Өвөрхангай аймаг Хархорин сум “Хангайн хөгжил хоршоо”
Монголчуудын сайн мэддэг ч тэр болгон ашиг тусыг нь мэддэггүй айраг буюу гишүүнэ ургамлыг эрүүл мэндийн талаас нь ашиглаж шүүс, чанамал үйлдвэрлэн худалдаалж буй “Хангайн хөгжил” хоршоог танилцуулж байна. 25 өрх айл нийлж, гишүүнээр бүтээгдэхүүн хийдгээс гадна 9.6 га газарт нарийн ногоо болон өргөн хэрэглээний хүнсний ногоо тариалж нутгийн иргэдээ хангадаг байна.
“Хангайн хөгжил хоршоо”-ны тэргүүн П.Хатанболд: Айраг ашиг тус ихтэй гайхалтай ургамал
Утас: 88685259, 99248806
- Танай хоршоо ер нь ямар зорилго тавьж ажилладаг вэ?
- Манай хоршооны 25 өрх нийлж, ногоо тарьж, орон нутагтаа нийлүүлээд зогсохгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ногоогоо боловсруулах буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Мөн өргөн хэрэглээний ногооноос гадна хүмүүсийн тэр болгон хэрэглээд байдаггүй нарийн ногоо тарьж, ургуулдаг. Жишээ нь хулуу, тарвас, салатны байцаа зэргийг тарьж байна. Эдгээр ногоогоор чанамал хийн, дарж боловсруулан хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна.
- Айраг буюу гишүүнийг боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байгаа гэл үү?
- Тийм. Бид өмнөх жил ярьж, төлөвлөсөн ажлаа энэ жилээс хэрэгжүүлж хүн болгоны мэдэх айраг буюу гишүүнэ ургамлыг ашиглаж бүтээгдэхүүн гаргаж эхэллээ. 6-9-р сарын хооронд байгальд ургаж, ашиглагдахгүй шахам байдаг энэхүү ургамлыг бид түүж цэвэрлээд, шүүс, чанамал зэргийг гаргаж эхлээд байна. Айрагны чанамал маань хоёр төрлийнх байгаа. Айраг хэмээх ургамал маань өөрөө иш нь улаан болон ногоон гэсэн хоёр хэсэгтэй. Үүгээр нь хоёр өөр төрлийн чанамал гаргаж байна. Айраг хүний эрүүл мэндийг маш их дэмждэг. Тиймээс хорт хавдрын анхан болоод дунд шатанд олон янзаар хэрэглэж байна. Мөн чихрийн шижин өвчинд маш тустай гэдэг нь анагаахын шинжлэх ухаанаар нотлогдчихсон байдаг. Дээрээс нь энэхүү ургамлаас шүүс гарган авч байна. Монголоос өөр газар бол энэ ургамлыг маш өргөн хэрэглэж, төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Бид ч цаашдаа судалгаагаа илүү хийж бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөтгөх бодолтой ажиллаж байна. Энэ ажилд маань тусалж дэмжин ажиллаж байгаа хүмүүс олон бий.
- Үүний зэрэгцээ ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа болов уу?
- Тэгэлгүй яах вэ. Бид зүгээр нэг ногоо тариад суух биш, айраг хэмээх ургамлаа судлаад, үүгээрээ бүтээгдэхүүн хийж байгаа нь хоршооны бүх хүн биш юм аа гэхэд үүн дээр ажиллаж байгаа 2-3 өрхийн амьдралыг залгуулаад явж байна.
- Гишүүнэ буюу айраг хэмээх энэ ургамлыг яаж хадгалж нөөцөлдөг вэ?
- Бид одоогийн байдлаар тонн гаруй гишүүнэ нөөцлөөд бэлтгэчихсэн байна. Саяхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дээжийг нь явуулж шинжлүүлээд хариу нь ирчихээд байгаа. Тиймээс энэ есдүгээр сардаа багтаад чанамал, шүүс хоёроо худалдаанд гаргахаар зэхэж байна.
- Байгалиасаа зэрлэгээр нь түүгээд бэлэн бүтээгдэхүүн хийнэ гэдэг бас нэг давуу тал болов уу?
- Тийм. Хоршоодын гишүүд маань өөрсдөө явж түүдэг. Зохих хэмжээгээр түүж ирснийг нь гишүүдээсээ бид худалдаж авдаг юм. Тиймээс үүнээс гарч байгаа нь цэвэр органик бүтээгдэхүүн гэсэн үг юм.
- Үүнээс гадна танайх өөр ямар төрлийн бүтээгдэхүүн хийж байна?
- Манайх нийтдээ 15-16 нэр төрлийн ногоо тарьж байна. Нийт 9.6 га газар ногоо тарьж байгаагаас дийлэнх нь нарийн ногоо. Ногоогоо өөрсдөө хурааж авч, шууд борлуулалт хийж байна. Хулуу, лууван, өргөс хэмх, хүрэн манжин зэрэг ногоогоо даршилж, салат, шүүс хийн бүтээгдэхүүн гаргаж байна. Ер нь хүнсний ногоог ашиглаж болох тал бүрээс нь судалж эцсийн бүтээгдэхүүн хийдэг.
- Хулуу, лууван, өргөс хэмх, хүрэн манжин зэрэг ногоогоо даршилж, салат, шүүс хийн бүтээгдэхүүн гаргаж байна
“Хангайн хөгжил хоршоо”-ны дарга А.Нэргүй: Хоршоо болж ажиллах нь олон давуу талтай
- Хоршооныхоо үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
- Өмнө нь бид тус тусдаа тариалан эрхэлдэг гэр бүлүүд байсан. Тэгээд 2013 оноос хоршоо болж нийлсэн. Өрхийн тариалан эрхэлж байхад тоног төхөөрөмж байхгүй, гар ажиллагаатай, тус тусдаа гэх зэрэг олон бэрхшээл байсан л даа. Тэгээд санаа нийлсэн хүмүүс нийлж хоршоо байгуулж, үүнийг маань сум орон нутгийн удирдлага дэмжин техник тоног төхөөрөмжтэй болгох талаас нь туслалцаа үзүүлсэн. Үүний үр дүнд одоо бид арав гаруй төрлийн хүнсний ногоо тариалж байна.
- Арав гаруй төрлийн ногоо тарьснаар ямар дэвшилд хүрэв?
- Үүгээрээ хүнсний аюулгүй байдал буюу гаднаас ногоо оруулж ирэхийг таслан зогсоож чадсан гэж ойлгодог. Одоо бид өөрсдөө ногоогоо тарьж гадны ногоог хэрэглэхгүй байх гэсэн гол зорилготойгоор цаашид талбайгаа илүү өргөжүүлж, ногооны төрлөө ч нэмэгдүүлэхийг зорьж байна.
- Тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан хүмүүс нэгдэхээр ажлын бүтээмж өндөр болно биз?
- Өмнө нь тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан өрхүүд нэгдсэнээр хөдөлмөрийн бүтээмж ч өндөр болж, ургац арвин ажиллах нөхцөл бололцоо сайжирч байна. Биднийг хоршоо байгуулахад “Өрхийн тариалан” ТББ дэмжлэг үзүүлсэн. Үндсэндээ бид дөрвөн жил ажиллаж байгаад 2013 оноос хоршоо болж нэгдсэн. Үүнээс хойш өдөр ирэх тусам л үйл ажиллагаа маань өргөжиж, илүү туршлага хурааж байна даа. Хоршоо болсны давуу тал нь гэвэл орон нутгийнхаа хүнсний ногоог бэлдэхээс гадна хэрэгцээнийхээ хүнсний ногоог нөөцлөөд явах боломжтой болж байгаа юм. Тийм учраас биднийг хойшид залгамжлах залуу ногоочид шинээр гарч ирж байна.
ХХААЯ-ны Хоршоо дэмжих хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 20 сая төгрөг өгсөн.
- Ямар нэгэн зээл, тусламжид хамрагдаж байв уу?
- ХХААЯ-ны Хоршоо дэмжих хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 20 сая төгрөг өгсөн. Түүгээрээ бид жижиг оврын трактор, мөн усалгааны систем авч суурилуулсан. Мөн дахин боловсруулах жижиг төхөөрөмж, худалдаа үйлчилгээгээ явуулах ТҮЦ-тэй болсноор цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн.
- Д.Тэмүүлэн