"ЭМ ТИ ЖИ ЭЙ" ХХК Сувдан ёотон үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. Анх импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ёотон хийж эхэлсэн энэхүү үйлдвэр эдүгээ өргөжин тэлж дэргэдээ "Сувдан" чихрийн үйлдвэрийг байгуулаад удаагүй байна. Ингээд шинэхэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар зэхээд байгаа тус үйлдвэрийг бид Баялаг бүтээгчээр онцолж байна.
"ЭМ ТИ ЖИ ЭЙ" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мөнхтүвшин
-Манай компани 2006 онд анх ёотон үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн үед Монголд ёотон үйлдвэрлэдэг нэлээд хэдэн үйлдвэр байсан ч одоогийн байдлаар тогтвортой ажилладаг гурван үйлдвэр байдаг. Түүний нэг нь манай "Сувдан" ёотонгийн үйлдвэр юм.
Бид үйлдвэрээ өргөжүүлж бүтээмжээ дээшлүүлэх зорилгоор 2013 онд Турк улсаас европ технологийн машин оруулж ирсэн бөгөөд хоногт есөн тонн ёотон үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Ёотон хүйтрэхээр болон цагаан сараар илүү сайн борлуулагддаг бүтээгдэхүүн. Өмнө нь манай зах зээл дээр дан ганц импортын ёотон байдаг байсан бол одоо үндэсний бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэдээ харьцангуй татаж байна.
Манайх ёотонгийн үндсэн түүхий эд болох сахараа финлянд улсаас оруулж ирдэг бөгөөд Сувдан ёотонгоо 200гр, 450гр, 900гр-ын савалгаатай хийдэг. Бид борлуулалтын өргөн сүлжээгээ ашиглан 21 аймагт бүтээгдэхүүнээ борлуулж байна.
-Түүнээс гадна танай компани "Сувдан" чихрийн үйлдвэрээ байгуулсан юм байна. Яагаад чихрийн үйлдвэр байгуулах болов?
-Юуны өмнө манайх энэхүү үйлдвэрээ байгуулсанаар нийт 17 хүнийг нэмж ажлын байраар хангасан. Үйлдвэрээ байгуулах шалтгаан нь би өөрөө чихэрт их дуртай хүүхэд байсан. Тэгээд том болоод чихрийн үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөддөг байсан тэр мөрөөдлөө л өнөөдөр биелүүлчихээд сууж байна даа. Бид 2014 онд нэлээд их судалгаа хийсний үндсэн дээр Энэтхэгээс тоног төхөөрөмжөө авсан. Учир нь тоног төхөөрөмжийн чанар ажиллах зарчмаас гадна энэхүү үйлдвэр нь 45 жилийн түүхтэй үйлдвэр байсан. Өнгөрсөн хугацаанд бид тоног төхөөрөмжөө угсарч, туршилт хийж, одоогоор үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод байна.
-Чихрийн бизнес хийхэд өрсөлдөгч мэдээж их байгаа. Тийм учраас борлуулалтандаа санаа зовж байна уу?
-Сүүлийн үед хэрэглэгчид маань аль болох үндэсний үйлдвэрээ дэмжих сонирхолтой болсон. Тэгэхээр бид л илүү чанартай аль болох хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнээс дутахааргүй зүйл л хийх хэрэгтэй. Тэгж чадвал хэрэглэгчид маань биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байдаг. Би өөрөө хамгийн чанартай сайн бүтээгдэхүүн хийнэ гэж л зорьж ажиллаж байна.
Бид монголынхоо хэрэглэгчдэд зориулсан учраас бүтээгдэхүүндээ монгол нэр өгсөн. Жишээ нь хүүхдүүд анх хэлд орохдоо чихрийг жижи гэдэг болохоор тэрнээс санаа аваад Жижи гэж нэрлэсэн. Мөн чихрийнхээ сав, баглаа боодлоо бүгдийг нь үндэсний үйлдвэрлэгчдээсээ авдаг.
-Таны болон танай компанийн цаашдын эрхэм зорилгыг сонирхвол?
-Цаашдаа түүхий эдээ аль болох дотооддоо үйлдвэрлэдэг болох юмсан гэсэн чин хүсэл мөрөөдөлтэй дөө. Хүүхэд голдуу хэрэглэдэг гэдэг утгаараа чихрийг маш чанартай, хор нөлөө багатай хийх ёстой. Үйлдвэр маш хариуцлагатай ажиллаж, орц найрлагын тал дээр стандартаа ягштал мөрддөг байх ёстой. Манай үйлдвэрийн зөвлөхөөр Монгол улсын зөвлөх инженер н.Цэцэгээ ажилладаг. Тийм ч учраас цаашдаа үйлдвэрээ жигдрээд ирвэл үйлдвэрийн технологич, зөвлөхтэйгөө ярилцаж байгаад эх орныхоо цэвэр түүхий эд орсон органик бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Мэдээж ингэхийн тулд маш их туршилт, судалгаа хэрэгтэй байгаа. Сүүлийн үед олон үндэсний үйлдвэр, бүтээгдэхүүн гарч ирж байгаа энэ цаг үед үйлдвэрлэгч биднийг хэрэглэгчдэд таниулж өгч байгаа "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон, Масс агентлагтаа баярлалаа гэж хэлмээр байна.
Эднийх хоёр төрлийн иштэй болон хоёр төрлийн хатуу чихэр хийж байгаа бөгөөд нийт 25 нэр төрлийн чихэр үйлдвэрлэхээр бэлэн болоод байгаа аж.
Д.Энхцэцэг: Сувд чихрийн үйлдвэрийн технологич
-Эхлээд вакуум орчинд чихрээ чанана. Дараа нь хөргөлтийн ширээн дээр гаргаж нэмэлт түүхий эдээ хольж нухаж өгнө. Ингээд зуурмагаа гялгар өнгөтэй болоод ирэхээр нь хэвэнд оруулах машинд хийснээр иштэй чихэр гарч ирнэ. Эцэст нь чихрээ цаасаар бүрэх машинд оруулж бүтээгдэхүүн бэлэн болно.
Бид цаашдаа чихрийнхээ орц найрлагыг байгалийн жимс, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр баяжуулж өгөхөөр зорьж ажиллаж байна. Хүнсний үйлдвэр эрхлэж байгаа учраас МХЕГ-ын хүнсний үйлдвэрлэлийн дотоод хяналтын журмын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулдаг.