Хүүхдийн хувцасны үйлдвэр манай улсад төдийлөн байдаггүй. Тэгвэл "Цагояа" хэмээх энэхүү үйлдвэр өрхийн бизнесээс өргөжин тэлж, өнөөдөр улсдаа татвар төлөгч, арав гаран хүнийг ажлын байраар хангасан үйлдвэр болж чаджээ. Д.Оюунчимэг захиралтай үйлдвэрийнх нь талаар ярилцлаа.
-Яагаад хүүхдийн хувцас хийх болов. Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?
-Би оёдлын үйлдвэрт технологич мэргэжлээр ажиллаж байгаад зах зээлд орсноос хойш гэрээрээ хувцас оёж зардаг байсан. Тэгээд анзаараад байхад хүмүүс тэр бүр хүүхдийн хувцас хийдэггүй байсан. Тэгээд судалж үзэхэд хямд үнэтэй нь чанар, хийц муутай эсвэл чанартай сайн нь хэт үнэтэй байсан учраас би ер нь эх орондоо хүүхдийн хувцсыг чанартай сайн үйлдвэрлье гэж бодсон учраас энэхүү үйлдвэрээ анх 2006 онд байгуулсан. Миний хамгийн түрүүнд оёж эхэлсэн бүтээгдэхүүн бол охидын кофт. Хийхэд нэг тийм гоё мэдрэмж төрдөг болохоор яаж хийвэл илүү хөөрхөн харагдах бол гэж нүдэндээ төсөөлж байгаад л хийдэг байсан. Тэгээд л түүнээсээ улбаалаад хослуулж өмсөх юбка, дүрэмт хувцас хийдэг болж, ер нь хөвгүүдэд ч бас хийх ёстой юм байна гэж бодсоны үндсэн дээр хөвгүүдийн цамц, хослол, өмд хийж эхэлсэн. Одоо үүн дээрээ нэмээд хүүхдийн үндэсний загвартай хувцас, нэхийгээр дээл куртка хийж байгаа.
Хүүхдийн хувцас хийхэд материалын сонголт их чухал байдаг. Гоё тод өнгөтэй байх ёстой гэхээсээ илүү чанартай, хүүхдийн биед харшлахгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан байх гэсэн гол шаардлага байдаг. Бид материалаа орос, хятадын улсын үйлдвэрээс татаж авчраад эндээ мэргэжлийн хяналтаар шалгуулж баталгаажуулж авдаг. Тийм ч учраас манай үйлдвэрийн бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй, чанартай, будаг гарахгүй, бөөсрөхгүй сайн талуудтай.
Монголдоо үйлдвэрлэсэн өнгө үзэмж, загвар сайтай хэрнээ үнэ хямд бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ хүргэх юмсан гэж л мэрийж байна даа.
-Танай үйлдвэрийн бүтээгдэхүүний загварыг хэрхэн гаргадаг вэ?
-Би хүүхдийн хувцасыг их судлана. Дэлгүүрт зарагдаж байгаа хувцасны загвар моодыг харна. Тэгж харахдаа загварын ерөнхий чиг хандлагыг харахаас гадна өөрийнхөө бүтээгдэхүүнд тэдгээр загварын жижиг деталийг хэрхэн оруулж өгвөл зүгээр юм гэдгийг харна. Тэрнээс зүгээр нэг хуулаад дууриагаад хийчихэж болохгүй. Мөн худалдан авагчдийнхаа санал хүсэлтийг ч загвартаа тусгаж өгдөг. Тийм ч учраас манай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс дутахааргүй загвар, чанартай байдаг. Бид бас энэ жилээс шинээр дизайнер авч байгаа. Шинэ төгсөж байгаа залуу хүн учраас илүү мэдрэмжтэй сайхан загваруудыг гаргаж ирэх болов уу гэж найдаж байна.
-Үйлдвэрт хэчнээн хүн ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?
-Одоогоор манай үйлдвэр 7-8 хүнтэй. Өдөрт ажлын найман цагаар ажилладаг. Уг нь хүн хүч байвал дор хаяж 50 хослол гаргах боломжтой ч одоогоор өдөртөө арван хослол гаргаж байна. Оёдлын үйлдвэрийн нэг онцлог бол дамжлагаар бүтээгдэхүүн бэлэн болдог. Цамц гэхэд гурван дамжлага дамжих жишээтэй. Бүх машинаа ажилууллаад ажиллах хүч хангалттай байвал бид өдөрт 200 цамц үйлдвэрлэх боломжтой. Ер нь хамгийн их ажиллагаатай хувцас эрэгтэй хүүхдийн гурван хос л байдаг юм. Тэрнээс бусад нь ажиллагаа багатай. Манайд ажиллаж байгаа оёдлын машинууд хамгийн сүүлийн үеийн комьпютержсэн машинууд байгаа. Борлуулалтаа захиалгаар болон хэд хэдэн цэгээр хийнэ. Манайх 6-9 сар гартал нэлээд их захиалгатай байдаг.
-Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ. Нийслэлийн баялаг бүтээгч тэр дундаа зөөлөн эдлэлийн үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээлтэй зүйл хэр их байдаг вэ?
-Борлуулалтаа захиалгаар болон хэд хэдэн цэгээр хийнэ. Манайх 6-9 сар гартал нэлээд их захиалгатай борлуулалт сайтай байдаг. Хамгийн том цэг маань Баянзүрх дүүрэгт байдаг "Шөнийн зах"-д байрладаг.
Зөөлөн эдлэлийн үйлдвэр эрхлэхэд хэцүү зүйл байхгүй ч үйлдвэр барих газрын асуудал л хамгийн том бэрхшээл болдог. Миний хувьд үйлдвэрийн байраа томруулах шаардлагатай байна. Одоо байгаа байр маань хуучин бидний амьдардаг байшин байсан учраас энэ хашаандаа томруулья ч гэсэн зай байхгүй. Гэтэл энэ байраа барьцаалж зээл авах гэхээр хөрөнгө хүрэхгүй байх нь хүндрэл үүсгэдэг. Би цаашдаа нэг сайхан зориулалтын үйлдвэрийн байртай болох юмсан л гэж хүсдэг дээ.