Орон даяар хэрэгжиж эхэлсэн Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр Монгол улсын 21 аймаг 80 гаруй сумыг тойрсон билээ. Тэгвэл нэг жилийн өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ирж байсан манай төслийн баг нэвтрүүлэгт оролцсон үйлдвэрүүдээрээ зочиллоо. Бидний очсон эхний үйлдвэр болох “Гурамт цахуул” компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд орон нутагтаа ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг юм. Тус үйлдвэрийн хувьд өдөрт таваас зургаан мянган ОО-ын цаас үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй төсөлд хамрагдсанаар олон нийтэд танигдаж өөр аймаг, сумдаас хүртэл захиалга авдаг болсон байна. Хамгийн сайн мэдээ нь гэвэл тус үйлдвэр Оюу толгой компанид сар тутам 20,000 цаас нийлүүлэхээр болж тоног төхөөрөмжөө хүртэл нэмэгдүүлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Гурамт цахуул ХХК-ийн захирал Д.Мөнхбат
-Танай үйлдвэрийн хувьд төсөлд хамрагдсанаар ашиг орлого нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн жил энэ төсөлд хамрагдсан. Мэ;ээж төслийн нэвтрүүлэгт оролцсоноор хүмүүс сайн мэддэг болсон. Одоохондоо ашиг харах арай болоогүйбайна. Өнгөрсөн жилийн өдийд ирж манай нэвтрүүлгийг хийж байсан бол өнөөдөр ингээд эргэж ирж байгаад үнэхээр баяртай байна.
-Танайх одоо хичнээн төрлийн бүтэгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Одоогоор нэг төрлийн ариун цэврийн цаас үйлдвэрлэж байна. Гэхдээ цаашдаа 2-3 төрлийн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Шинэ тоног төхөөрөмжөө авчраад бэлдчихсэн арай угсарч амжаагүй байна.
Хөдөө сумдуудаар өгдөг, аймгийн төвийнхөө хэрэгцээг бол бүрэн хангадаг болсон
- Бүтээгдэхүүнээ яаж борлуулж байна?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд борлуулалтын хэмжээ аажим аажмар нэмэгдсээр л байна. Хөдөө сумдуудаар өгдөг, аймгийн төвийнхөө хэрэгцээг бол бүрэн хангадаг болсон. Энэ жилээс Оюу толгой компанитай гэрээ хийгээд өчигдөрхөн 16,800 гаруй цаас ачуулчихаад байж байна.
-Санхүүгийн дэмжлэгээ хаанаас авсан бэ?
-Сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлж байна.
-Тулгамдсан ямар асуудал яг одоо байна вэ?
- Яг одоо үйлдвэрийн байр муутай л байна. Түүнээс гадна хамгийн гол зүйл бол борлуулалтын асуудал байдаг даа.
Бидний очсон дараагийн үйлдвэр бол “Түшмэл” ХХК-ийн “Ноён богд” модон эдлэлийн үйлдвэр юм. 2005 онд анх байгуулагдаж байсан ч 2010 онд үйлдвэрийн хэмжээнд очсон тус үйлдвэр 11 ажилтантай гэр, зөөврийн сууц, модон ор, сандал ширээ, гэр ахуйн тавилга хэрэгсэл үйлдвэрлэдэг юм байна. Түүнчлэн ирэх жилээс эхлэн шахмал түлшний үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
“Ноён богд” үйлдвэрийн дарга С.Цогт
-Сайн байна уу, Танай нутагт ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хичнээн хүн байдаг вэ?
-Байгаа байгаа. Манайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг гурван ч үйлдвэр бий. Гэсэн ч бид орон нутгийнхнийхаа хэрэгцээг хангаж л байвал болно доо гэсэн зорилготой л байдаг.
-Танай бүтээгдэхүүн өнгө үзэмжээрээ их аятайхан юм. Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Модон эдлэл, зөөврийн болон отрын орон сууц, гэрийн мод, шал, хана гээд хүний хэрэгцээг хангах бүхий д зүйлсийг үйлдвэрлэнэ.
-Үйлдвэрэлэл эрхлэгчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлтэй асуудлууд юу байна?
-Ер нь үйлдвэрлэл явуулахад хүндрэл гаралгүй яахав. Тэр болгонд ухарч няцаад байлгүй зөв арга замыг олжл ажиллаж байна.
Өнөөдөр энэ төсөл гарч ирээгүй байсан бол хэн, хаана, юу хийдгийг, юу хийж чаддагийг монголчууд маань мэдэж чадахгүй байсан шүү дээ
-Төр засгийн зүгээс үзүүлж байгаа ямар тусламж үйлдвэрлэл эрхлэгч та бүхэнд хүрч байгаа вэ?
- Төр засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрэхлэгчдээ бодлогын түвшинд дэмжээд л явж байхад болно доо.
-Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн талаар таны бодол ямар байдаг вэ?
-Энэ бол маш зөв зүйтэй зүйл хэрэгжиж байна. Манай үйлдвэр ч гэсэн өнгөрсөн жил энэ төсөлд хамрагдсан. Нэвтрүүлгээр дамжуулж маш их олонд танигдсан, сурталчилгаа болсон. Өнөөдөр энэ төсөл гарч ирээгүй байсан бол хэн, хаана, юу хийдгийг, юу хийж чаддагийг монголчууд маань мэдэж чадахгүй байсан шүү дээ.
-Та бол Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн газар тавилга үйлдвэрлэж байна. Орон нутгийнхаа иргэдийн амьдралын онцлогт таааруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байх. Тэгвэл танай онцлог давуу тал юу вэ?
-Байлгүй яахав. Ямар нэгэн зүйл чинь буух эзэнтэй буцах хаягтай байх ёстой шүү дээ. Манай бүтээгдэхүүнийг аваад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд шууд эргэж авчраад засуулж янзлуулах боломжтой. Үүнд ч иргэд маань их дуртай байдаг.
Дараачийн зочилсон үйлдвэр бол Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн болох Говь гурван сайхан цайг үйлдвэрлэдэг Тангадра ХХК юм. 2002 онд “Оюут”нэртэй малчны нөхөрлөлөөр байгуулагдаж байсан тус үйлдвэр 2007 оноос хойш үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Тус үйлдвэрийн захирал Мааманхүү гуайд 2007онд Африк улсад очих боломж олдсонооор өөрийн нутгийн брэнд цай болох Говь гурван сайхан цайгаа яаж хийх туршлага судлах боломж олдсон байна. Тэр цагаас хойш тасралтгүй нутаг орныхоо байгаль эхийн хишиг болох эмийн ургамал, малынхаа сүүгээр олон төрлийн экологийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр байна.
С.Мааманхүү Тангадра ХХК-ийн захирал
-Одоо хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Бүх түүхий эдээ байгалиасаа болон малаасаа авдаг юм байна шүү дээ?
-Тийм ээ. Байгалиасаа, малаасаа авдаг. Одоо арван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ер нь цаашид нэр төрлөө нэмнэ гэж боддог. Би чинь насаараа мал малласан хүн. Тиймдээ ч малчдын бизнесийг дэмжье гээд сэтгэл шулуудчихсан яваа хүн. Малчин хүн чинь мянган ухаантай, цаанаасаа хүнс үйлдвэрлэгч байдаг. Бүх хүнсийг үйлдвэрлэдэг шүү дээ. Овсгоотой нэг нь л санаагаа бизнес болгодог.
-Хонгор ааруулныхаа орлогын арван хувийг малчин эмэгтэйчүүддээ зориулдаг гэсэн?
-Тийм. Үүнийгээ би сургалт, сурталчилгаанд зориулдаг. Би чинь өөрөө гурван сум хариуцаж сургалт зохион байгуулдаг юм.
-Та одоо хэдэн настай билээ?
-Би одоо 60 гарч байна.
-Гэтэл хийх юм их байна гэж ярьж байна?
-Тийм ээ, би зорилготой байдаг. Хэрвээ тэр зорилгодоо хүрсэн бол дахиад зорилго тавьдаг. Зорилгогүй хүн хэзээ ч юунд ч хүрдэггүй юм.Тэр зорилгынхоо төлөө хөлгүй байсан ч мөлхөж, хүзүүгүй байсан ч зүтгэнэ гэдэг шиг боловсролгүй ч гэсэн явсаар өдийг хүрлээ.
-Хүндрэл бэрхшээл юу байна?
- Байлгүй яахав. Гэхдээ юм хийж байхад бэрхшээл дээрээ сөхөрнө гэж бол байхгүй. Түүнийг давж байж өөрийгөө ялж байна гэсэн үг.
-Та борлуулатаа хаагуур хийж байна вэ. Жилдээ хичнээн төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна?
-Борлуулалтаа аймгийнхаа супермаркетуудаар борлуулдаг. Гэхдээ хүмүүсих мэддэг болохоор гэрээс ирээд авдаг. Жилд ойролцоогоор нэг арваад сая төгрөгийн ашиг олдог.
-Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн талаар таны сэтгэгдэл ямар байдаг вэ?
- Энэ их сайхан хөтөлбөр. Энэ хөтөлбөр хүмүүсийг сэрээж чадаж байна. Цаашдаа басүр дүнгээ өгөөд тасрахгүй яваасай гэж хүсдэг. Орон нутагт нь дэмжлэгийг нь авахуулаад үйл ажиллагааг нь өргөжүүлж өгөөсэй гэж боддог.