Зах зээлд шилжсэнээс хойш байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч, оёдлын ууган үйлдвэрүүдийн нэг "Өүлэн менч" компани 2007 онд байгуулагдсан байна. Тухайн үед Их Британийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Тэмүүжин менч" компанийн тоног төхөөрөмж, боловсон хүчин зэрэг бааз суурь дээр "Өүлэн менч" хэмээх үндэсний компаниа байгуулагджээ. Ийнхүү "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг тус үйлдвэрийг онцлон хүргэж байна.
"Өүлэн менч" үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Буянбаатар
-Үйлдвэр анх хэчнээн ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байв. Анхны бүтээгдэхүүнийхээ талаар ярих уу?
-"Өүлэн менч" үйлдвэр маань 300 гаруй ажилчинтайгаар анх байгуулагдаж эрэгтэй сорочкон цамц үйлдвэрлэж 3-5 жилийн турш Америкт гаргаж байсан. Тэр үед манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байсан учраас түүнийгээ дагаад ажлын хувцасны хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ чиглэлийг өөрчилж ажлын хувцас үйлдвэрлэж эхэлсэн. 2013 он хүртэл ажлын хувцас үйлдвэрлэж байгаад 2013 оноос тендерт оролцож одоо сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ нь ганц "Өүлэн менч"-ийн хувьд ч биш, нийт оёдлын үйлдвэрийн хувьд амжилттай хэрэгжиж байгаа юм.
-Ер нь "Өүлэн менч" цаашдаа байнга сурагчийн дүрэмт хувцсаа л хийгээд байх уу. Өөр төрлийн хувцас хийх болов уу?
-Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн өөрөө маш том зах зээлтэй. Монгол улсын хувьд ч мөн адил зах зээл өргөн, хэрэгцээ их байна. Бид цаашдаа эрэгтэй, эмэгтэй том хүн болон хүүхдийн сорочкон цамц үйлдвэрлэлээ өргөтгөж явуулна. Ингэхийн тулд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг зоригтойгоор хийж байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн дүрэмт хувцас болон оффисын хувцасыг үйлдвэрлэхээр төлөвлөөд гаднын хөрөнгө оруулагч компаниа судлаад түүхий эдээ хаанаас хэн нийлүүлэх, ямар загвар зохион бүтээгчтэй байх юм гээд нэлээд томоохон төсөл дээр ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн алдартай брэндүүдийг хүн бүр л өмсөхийг хүсдэг. Гэтэл манай зах зээл дээр борлогдож байгаа үнэ нь хамгийн доод тал нь л хоёр сая төгрөг байна. Харин бид яг тэр брэндийн технологи, даавуу материалаар оёсон ижилхэн чанартай костюмыг зах зээл дээр гаргах бүрэн боломжтой. Бид удахгүй хийгээд эхэлнэ.
Гол нь төслийг эхлүүлэхэд зарим нэг хүндрэл бэрхшээл байна. Учир нь өнгөрсөн хугацаанд сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр сургуулиудтай гэрээ байгуулж, захиалга авч үйлдвэрлэсэн болов ч яг одоо борлуулж чадаагүй маш их хувцасны үлдэгдэл байна. Зөвхөн манай үйлдвэр дээр гэхэд таван тэрбум төгрөгний хувцас агуулахад байж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ бүх хувцасаа зарж борлуулах хэрэгтэй байна. Үүний дараа шинэ төслөө эхлүүлмээр байх юм.
Оёдлын салбарыг цаашид хөгжүүлэхэд гаднын зах зээлээс илүүтэй дотоодын зах зээлдээ илүү ач холбогдол өгч байна. Мөн оёдлын салбар олон хүний хүчийг түшиглэж ажилладаг. Тэр дундаа өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор ажилладаг газар. Тийм ч учраас зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаанд ч гэсэн маш их нэмэр хандив болдог салбар гэдэг утгаар нь энэхүү салбарыг зайлшгүй хөгжүүлэх ёстой юм.
-Том төсөл хэрэгжүүлэх бол мэдээж ажлын байраа өргөжүүлэх шаардлагатай байх?
-Ажлын байраа өргөтгөх боломж бололцоо байна. Гол нь барилга барих газрын асуудал их хэцүү байдаг. Энэ бол үйлдвэр болгонд тохиолдож буй хамгийн том бэрхшээл. Зөвхөн газраа худалдан авахад л 500-1000 орчим хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийн барилга барих хэмжээний мөнгөө өгөх болчих гээд байдаг. Энэ л маш хэцүү асуудлын нэг болчихоод байна. Тэгэхээр үйлдвэр барих газрын асуудлыг л шийдээд өгчихвөл бидэнд төр засгаас мөнгө санхүүгийн болон өөр ямар нэг дэмжлэг хэрэггүй.
Учир нь бид өөрсдөө гадаад харилцаа хамтын ажиллагаанаасаа гаднын хөрөнгө оруулалт, түүхий эд, тоног төхөөрөмжөө татчихаж байна. Гол нь үйлдвэрийн байр барих газрын асуудал л нэн тэргүүнд хэрэгтэй байна гэдгээ л хэлмээр байна.
"Өүлэн менч" үйлдвэрийн цехийн мастер Ц.Өнөрнасан
-Манай үйлдвэр ажлын болон сурагчийн дүрэмт хувцасны дотоодын зах зээлийн 20 хувийг хангадаг. Одоогоор СХД, Сүхбаатар дүүрэг болон Дорноговь, Дундговь, Архангай аймгуудын сурагчийн дүрэмт хувцасыг нийлүүлж байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны цамцыг зөвхөн манай үйлдвэрт үйлдвэрлэдэг.
Үйлдвэр одоогоор загвар, эсгүүр, оёдол, сав баглаа боодол, маркетинг борлуулалтын гэсэн таван дамжлагаар нийт 200 гаран хүн ажиллаж байна. Жилийн долоодугаар сараас гуравдугаар сар хүртэл ачаалалтай ажилладаг.
-Танай үйлдвэрийн бүтээгдэхүүний онцлог нь юу байдаг вэ?
-Материал бол засгийн газраас баталж өгсөний дагуу бид үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл бүх үйлдвэрүүд нэгдсэн нэг материалаар үйлдвэрлэж байна. Харин манай үйлдвэрийн хувьд бид сурагчийн дүрэмт хувцас нь нэг төрлийн ажлын хувцас гэж үзэж байгаа учраас тухайн хүүхдийн хичээлдээ өмсөх тэр хугацааны эдэлгээг даах, хүүхдийн биед эвтэйхэн байх гэсэн шийдлүүдийг гаргаж өгөхийг хичээдэг. Жишээ нь ахлах ангийн сурагчдын гадуур хүрмийг гэхэд яг л том хүний пиджактай ижилхэн хөлсний хамгаалалт, эмжээр оруулга гээд бүх деталиудыг оруулж өгдөг байгаа.
Мөн сорочкон цамц гэхэд бид загвар дээр нэлээд анхаарч ажилласан. Тэгээд сурагчид болон эцэг эхчүүдийн санал бодол, өөрсдийн судалгаан дээр үндэслээд материал, загварын хувьд шинэчилж сайжруулж байгаа. Жишээ нь хүүхдүүд олон цагаар суудаг учраас тохойны элэгдэл их байдаг. Тийм учраас бид энэ жил тохойны хамгаалалт нэмж хийж байгаа. Мөн хиртэлтийг багасгах зорилгоор заханд нь эрээн оруулга оруулж өгөх зэргээр загвар материалын хувьд байнга шинэчилж сайжруулж байгаа. Сорочкон цамц 108-112 дамжлага дамждаг. Бид энэ дамжлагыг бас арай багасгах зорилгоор шинээр машин техникүүдийг оруулж ирсэн.
-Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг утгаараа судалгаа хэр хийдэг вэ?
-Манай маркетинг, судалгаа, инженер технологийн алба хамтраад судалгаа явуулдаг. Судалгаандаа зөвхөн сургуулийн хүрээнд биш цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийг ч хамруулдаг.
Тэдний биеийн бүтэц, хөдөлгөөний хурд, онцлогийг судлаж үзээд бүтээгдэхүүндээ тусгаж өгдөг. Жишээ нь ноднин бид нэг цамц дөрвөн размераар явж байсан бол энэ жилээс насны ангиллаар цамцаа үйлдвэрлэх нь эцэг эхчүүдийн сонголтоо хийхэд ч илүү амар гэж үзсэн. Цаашдаа ч бас илүү сайжруулж, шинэчилж байх болно.