Монголын хүнсний зах зээлд Стандарт ёотон, Хатан хийцтэй цай, Арвайтай цай зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэзээний танил болсон "Гэрэлт шонхор" ХХК 2011 онд байгуулагджээ. Тус компанийг үндэсний баялаг бүтээгчээр онцолж байна.
"Гэрэлт шонхор" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Мөнхзаяа
-Гэрэлт шонхор компаниа анх хэрхэн байгуулж байв?
-Анх дүүтэйгээ нийлээд ёотон хэвлэх гар машин зохион бүтээж, туршиж үзсэний үндсэн дээр холбогдох байгууллагуудаар шалгуулж, үйлдвэрийн зөвшөөрлөө авч байлаа. Тухайн үед гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг яагаад өөрсдөө хийж болохгүй гэж бодсоны үндсэн дээрээс үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Удалгүй Стандарт ёотон маань дэлгүүрийн лангуун дээр өрөгдөж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан. Энэ хэрээр үйлдвэрээ өргөжүүлж, анх гар ажиллагаатай өөрсдийн бүтээсэн машинаар ёотонгоо хийдэг байсан бол одоо өдөрт 2,5 тонн сахар боловсруулах хүчин чадал бүхий хагас автомат машинаар үйлдвэрлэлээ явуулж байна. Өнөөдрийн байдлаар хоногтоо нэг тонн сахар боловсруулж 200гр, 400гр, 900 граммын савалгаатай болон 500 граммын савалгаатай хэлбэртэй ёотонгуудыг худалдаанд гаргаж байна. Ёотон үйлдвэрлэхэд 120-140 градуст халаадаг учраас сахар хэлбэрээр хэрэглэхээс илүүтэй хүний биед хор багатай байдаг.
-Танайх ёотонгоос гадна хэдэн төрлийн цай үйлдвэрлэдэг гэсэн?
-Ганцхан ёотон үйлдвэрлэх нь үйлдвэрийн цаашдын хөгжилд хангалтгүй байсан учраас өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалгаа хийж эхэлсэн. Гэтэл ээж маань өвөг дээдсээс уламжилж ирсэн технологиор цай үйлдвэрлэвэл ямар вэ гэсэн санал гаргасны дагуу бид арвайтай хийцтэй цайг анх гаргаж ирсэн. Хаан цай гэж байхад яагаад Хатан цай гэж байж болохгүй билээ гэж бодсон учраас шууд халуун усанд хийж хэрэглэж болох арвайгаар амталж хийцэлсэн цайгаа үйлдвэрлэж эхэлсэн юм.
Анхандаа хэрэглэгчдэд танигдаагүй шинэхэн бүтээгдэхүүн учраас борлуулалт тийм ч сайн байгаагүй. Тэгсэн ч шантралгүй зах худалдааны төвүүдээр явж, амталгаат худалдаа хийж, үнэгүй тарааж, уйгагүй зүтгэсний хүчинд өнөөдөр өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадлаа. Хүмүүст ч амт чанар нь таалагдаж эхэлсэн. Арвай цайны үндсэн технологи бол эцэг дээдсээс минь өвлөн ирсэн. Түүн дээрээ түшиглээд уламжлалт технологи ашиглан анх энэхүү цайгаа гаргасан маань өнөөдөр өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж, бүтээгдэхүүнийг маань нийслэл, хөдөө орон нутаг гэлтгүй хилийн чанадад амьдран суугаа монголчууд маань ч ихээр захиалж хэрэглэдэг болсон.
-Үйлдвэрээ байгуулахдаа санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулсан бэ?
-Санхүүгийн хувьд өөрсдийнхөө нөөц бололцоо, ах дүүгийнхээ хөрөнгө мөнгийг барьцаалж банкнаас зээл авч үйлдвэрээ байгуулж байсан. Ер нь л зээлээр үйлдвэрээ босгосон. Хамгийн сүүлд 2013 онд Турк болон БНХАУ-ын Гуанжу хотоос тоног төхөөрөмж оруулж ирсэнээр үйлдвэр хагас автомат техниктэй болсон. Өнөөдрийг хүртэл бид улсын ямар нэгэн зээл тусламжид хамрагдаж байгаагүй бөгөөд өөрсдийн боломж бололцоон дээрээ тулгуурлан үйлдвэрээ өдийн зэрэгтэй авч яваа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө гэсэн журам байдаг ч манай үйлдвэрийн тоног төхөөрөмж тухайн жагсаалтад байдаггүй юм билээ.
Төр засагт хандаж хэлэхэд хөнгөлөлттэй зээл, гаалийн татварын асуудлаа үйлдвэрлэл эрхлэгчдэдээ илүү ойртуулж, яг хийж бүтээж байгаа бидэнд хүртээмжтэй байлгаасай л гэж хүсэж байна.
-Түүхий эдээ хаанаас бэлтгэдэг вэ?
-Хэрэглэгчдэдээ эх орныхоо цэвэр түүхий эдээр бэлтгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх нь бидний нэг том зорилго. Тийм ч учраас цайныхаа үндсэн түүхий эд болох арвайгаа Өвөрхангай, Хөвсгөл болон Жаргалантын сангийн аж ахуйгаас авдаг. Жилдээ 40 гаруй тонн арвай буудайгаар өвөг дээдсээс уламжилсан технолгийн дагуу бэлтгэдэг Арвайтай ногоон цай болон Хатан хийцтэй цайг өдөртөө тус бүр 200 кг-ийг үйлдвэрлэдэг. Харин ёотонгоо чихрийн нишингээс гаргаж авдаг Финлянд сахараар хийдэг. Ёотон үйлдвэрлэхэд 120-140 градуст халаадаг учраас сахар хэлбэрээр хэрэглэхээс илүүтэй хүний биед хор багатай байдаг. Гэрэлт шонхор ХХК-д 10 гаран хүн ажилладаг.
-Цаашдын зорилгоо тодорхойлохгүй юу?
-Юуны өмнө одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ илүү олон хэрэглэгчдэд хүргэж, цаашдаа бүтээгдэхүүнийхээ төрөл, хэмжээг нэмэгдүүлж монголын хүнсний үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болохыг л хүсэж байна. Түүнийхээ төлөө ч ажиллах болно.