Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум
“Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярын санаачилсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд нийслэл хот цаашлаад сум, орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжин ажиллахаар төслийн баг Өвөрхангай аймгийн сумдад ажиллав. Тэгвэл бидний дараагийн зочилсон сум бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан.
Тус сум нийслэлээс 447 км, аймгийн төв Арвайхээр хотоос 47 км зайтай. Хангай говь хосолсон уур амьсгалтай бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар, мөн түүх соёлын ач холбогдол бүхий газар олонтой нутаг юм.
Тус сумын үүх түүхээс цухас дурьдахад, БНМАУ-ын VI их хурлын шийдвэрээр 1931 оны дөрөвдүгээр сард Мөнх булаг, Шадав булаг хэмээх жижиг сумдыг нэгтгэн Зүүнбаян-Улаан сумыг Онгийн голын хөвөөнд анх байгуулж байсан түүхтэй аж. Өдгөө зургаан багтай, 2700 км.кв нутаг дэвсгэрт 1268 өрхийн 4000 гаруй хүн аж төрөн байна. Нийт малын тоо толгой 142 мянга хүрсэн нь аймагтаа дээгүүрт ордог аж.
“Баялаг бүтэгчдийг дэмжинэ” төслийн багийн гол зорилго тус сумын баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийг сурвалжлан алдаршуулах юм. Өдгөө тус суманд хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, барилга, худалдаа гээд 30 гаруй хувийн үйлдвэрүүд тогтмол үйл ажиллагаагаа явуулж, сумынхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гол тулгамдаж буй асуудал нь зээлийн хугацаа богино байдгийг онцолсон. Баялаг бүтээгчид зээлээ хугацаандаа төлөөд дуусдаг ч бүтээгдэхүүнээ хангалттай эргэлдүүлж чаддаггүй гэдгээ мөн хэлж байлаа.
Бид тус сумаас төлөөлөл болгож мал аж ахуй, хүнсний, ахуй үйлчилгээний гэсэн дөрвөн төрлийн бизнес эрхлэгчдийг сурвалжилсан юм.
Төслийн багийн сурвалжлахаар зорьж очсон эхний үйлдвэр “Итгэлийн алхам бүл” байлаа. Анх нэг сая төгрөгөөр эсгий эдлэл, сур, суран бүтээгдэхүүн хийж бизнесийн гараагаа эхэлсэн “Итгэлийн алхам бүл” –ийн гэр бүлийн хоёр өдгөө сумдаа төдийгүй аймаг, нийслэлийн үзэсгэлэн худалдаанд оролцож олон үйлчлүүлэгчтэй болжээ. Харин тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь ажлын байр бөгөөд цаашдаа ажлын байраа томруулбал бүтээгдэхүүнийхээ тоог ч олон болгоно хэмээн ярьж байлаа.
Цагаан сар, наадам, найрын саруудад ачааллаа дийлэхгүй хонож ажилладаг тэд сумынхаа брэнд болж хэдийн амжжээ
Дараагийн баялаг бүтээгчид бол 55-аас дээш насны бүсгүйчүүд. Хуучин ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан 55 –аас дээш насны зургаан бүсгүй нийлж бүл болон сумынхаа Бизнес хөгжлийн төвд “Ур чадвар” нэртэй оёдлын цех ажиллуулж байна. Цагаан сар, наадам, найрын саруудад ачааллаа дийлэхгүй хонож ажилладаг тэд сумынхаа брэнд болж хэдийн амжжээ. Өдгөө тэд захиалгын дагуу үндэсний дээл хувцас, эсгийгээр бойтог, ширдэг зэрэг олон зүйл хийхийн хажуугаар хүүхэд, залуучуудад мэдсэн сурснаа зааж өгдөг гэсэн.
Бидний зочилсон дараагийн баялаг бүтээгчид бол “Билэгт тайж хоршоо”. Сумынхаа сургууль, цэцэрлэгт сүү, тараг нийлүүлдэг тус хоршооныхон өдгөө 22 үнээтэй фирм байгуулаад хоёр жил гаруйн хугацааг үджээ. Угтаа бол Өвөрхангай аймгийн дөрвөн суманд сүүний үйлдвэр байгуулсаны нэг нь Зүүнбаян-Улаан суманд бий. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа нь тус фирмийн болоод иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа аж. Эрчим хүчний шугам татаагүй, бохирын цооног ойрхон гэх асуудлаас болж өнөөг хүртэл ажиллахгүй байгаа сүүний үйлдвэр ашиглалтад орвол борлуулалтанд санаа зовнихгүй болно гэдгийг хэлж байсан юм.
Сумынхаа сургууль, цэцэрлэгт сүү, тараг нийлүүлдэг тус хоршооныхон өдгөө 22 үнээтэй фирм байгуулаад хоёр жил гаруйн хугацааг үджээ.
Энэ мэтчилэн Зүүнбаян-Улаан сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгамдаж буй асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж өгөхийг холбогдох хүмүүсээс хүсэж байсан.
Д.Тэмүүлэн