Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум
Ахуйн үйлчилгээний төвд өмнө ажиллаж байсан 55-аас дээш насны зургаан бүсгүй нийлж, сумынхаа Бизнес хөгжлийн төвд “Ур чадвар” нэртэй оёдлын бүл ажиллуулж байна. Цагаан сар, наадам, хурим найрын саруудад ачааллаа дийлэхгүй хонож ажилладаг тэдний бүтээгдэхүүн хэдийнэ сумынхаа брэнд болж амжжээ. Өдгөө тэд захиалгын дагуу үндэсний дээл хувцас, эсгийгээр бойтог, ширдэг зэрэг олон зүйл хийхийн хажуугаар хүүхэд, залуучуудад мэдсэн сурснаа зааж өгдөг аж.
-“Ур чадвар” оёдлын бүл нь хэчнээн гишүүнтэйгээр, хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Сайн байна уу. Юун түрүүнд манай сумыг зорьж ирээд бидний үйл ажиллагаатай танилцаж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Бид 2012 оноос эхлээд зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бүл болохоосоо өмнө бид гэрээрээ тус тусдаа оёдол хийдэг байсан бол өдгөө олноороо нийлж бүл болон ажилласнаар ажлын бүтээмжид ч эергээр нөлөөлж, хамт олонтой болж байна.
-Ямар бүтээгдэхүүн зонхилон хийж байна?
-Ихэвчлэн үндэсний хувцас хийдэг. Захиалгаар болон худалдаалах зорилгоор хийж гүйцэтгэж байна.
-Ямар нэгэн зээл тусламжинд хамрагдсан уу?
-Сум хөгжүүлэх сангаас биднийг дэмжиж есөн сая төгрөгийн зээл олгосон. Бид зээлээ хугацаанаас нь өмнө төлж дууссан. Энэ нь дээр хэлсэнчлэн олноороо бүл болж ажилласаны давуу тал юм. Гэхдээ зээлийн хугацаа богино. Гурван жил гэхээр материалын үнэ өсөж байгаа өнөө үед маш бага хугацаа юм. Үүнийг 4-5 жил болгож өгвөл бидэн шиг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд маш том дэм болно.
Бид ноосоороо бойтог, ширдэг зэрэг бүхий л төрлийн бүтээгдэхүүн хийдэг.
-Хэдий үеэр захиалга их орж ирэх вэ?
-Наадам, цагаан сар, хурим найрын үеэр захиалга эрс ихэсдэг. Энэ цаг үеэр захиалгаа дийлэхгүй илүү цагаар болон хонож ажиллах тохиолдол их гардаг шүү.
-Тулгамдаж буй асуудал юу байна?
-Дээр хэлсэнчлэн материалын үнэ өссөнөөс болж даавууны дутагдалд орох тохиолдол хааяа гардаг. Тэр үед бид ноосоороо бойтог, ширдэг зэрэг бүхий л төрлийн бүтээгдэхүүн хийдэг.
-Хэд орчим насны хүмүүс танай бүлд ажиллаж байна?
-Бүгд өндөр настан, тэтгэвэртээ гарсан хүмүүс бий. Дээд тал нь 70 нас хүрч байгаа хөгшин бий.
-Өмнө нь Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан хүмүүс нэгдсэн гэл үү?
-Тийм. Хуучин Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан учраас туршлагатай, ажлаа мэддэг, ачаалал даах чадвартай хүмүүс бий.
Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төсөл сургалт зохион байгуулагдаж, уг сургалтад хамрагдан, төслөөр дөрвөн оёдлын машин авсан.
-Ер нь сумандаа бизнес эрхлэхэд ямар асуудал тулгарч байна?
-Сумандаа үйлдвэрлэл эрхлээд, баялаг бүтээж байна гэдэг нь бидний бас нэгэн бахархал юм. Бизнес хөгжлийн төвд байр түрээслээд, нутагтаа байна гэдэг сэтгэл санааны хувьд ч маш өндөр, ажлын урам зоригтой байдаг.
-Тоног төхөөрөмжөө хэрхэн шийдсэн бэ?
-Өнгөрсөн онд ахуйн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төсөл сургалт зохион байгуулагдаж, уг сургалтад хамрагдан, төслөөр дөрвөн оёдлын машин авсан. Өмнө нь өөрсдөө хоёр оёдлын машинтай байсан. Тэгээд нийт зургаан машин, нэг хэрээсний машинтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай суманд ажиллаж байгаад та бүхэн ямар сэтгэгдэлтэй байна?
-Биднийг зорьж ирээд Зүүнбаян-Улаан суманд ямар баялаг бүтээгчид байна гэдгийг эрж хайж, сурталчилж өгч байгаад их баярлаж байна. Ямар ч байсан бид сумандаа баялгийг бүтээж, цаашдаа үйлдвэрлэлээ ч улам өргөсгөх урам зоригтойгоор ажиллаж байна.
Утас: 95822568, 99787069
Д.Тэмүүлэн