Монголчууд бид казах үндэстний хоолыг каз хэмээх хоолоор андахгүй мэднэ. Каз нь адууны мах болон малын нарийн гэдсээр хийгддэг. Казыг хэр баргийн хүн хийж чаддаггүй өвөрмөц амттай хоол юм. Ийм ч учраас эрт үеэс казах болон түрэг гаралтай бусад ард түмнүүдийн уламжлалт зоогийн нэг байсаар ирсэн казахын үндэсний баяр болох Наурызын баярын хамгийн том идээний дээжүүдийн нэг болдог аж. Мөн түүнчлэн каз нь цэвэр экологийн байгалийн бүтээгдэхүүн юм байна.
Иймдээ ч “Масс агентлаг”-аас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “Акбоар” ХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна. Энэхүү компани нь каз үйлдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад таван жилийн нүүрийг үзэж байгаа юм. Ингээд тус компанийн захирал К.Айгүлтай ярилцлаа.
-Яагаад заавал энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх болсон бэ?
-Би хамгийн анх 2008 онд талх, чихрийн үйлдвэрийг байгуулж байсан. Тэр үед надаас гадна ганцхан хүн л ажилладаг байлаа. Тэгээд казах түмний үндэсний хоол болох казыг хийе гэж бодоод 2009 оны сүүлчээр 2010 оны эхээр үйлдвэрээ байгуулсан. Тэгэхэд төрөөс олгодог зээл тусламжинд хамрагдах боломж бололцоо бага байсан учраас арилжааны банкнаас 50 сая төгрөгийн өндөр хүүтэй бизнесийн зээл аваад үйлдвэрийнхээ байрыг барьж байсан юм. Дараа нь Казахстан улсаас шаардлагатай тоног төхөөрөмжөө авчирч байлаа.
-Хүндрэл бэрхшээл багагүй гарч байсан байх?
-Маш хэцүү байсан. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ гаргасны дараа дэлгүүрүүдэд худалдаалах гэхээр зарагдсаны дараа мөнгөө ав гэдэг байсан. Дараа нь Өлгий сумын Хөгжүүлэх сангаас зээл аваад байраа өргөтгөөд, нэмж адуу авсан. Гэхдээ энэ байрыг маань стандартад нийцэхгүй, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг ч мөн адил хоцрогдсон гээд, өөр байранд нүүх гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байна.
-Үнэ ханшийн хувьд хэр вэ?
-Анх үйлдвэрээ байгуулж байхад казын үнэ хямд байсан юм. Ойролцоогоор 1000-1500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин адууны махны үнэ нэмэгдэхээр дагаад үнэ нь өсчихдөг. Одоо бол 300 грамм каз 5000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог хямд хүүтэй зээлд хамрагдаж байсан уу?
-Огт хамрагдаж байгаагүй. Хамрагдах гээд төсөл бичиж үзсэн ч дэмжигдээгүй. Угаасаа арилжааны банкны шаардлагад тэнцэх хэцүү юм билээ. Эхлээд хөрөнгийн баталгаа гэж байснаа дараа нь санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гээд буцаад л явуулдаг. Тиймээс банкны шаардлагыг бага зэрэг уян хатан болгож өгөөч гэж төр засгаас хүсмээр байна.
-Ачаалал их байдаг уу?
-Зуны улиралд жуулчид ирэхээр захиалга ихэсдэг. Заримдаа ачааллаа ч дааж чадахгүй үе гардаг.
-Ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Ажилчдынхаа тоог нэмж, стандартад нийцсэн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжтэй болохоор л зүтгэж байна даа.
“Акбоар” ХК-ийн захирал К.Айгүл - 99429394