Өвөрхангай, Хужирт сум
Аав нь зөгийн аж ахуй, хүү нь мод үржүүлгийн ажил эрхэлж сумандаа баялаг бүтээж буй Хужирт сумын иргэдийг бид энэ удаа онцолж байна. Өвөрхангай аймагтаа мод үржүүлгийн анхны хувийн аж ахуй эрхэлж буй “Өгөөмөр шунхлай” ХХК өдгөө арав гаруй төрлийн модны суулгац тарьж, аймгийнхаа болоод цаашлаад нийслэл хотын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Мөн аймагтаа анхдагч зөгийн аж ахуй эрхэлж буй “Баянхангай нөхөрлөл”-ийн хамт олон хоёр сарын хугацаанд 50 бүл зөгийгөө 61 бүл болтол нь үржүүлж, 350 литр зөгийн бал хурааж худалдаанд гаргаад байна.
Утас:91018890, 89826023
- Хэзээнээс мод үржүүлгийн ажил хийх болсон бэ. Өмнө нь ийм ажил хийж байсан туршлага бий юү?
-Би 2002 онд МУИС-ийн ой судлалын анги төгссөн. Тэгээд 2010 оноос сумандаа мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шар хуайс, хайлаас, улиас, бургас, чацаргана, шинэс гэх мэт арваад нэр төрлийн 100 орчим мянган мод үржүүлж байна. Жилд 15 мянга орчим тарьц, суулгац зарж борлуулдаг. Нийт хоёр га газарт үйл ажиллагаа явуулж байна.
Манайх орон нутагтаа дасан зохицсон модыг үржүүлж, эндээ борлуулж байгаагаараа давуу талтай
- Үржүүлсэн модоо хаана борлуулдаг вэ?
- Манай үржүүлгийн газарт 6-7 хүн байнгын ажилладаг. Мөн үржүүлсэн модоо албан байгууллага, айл өрхүүдэд зарж борлуулдаг байгаа. Мөн Өвөрхангай аймгийн төв болоод бусад сумд руу нийлүүлдэг. Мөн 100 гаруй чацарганы мод тарьж, үржүүлдэг. Түрүү жил 500 кг чацаргана хураан авч сумынхаа сургууль, цэцэрлэгт нийлүүлсэн. Энэ жил мөн адил хураалтын ажил эхлээд байна.
- Мод үржүүлж ногоон байгууламж бий болгоно гэдэг маань өөрөө буянтай ажил шүү дээ. Танайхаас мод авч ногоон байгууламжаа бүрдүүлсэн ямар ямар газрууд байна вэ?
-Манайх орон нутагтаа дасан зохицсон модыг үржүүлж, эндээ борлуулж байгаагаараа давуу талтай. Холоос тээвэрлэж ирсэн суулгац амьдрах тал дээр муу байдаг. Тиймээс өөрийн орон нутгийн хөрс шороонд дасан зохицсон модыг үржүүлж, ойролцоох албан байгууллага болоод иргэдийн ногоон байгууламжийг бий болгосондоо баяртай байдаг.
- Танай суманд мод үржүүлгийн өөр газар бий юү?
- Өвөрхангай аймгийн хэмжээнд Хархорин, Бат-Өлзий, Хужирт гэсэн суманд мод үржүүлгийн газар байдаг. Харин яг хувийн хэвшлийн хэмжээнд гэвэл Хужирт суманд буюу манайд мод үржүүлэг явагдаж байгаа юм. Тиймээс сум, орон нутагтаа баялгийг бүтээж, тэр дундаа хэн бүхэнд хэрэгтэй ногоон байгууламжийг цогцлоож байгаадаа маш их баяртай байна.
“Баянхангайн нөхөрлөл”-ийн ахлагч Г.Цогбадрах: Хоёр сарын хугацаанд 350 л зөгийн бал хурааж авсан
Утас: 91860126
- Яагаад зөгийн аж ахуй эрхлэх болсон бэ?
- Хоёр жил гаруйн өмнөөс зөгийн аж ахуй хэрхэн эрхлэх талаар сургалтад суусан. Монголын зөгийчдийн нийгэмлэг, мөн Шаамарын МСҮТ-ийн зөгийн аж ахуйн тэнхимийн туслалцаагаар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зөгийний аж ахуй эрхлэх болсон. Зөгийн аж ахуй эрхлэх болсон шалтгаан маань бизнес эрхлэгчдэд санаа өгөх, мөн сумынхаа цаашлаад нийт иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүн, зөгийн балаар хангах гол зорилготой юм.
- Зөгий бал гаргахаас гадна өөр ямар ашиг тустай вэ?
- Манай Хужирт сум рашаан сувилал олонтой, эрт дээр үеэс анагаах ид шидтэй шавар, рашаан элбэгтэй байсан учраас зөгийний эмчилгээг давхар бий болгох хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүний тулд өөрөө эхлээд зөгий маллаж, үржүүлж сурснаар тэр эмчилгээний эхлэл суурийг тавьж, манайд байгаа рашаан сувиллын газруудад түгээж болох юм байна гэж бодсон.
- Зөгийгөө анх хаанаас авсан бэ?
- Манайд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас 50 бүл зөгий өгсөн. Ингэснээр бид дээр хэлсэнчлэн зөгий маллах сургалтад сууж, богино хугацаанд туршлагажиж байна. Энэ олж авсан мэдлэг, хийж байгаа үйл ажиллагаандаа тулгуурлаад анхныхаа зөгийн балыг долдугаар сард амжилттай авч, нийт 350 литр бал хураалаа. Одоо үүнийгээ савлаж өөрийн нэрийн барааны дэлгүүртээ худалдаалж байна. Цаашид энэхүү цэвэр зөгийн балаа сумандаа төдийгүй, аймаг, нийслэл хот руу нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
50 бүл зөгийгөө хоёр сарын хугацаанд 61 бүл болтол нь өсгөж чадсан. Хужирт сумандаа бид анхны зөгийн бүл байгуулсандаа баяртай байна.
- Танай нөхөрлөл хэдэн гишүүнтэй вэ. Зөгийн аж ахуй эрхлэх болсноор олон хүн ажлын байртай болсон болов уу?
- Тэгэлгүй яах вэ. Манай нөхөрлөл нийт арван гишүүнтэй. Гишүүд дунд маань тэтгэвэртээ гарсан хүн ч бий, залуу боловсон хүчин ч бий. Бүлгийн арван гишүүн маань өдгөө зөгийн аж ахуйн ажилдаа бүрэн гаршиж, 50 бүл зөгийгөө хоёр сарын хугацаанд 61 бүл болтол нь өсгөж чадсан. Хужирт сумандаа бид анхны зөгийн бүл байгуулсандаа баяртай байна.
Д.Тэмүүлэн