“Масс агентлаг”-аас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд бид улсынхаа өнцөг булан бүрт үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдийг танилцуулсаар байгаа. Тэгвэл энэ удаа бог малын өлөн гэдэс боловсруулж, дотооддоо болон гадаадад нийлүүлдэг үйлдвэр болох “Арслан бар” ХХК-ийг танилцуулахаар зорилоо. Тус компанийн захирал О.Цэнгэлтэй ярилцсан юм.
-Яагаад заавал өлөн боловсруулах үйлдвэр байгуулах болсон бэ?
-Би өлөн боловсруулах үйлдвэрээ 1998 онд байгуулж байсан. Байгуулахаасаа өмнө багшийн ажил хийдэг байлаа. Тэгсэн 1990-ээд оны зах зээлийн үеэр авч байгаа цалин маань амьдралын хэрэгцээнд хүрэлцэхээ болиод ирэхээр ямар ч үнэ цэнэгүй бог малын өлөн гэдсийг авч үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан түүхтэй. Тухайн үед монголчуудад дангаараа үйлдвэр байгуулаад, хөрөнгө оруулалт хийгээд, өндөрлөгт гарна гэсэн ойлголт байгаагүй. Гэхдээ малчдаас гэдэс аваад цаашаа өөр хүнд худалдахдаа дундаас нь 5-10 төгрөгийн ашиг олж, эдийн засгаа босгож байсан хүмүүс байсан. Тэгээд хүмүүс нэгээс авч нөгөөд худалдаж болоод байхад би ч бас оролдоод үзэх хэрэгтэй гэж бодон хийж эхэлсэн. Ингэж л үйлдвэрийнхээ анхны гарааг эхэлж байсан юм.
-Хүнд хэцүү үе тохиолдож байв уу?
-Байлгүй яахав. 1990-ээд оны үед бог малын өлөн гэдсийг иднэ, эсвэл хаяна уу л гэхээс авчраад өгдөг хүн их ховор байлаа шүү дээ. Харин одоо бол өлөн гэдсийг иддэг хүн ч ховор болж. Дээрээс нь зах дээр худалддаг хүмүүс ч олширсон байна. Гэхдээ 1998 оноос мал ч хямд байсан болохоор өдөрт орж ирэх өлөнгийн тоо 1000-аас буудаггүй байсан. Ингэж явсаар 1999 оны тавдугаар сарын 18-нд миний боловсруулсан өлөнг анх удаа Герман хүн хүлээж авч байсан.
-Үйлдвэрээ явуулж эхлэхдээ хэдэн ажилтантай байсан бэ?
-Анх эхэлж байхдаа 50 гаруй ажилтантай байсан. Гэхдээ маш хурц үнэртэй учир өлөнгийн үйлдвэрийн нөхцөлд ажиллах хүсэлтэй боловсон хүчин их ховор юм билээ. Цалингаар л тогтоож барихгүй бол хэцүү шүү дээ.
-Боловсруулсан өлөнг багцалж худалдаалдаг юм байна. Нэг багцад хэдэн метр өлөн байдаг вэ?
-100 метр өлөнг нэг багцад багтаадаг. Үүнд хонины дөрвөн гэдэс эсвэл ямааны 8-10 гэдэс ордог.
-Тэгээд одоо өлөнгөө хаашаа нийлүүлдэг вэ?
-Манай улсын бог малын өлөн гэдсийг Хятад, Япон, Араб зэрэг олон орон сонирхож байна. Харин манайх үйлдвэрлэлээ явуулсан цагаас эхлэн Голланд улстай хамтарч ажилласаар ирсэн. Ер нь гаднаас валют оруулж ирдэг энэ төрлийн үйлдвэрүүдийг сайн дэмжиж чадвал заавал гадаадын хөрөнгө оруулалт гэлтгүй тодорхой хэмжээний валютын урсгалыг нээж чадна гэж боддог.
-Үйлдвэрлэл эрхлээд нэлээд олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хэр ахиц дэвшил гарсан бэ?
-Энэ олон жилийн хугацаанд стандарт ямар байх ёстой вэ, хаана хадгалах ёстой вэ гэдгийг мэддэг болж, хэрэгжүүлж чадаж байна. Түүгээр ч барахгүй бог малын өлөн гэдсээс гарч байгаа өнгөр буюу хаягдлыг боловсруулах хэмжээнд хүрч байна.
-Төр засгаас хэрэгжүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого эзэндээ хүрч ажиллаж чадаж байна уу?
-Бидэнд юу хэрэгтэй, хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байна уу гээд төр засгаас биднийг их анхаарч үзэж байдагт баярлаж явдаг. Мөн бидэнд 8.0 хувийн хүүтэй зээл олгох талаас нь тусалж, дэмжиж байгаа нь талархууштай. Бас бид төрдөө хэрэгтэй үйлдвэрлэл явуулаад байгаа гэж өөрсдийгөө бодож байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадаас валют оруулж ирж байна, 20 гаруй өрхийг тэжээж байна.
-Таны хэтийн зорилго юу вэ. Үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлье гэж боддог вэ?
-Өлөн гэдсийг автомат дөрвөн үе шат, дамжлагад оруулаад гаргахаар өлөн гэдэс маш цэвэрхэн, цагаан болж гарч ирдэг. Манайх тэр түвшинд хүрэх арай болоогүй байгаа ч цаашид хүргэхийн төлөө хичээж ажиллана гэж бодож байна.
-Үүнд судалгаа хийж үзэв үү. Хэчнээн төгрөгийн төсөв шаардагдах бол?
-Судалж үзсэн. Ийм төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд 200-400 сая төгрөг шаардлагатай болж байгаа юм билээ.
“Арслан бар” ХХК-ийн захирал О.Цэнгэл - 99432187