“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн “Өлзий хээтэй цох” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь гэрийн модыг иж бүрнээр нь үйлдвэрлэж, үндэсний хээгээр эрээлдэг юм.
“Өлзий хээтэй цох” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баасанжав гэх шавилхан биетэй шулуун яриатай эмэгтэй биднийг угтан авсан юм. Тэрбээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат бөгөөд хонгор нутгийн бэр болж ирээд гэрийн цагаан бүрээс оёж цехийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байжээ.
Зах зээлийн нийгэмд шилжиж ардчиллын салхи үлээх үед цаашид хөл алдахгүй хэрхэн амьдрах ухааныг ижий нь түүнд заасан гэдэг. Өөрөөр хэлбэл алсын хараа, уран гарт ээж нь түүнд гэрийн цагаан бүрээс оёхоос эхлээд иж бүрэн гэр үйлдвэрлэж, эрээлэх аргыг зааж сургажээ. Тиймдээ ч Д.Баасанжав ээжийнхээ сургаснаар өнөөдрийг хүртэл гэрийн мод үйлдвэрлэхийн зэрэгцээ 15 хүнийг ажил амьдралынх нь гараанд хөтөлж явна.
Зах зээлийн нийгэмд шилжиж ардчиллын салхи үлээх үед цаашид хөл алдахгүй хэрхэн амьдрах ухааныг ижий нь түүнд заасан гэдэг
Д.Баасанжав ээжийнхээ сургаснаар өнөөдрийг хүртэл гэрийн мод үйлдвэрлэхийн зэрэгцээ 15 хүнийг ажил амьдралынх нь гараанд хөтөлж явна
Д.Баасанжав бидэнтэй ярилцаж байх зуур ажлын гараагаа хэрхэн эхэлж байснаа дурссан юм.
Тэрбээр ”Тухайн үед гэрийн бүрээсийг оёх ямбуу нь ховор байлаа. Гурилын уут залгаж гэрийн бүрээс оёх тохиолдол ч элбэг байсан. Гэвч бид шантарч хойш суулгүй өдөрт нэг хүн 10 гэрийн бүрээс оёдог байв. Гэвч цаашид гэрийн цагаан бүрээс оёх нь хангалтгүй санагдаж гэрийн модыг иж бүрнээр хийх хүсэлдээ хөтлөгдсөнөөр үйлдвэрлэлийн маань эхлэл тавигдсан юм” хэмээлээ.
Гэрийн цагаан бүрээс оёх нь хангалтгүй санагдаж гэрийн модыг иж бүрнээр хийх хүсэлдээ хөтлөгдсөн
Анх өрхийн үйлдвэрлэлээ халаасандаа таван төгрөггүй эхлүүлж байсныг бодвол Д.Баасанжав өнөөдөр нийгэмд хөлөө олж, олон хүнийг ажилтай орлоготой болгож бусдаар өөрийгөө хүрээлүүлсэн “баян” хүн болжээ. Учир нь тэрбээр ”Өргүй, өвчингүй, хүссэн ажлаа хийж байгаа би хамгийн баян хүн” хэмээн онцолж байсан юм.
Өргүй, өвчингүй, хүссэн ажлаа хийж байгаа би хамгийн баян хүн
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн цаашдын зорилго том. Д.Баасанжав зөвхөн үйлдвэрлэлээ өргөжүүлээд зогсохгүй Баянхонгор аймгийг Монгол Улсын жишиг аймаг болгохын тулд бие сэтгэл хүч хөдөлмөрөө дайчлан ажиллах болно гэлээ. Мөн энэхүү зорилгодоо хүрэхийн тулд “Бид гараа хумхиж суулгүй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж мэддэг чаддаг бүхнээрээ хувь нэмрээ оруулна” хэмээж байсан нь түүнээр өөрийн эрхгүй бахархах сэтгэлийг төрүүлж байлаа.
“Өлзий хээтэй цох” цех жилд 20-30 иж бүрэн гэр үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд 500 гаруй гэр хийж олон түмэнд борлуулжээ. Мөн өнгөрсөн жил болсон Ламын гэгээний зочид төлөөлөгчдийг хүлээж авахад 200 монгол гэрийг тус цехээс бэлдэж өгсөн байна. Тэд үйлдвэрлэсэн гэрийн модоо хийц загвараас нь шалтгаалж 850 мянгаас 1.2 сая төгрөгөөр борлуулдаг аж. Түүнчлэн тэд монгол гэрийг сэргээн засварлах үйлчилгээг ч хийдэг юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ихэвчлэн санхүүгийн бэрхшээл тулгардаг. Баасанжав 2012 онд 30 сая төгрөгийн зээл авчээ. Харин үйлдвэрлэл нь өдөр ирэх бүр өргөжин тэлж буй тус цехийн хамт олон зээлээ төлж дуусахад цөөхөн сар үлдсэн байна.
Мөн тэрбээр хэлэхдээ ”Дахин зээл авахгүй. Учир нь бид хөлөө олсон. Харин бизнесийнхээ гарааг эхлүүлж байгаа залуустаа боломж олгоё. Гагцхүү зээл эзнээ олоосой” хэмээж байлаа.
Бизнесийнхээ гарааг эхлүүлж байгаа залуустаа боломж олгоё. Гагцхүү зээл эзнээ олоосой
Дөрвөн үеэрээ гэр эрээлж буй Д.Баасанжавын хийж бүтээх чин хүсэл нь өнөө ч үргэлжилж буй. Тэрбээр цаашид аян замд авч явахад тохиромжтой жижиг монгол гэр үйлдвэрлэж дотооддоо болон гадаад руу нийлүүлэх зорилготой байгаа аж. Түүний зорьж буй үйл хэрэг удахгүй биелэлээ олж бидэнтэй шинэ санаа шинэхэн бүтээгдэхүүнтэй эргэн уулзах биз ээ.