Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум
Цонх бол гэрэл гэгээ түгээгч. Айл гэрийн хамгийн чухал зүйл бол мэдээж цонх юм. Тэгвэл Бат-Өлзий сумынхаа вакум цонхны хэрэглээг бүрэн хангадаг “Мөнхнаран цацралт” вакум цонхны үйлдвэр өдгөө үйл ажиллагаагаа явуулаад таван жилийн босгыг алхаж байна. Сумынхаа 200 гаруй айлын вакум цонхыг хийсэн тэд өвөлдөө тэдгээр айлуудаа эргэж, засвар үйлчилгээ явуулдаг аж.
- Яагаад заавал вакум цонхны үйлдвэр сонгон эрхлэх болсон бэ?
- Би өмнө нь барилгын компанийн цонхны үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд суманд маань зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрийн нэг хэмээн бодсоны эцэст 2010 оноос энэхүү вакум цонхны үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн.
- Одоо хэчнээн хүн ажиллаж байна. Ер нь захиалга хэр байна?
- Тогтмол гурван хүн ажиллаж байна. Байгуулагдаад таван жилийн нүүр үзсэн болохоор сумын бүх иргэд харьцангуй мэддэг болж, түүнийхээ хэрээр захиалга ч сайн байдаг шүү. Ер нь зуны гурван сардаа тасралтгүй захиалгатай ажиллаж байдаг.
- Өдгөө хэчнээн айлын цонхыг вакумжуулсан бэ. Мөн түүхий эдээ хаанаас авч байна?
- Нэг айл таван цонхтой гэж бодохоор өдгөө 200 гаруй айлын мянга гаруй вакум цонхыг хийгээд байна. Түүхий эд материалын хувьд сайн чанарынх учраас цантах ч юм уу, ямарваа нэг асуудал гардаггүй. Цонхны засварын ажлыг тухай бүрт нь очиж хийж гүйцэтгэдэг. Мөн манайхаар үйлчлүүлж, цонх хийлгэсэн бүх айлууддаа өвлийн улиралд очин шалгаж, засвар хийх зүйл байвал засдаг.
- Вакум цонх хийлгэсэн айлуудаас янз бүрийн гомдол, санал ирж байв уу?
- Байгуулагдаад таван жил болсноос хойш тийм асуудал одоогоор гараагүй байна. Цаашид ч ямарваа нэг санал, гомдолгүйгээр ажиллана. Ер нь Бат-Өлзий сумынхаа хамгийн итгэлтэй, найдвартай бүтээгдэхүүн хангагчдын нэг болж чадсан. Манайх бүтээгдэхүүндээ 2-3 жилийн баталгаа өгдөг.
- Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ямарваа нэг зээл, тусламжид хамрагдаж байв уу?
- Сум, орон нутгийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас зээл авсан. Түүгээрээ одоогийн багаж, тоног төхөөрөмжөө авсан. Харин одоо ажлын байрны асуудал бидэнд гол тулгамдаад байна. Бидний байрлаж буй одоогийн энэ байр маань түрээсийнх учраас үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй байдаг. Мөн тоног төхөөрөмжөө ч шинэчлэх шаардлагатай байгаа.
- Автомат тоног төхөөрөмжтэй болчихвол ажлын бүтээмж ч өндөр болоод ирэх байх даа?
- Тийм. Нэгэнт зориглоод бизнес эрхэлсэн юм чинь цаашид энэ бүгдийг цогцлоож, өөрсдийн гэсэн байртай болж, тоног төхөөрөмжөө ч бүрэн автоматжуулах зорилт тавин ажиллаж байна.
- Ер нь энэ чиглэлийн бизнесийг сум орон нутагтаа эрхлэхэд хэр боломжийн байна?
- Сумандаа анхдагч, дээрээс нь одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа вакум цонхны ганц үйлдвэр болохоор боломжийн байдаг шүү. Вакум цонх хийлгэхийн тулд ойролцоох аймаг болон хотоос захиалах шаардлагагүй болж, тээврийн зардлаа ч хэмнэж байгаа юм.
- Бат-Өлзий суманд монгол гэртэй айл ховор юм шиг санагдлаа. Тэгэхээр шинээр байшин барьсан айлууд бүгд л танайхаар үйлчлүүлж байна уу?
- Тийм. Бүгд манайхыг сонгож хийлгэдэг. Суманд байдаг ганц үйлдвэр ч гэлээ хэрэглэгчдийнхээ итгэлийг алдалгүй өдий таван жил болж байгаа маань ч үүнтэй салшгүй холбоотой.
- “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай үйлдвэрийг зориод ирсэнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Орон даяар ажиллаж буй танай төслийн багийн хамт олонд юун түрүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бидэн шиг сумандаа үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагууд тэр болгон сурталчлуулаад байж чаддаггүй. Тиймээс танай төслийн баг хамт олон манай үйлдвэрт ирж, бидний үйл ажиллагааг орон даяар сурталчилж өгч байгаад маш баяртай байна. Та бүгдийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Цаашид илүү олон баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаарай.
Утас: 88216912
Д.Тэмүүлэн