их бий.
Хамгийн хэцүү ажил нь цэвэрлэгээний ажил байдаг. Тоног төхөөрөмжгүй байх үед шигшүүрээр л шигжиж, гараар ялгадаг байлаа. Харин энэ жилээс арай хялбар болгож, зориулалтын машин оруулж ирсэн нь бидний ажлыг их хөнгөвчилж өгсөн.
-Танай холбоо хэчнээн төрлийн үр үржүүлж байгаа вэ?
-Одоогийн байдлаар хүнсний 6-8 төрлийн үр үржүүлж байгаа. Харин шар манжин, шар лууван, хүрэн манжин, бөөрөнхий байцаа зэргийг дагнан үржүүлж байна.
-Худалдааг хэрхэн хийдэг вэ?
-Монголын хөдөөг шинэчлэлийн төлөө фермерүүдийн холбоо гэж бий. Энэ нь биднээс үрийг нэгдсэн журмаар аваад, цааш нь худалдаалдаг. Ингэхдээ биднээс 15 мянган төгрөгөөр худалдаж аваад дээр нь тээврийн зардлаа нэмээд 16-17 мянган төгрөгөөр борлуулдаг.
-Борлуулалт хэр байдаг вэ?
-Гайгүй шүү. Гэхдээ өмнөх жилүүдэд таван тонн үр авдаг байсан бол энэ жил гурав орчим тонн үр хурааж авсан болохоор бага зэрэг үрийн дутагдалд орсон. Дараа жилээс ийм асуудал гаргахгүй байхын төлөө хичээж ажиллана даа.
-Тариалсан үрээсээ хэчнээн төгрөгийн ашиг авдаг вэ?
-Нийт өрх нийлээд 20 сорт газарт тариалдаг. Үүнээс хоёр тонн орчим үр суулгаад, дунджаар 250 килограмм үр авдаг ч хүнсний ногооны үрийн үнэ сүүлийн жилүүдэд харьцангуй буурч байгаа учир ашиг олох нь багассан. Гэхдээ ойролцоогоор жилд 5-6 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна.
-Үр үржүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл хэр их гардаг вэ?
-Тулгамдаж буй хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Нэгдүгээрт, Увс аймагт усны хомсдол асуудал үүсгэдэг. Нэгдсэн журмаар аймгийн хэмжээнд асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа. Мөн түүнчлэн шар манжин, бөөрөнхий байцааны үр суулгалаа гэхэд хоорондоо хоёр метрийн хол зайд суулгах ёстой. Хоёрдугаарт, зайн тусгаарлалт хийх шаардлагатай.
-Үрийг хэзээ тариалдаг вэ?
-Энэхүү чиглэлийн үйлдвэрлэл маань улирлын чанартай байдаг. Дөрөвдүгээр сараас эхлээд 10-11 дүгээр сар хүртэл ажилладаг. Үүний дараа нэг сарын хугацаанд үрээ цэвэрлэдэг. Их ургамлаа зооринд хадгалдаг.
-Үрийн чанар, сортыг хэрхэн ангилдаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд үрийн сортыг ангилах ажил сүүлийн гурван жилийн турш явагдаж байна. Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хийгдсэн. Шар манжин, шар луувангийн сортыг шинээр гарган авч байна. Урьд нь тариалж байсан үр нь 1960-аад оноос тариалагдаж байсан, бага зэрэг чанар муутай сорт байсан.
-Та бүхэн аймагтаа хэчнээн төгрөгийн татвар төлдөг вэ?
-Улиралд 200-300 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Дээрээс нь нийгэм, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Аймагтаа үйлдвэрлэл эрхэлж л байгаа бол татвар төлөх нь мэдээжийн асуудал. Ер нь Увс аймгийн онцлог нь гаднаас огт хүнсний ногоо оруулж ирдэггүй. Дотоодын хэрэгцээг 100 хувь өөрсдийгөө хангаж чадах хүчин чадалтай. Үүнд бидний хувь нэмэр ч нэлээдгүй их гэж бодож байна.
-Увс аймагт танай холбооноос өөр үр үржүүлдэг аж ахуйн нэгж бий юу?
-Манайхаас өөр газар байхгүй. Холбоо байгуулагдахаас өмнө бүгд өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо бүгд нэг холбооны дор нэгдэж, хамтарч ажиллаж байгаа.
-Тэгвэл Увс аймгаас өөр хүнсний үр үржүүлдэг аймаг байдаг уу?
-Бас л их ховор доо. Байвал өрхийн үйлдвэрлэл л байгаа байх. Харин манайх шиг ийм том холбоо байхгүй.
Монголын хөдөөг шинэчлэлийн төлөө фермерүүдийн холбооны хүнсний ногооны үр үржүүлэхийн Увс аймаг дахь салбарын тэргүүн Л.Алтай - 99458472