Улсын хөгжил сумаас эхэлдэг гэдэг. Тэгвэл 20 гаруй өрхөд ажлын байр бий болгож буй Хархорин сумын Бизнес хөгжлийн төвөөр “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг зочиллоо. Нийт 13 өрөөнд 20 гаруй бизнес эрхлэгч төрөл бүрийн үйлдвэрлэл явуулж, сумынхаа болоод цаашлаад бусад аймаг, сумын хэрэгцээг хангаж байна.
Хархорин сумын Бизнес хөгжлийн төвийн дарга О.Ганзориг: Бизнес хөгжлийн төв бий болсноор ажлын бүтээмж өндөр болсон
Утас: 99066520
- Бизнес хөгжлийн төвийг хэзээ байгуулсан бэ?
- Засгийн газраас хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд бүх суманд Бизнес хөгжлийн төв байгуулах болсон. Манай төв 2012 оны наймдугаар сарын 22-нд улсын бүртгэлийн гэрчилгээгээ аваад орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болж байгуулагдсан. Хархорин сумын бизнес хөгжлийн төвийн байр нь хоёр давхар, 300 м.кв бүхий 13 өрөөтэй, нийт 23 түрээслэгч ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
- Ихэвчлэн ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна?
- Оёдол, гэрэл зураг, компьютер засвар, гутал засвар, үсчин гоо сайхан зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
- Жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулах нь ямар давуу тал бий болгож өгч байна вэ?
- Нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг нэг байшингаас олон үйлчилгээг зэрэг авах боломж өгч байгаа юм. Жишээ нь иргэд ирээд цээж зургаа авахуулахын хажуугаар хувцсаа хасуулаад, гутлаа засуулчих боломжтой юм.
- Түрээсийн хувьд?
- Маш хямд түрээсээр иргэдээ ажлын байраар хангах зорилготойгоор анх байгуулагдсан учраас одоо ч хямд түрээстэйгээр түрээслэгчдээ ажиллуулж байна.
- Бизнес хөгжлийн төв байгаагүй үед үүнтэй адил ажлын байр танай суманд байсан уу?
- Хуучин ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан оёдолчид, гутал засварчид бүгд л гэрээрээ хийдэг байсан. Тэгээд ийм байртай болсноор ажлын бүтээмж өндөр болж, түүнийхээ хэрээр захиалга ч их авдаг болсонд нь их баяртай байна.
Бизнес хөгжлийн төвийн түрээслэгч “Өлзий утас бүл” оёдлын цехийн дарга Ш.Дашцэрмаа: Ганцаараа үйлдвэрлэл эрхлэхэд гараас юм гардаггүй
- Та хэзээнээс Бизнес хөгжлийн төвд ажиллах болсон бэ. Ямар үйлдвэрлэл явуулж байна?
- 2013 оны нэгдүгээр сард анх Бизнес хөгжлийн төвд орж ирсэн. Хуучин ажиллаж байсан байр маань маш хүйтэн байсан л даа. Мэдээж ажлын байр тухтай, дулаан орчин байх шаардлагатай шүү дээ. Тэгээд л энд ирсэн. Оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад есөн жил болж байна. Монгол, европ зэрэг бүх төрлийн хувцас оёдог.
- Бизнес хөгжлийн төвд ажлаа явуулахад давуу тал бий юү?
- Хуучин ажлын байртайгаа харьцуулаад үзэхэд төвлөрсөн газар болохоор ашиг орлого нь ч илүү, олон ч үйлчлүүлэгчтэй болсон. Дээрээс нь тав тухтай, өвөл нь маш дулаахан шүү.
Өмнө нь гэрээрээ оёдол хийдэг байсан бол энэ удаа олон өрх нийлж бүл байгуулж ажиллаж байгаа юм байна?
- Тийм ээ. Ганцаараа байхад гараас юм гарахгүй шүү дээ. Тийм учраас айлын эзэгтэй нар хамтарч “Өлзий утас” бүлээ байгуулсан. Захиалга ихтэй баяр наадмын өдрүүдэд нэмэлт ажилчин авах ч шаардлага гардаг.
- Ер нь түрээсээ төлөөд цаашдаа сумандаа үйлдвэрлэл эрхлэхэд боломж бололцоо хэр байна вэ?
- Миний хувьд бол түрээсээ цаг тухайд нь төлөөд энэ эрчээрээ ажиллаад яваад байхад боломжтой гэж боддог.
Эсгий урлалын “Орхон бүл”-ийн ахлагч Ш.Цэрэндүгжир: Нэрийн дэлгүүртэй болохоор зорьж ажиллаж байна
Утас: 99044628
- Бизнес хөгжлийн төвд ороод хэдэн жил болж байна вэ. Ямар бизнес эрхэлдэг вэ?
- 2013 онд энэ байрандаа ороод өдгөө хоёр жил болж байна. Харин эсгийний бизнесээ эрхлээд есөн жил болж байна.
- Эсгийгээр хэчнээн төрлийн, ямар бүтээгдэхүүн хийж байна?
- 2-3 төрлийн гутал, арван төрлийн гэрийн углааш хийж байна. Зун нь жуулчдад зориулсан жижиг сувинер маягийн зүйл хийдэг.
- Биснес хөгжлийн төвийн байранд ирэхээсээ өмнө хаана үйлдвэрлэлээ явуулж байв аа?
- “Дэлхийн зөн” байгууллагын байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгээд сумынхаа Бизнес хөгжлийн төвийн байранд ирснээр маш олон давуу тал бий болсон. Дулаан тохилог орчноос гадна бизнес эрхлэгч бидний гол зүйл болох худалдан авалт ч сайжирсан. Тиймээс Хархорин сумын бүх иргэд л биднийг мэддэг болсон доо.
- Цаашдаа ямар зорилготой ажиллаж байна?
- Бага ч гэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас өсөн дэвшихийг бодолгүй яах вэ. Тиймээс “Хархорины үйлдвэрлэгч” гэсэн дэлгүүртэй болохыг маш их хүсдэг.