“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ...” төслийн хамт олон Өвөрхангай аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих сурвалжлагаа үргэлжлүүлсээр байна. Энэ удаад бид Өлзийт суманд жижиг, дунд бизнес эрхлэгчид болоод мянгат малчдыг алдаршуулахаар зорьж очлоо.
Мянгат малчин С.Дэлгэрцогт: Малаас гарч буй түүхий эдийг үнэгүйдүүлмээргүй байна
Таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж, сумын сайн малчин, мянгат малчин болсон С.Дэлгэрцогтынд зочиллоо. Ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрлээ гэх энэ цаг үед тэрбээр улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж яваа нэгэн бөгөөд өөрөө мянгат болоод зогсохгүй хоёр айлд мал таслан малжуулж өгсөн аж.
-Хэдийнээс хойш мал маллаж байгаа вэ. Өдгөө хэчнээн тоо толгой малтай болоод байна?
-Мал маллаад хорь гаруй жил болжээ. 2008 онд сумын сайн малчин болж, 2014 онд мянгат малчин болсон. Мал ашиг шим ихтэй амьтан. Тиймээс бусдын жишгээр малаас авч болох бүхий л шимийг нь хүртэж байна. Ямаа гэхэд 500 гаруй бий бөгөөд жилдээ 10 гаруй сая төгрөг зөвхөн ямаанаасаа гаргачихна шүү. Ноолуурынхаа ачаар хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийж байна.
-Таван хошуу мал бүгд бий юү?
-Цөөн тооны тэмээгээ говийн айлд байлгадаг. Хонь, ямаа, үхэр, адуу бүгд бий шүү.
-Малчдын уулзалт зөвлөгөөн олон болдог шүү дээ. Ер нь малчдад тулгамддаг асуудлуудыг хэр ярилцаж хэрхэн шийдвэрлэж байна?
-Мэдээж тулгамдсан асуудал цөөнгүй бий. Хамгийн гол нь малаас гарч буй бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэхгүй байх юм. Малаас гарч буй түүхий эдийн үнийг унагахгүй байх нь бидэнд нэн чухал. Одоогийн байдлаар нэхий гэхэд л мянган төгрөг гэж байна шүү дээ.
-ХАА-н биржээр борлуулж байна уу, эсвэл ченжүүдэд өгөөд байна уу?
-Дандаа ченжүүдэд өгдөг. Тэд маш хямдхан авахыг л боддог.
-Та айлуудыг малжуулсан гэсэн шүү дээ. Тэр талаараа яриач?
-Тийм. Хоёр айлыг малжуулсан. Одоо отрын нүүдэл хийгээд яваад өгчихсөн байна. Мал нь өсөж үржээд сайхан яваа.
-Манай “Баялаг бүтээгчдийг дэмжинэ...” төслийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Телевизээр ч харсан, сүүлд сэтгүүл гарсан байхыг нь ч харахад их нүдээ олсон санаачилгыг гаргасан санагдсан. Тиймээс та бүхний цаашдын ажил үйлст улам илүү амжилтыг хүсэн ерөөе.
Утас: 9669-6756
Өрхийн үйлдвэрлэгч Э.Лхагва: Төмөр бүтээгдэхүүний нэр төрлөө илүү олон болгоно
1982 оноос төмрөөр төрөл бүрийн эд хэрэгсэл хийх болсон Э.Лхагвыг танилцуулж байна. Төмрөөр олон төрлийн зүйл хийхийн хажуугаар сумынхаа айлуудын цахилгаан хэрэгслийг засаж өгдөг тэрбээр нутагтаа уран гартан нэртэй. Төмөр орны толгойг ашиглан ачааны машины өндөрлөгөө хийсэн нь олон хүний таашаалд нийцэж, тэр хэрээрээ ч элдэв зүйл хийлгэх гэсэн хүмүүсийн захиалга тасрахаа больжээ.
-Ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?
-Хаягдал төмөр ашиглан, мөн өөрөө төмөр худалдаж авч зуух, хогны сав, хашааны хаалга, ачааны машины өндөрлөгөө, хөрзөнгийн тэрэг, усны тэрэг зэргийг гэрээрээ хийдэг. Би 1982 оноос эхлээд л төмөр эдлэлээр бүтээгдэхүүн хийж байна.
-Гэрийн хашаагаа ажлын байр болгожээ?
-Тийм. Манайх эндээ саяхан буугаад байгаа юм. Цаашдаа гараж барьж илүү тохижих санаатай л байна. Төмрөөр юм хийхийн хажуугаар цахилгаан хэрэгсэл засдаг. Угаалгын машин, индүү, халуун тогоо зэрэг төрөл бүрийн цахилгаан барааг засчихна шүү.
-Хэчнээн айлын хаалга хийгээд байна вэ?
-Яг тоолж үзээгүй ээ. Өлзийт сумын ихэнх айлын хашааны гүйдэг хаалгыг хийсэн байх шүү.
-Таны ажилд тусалдаг, хамтарч хийдэг хүн бий юү?
-Хүүгээ энэ ажилдаа сургаад явж байна. Одоо бараг ихэнх зүйлээ сурчихсан, зарим захиалгыг бие даагаад ганцаараа хийдэг болсон.
-Ойрын хугацаанд юу хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна?
-Сүүлийн үед айл бүр л машинтай болж. Үүнийгээ дагаад гараж их бариулж, түүндээ хаалга хийлгэх болсон. Тиймээс гаражны хаалга хийхдэг болох бодол бий. Төмрөөр хийсэн бүтээгдэхүүнээ аль болох илүү олон нэр төрөл болгох зорилготой ажиллаж байна.
Утас: 9587-7714
“Өлзийт баян түмэн” ХХК
Захирал: Ж.Сугар: Газар болоод малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж байна
Цагаан идээ, газар тариалан эрхлэгч
Малынхаа ашиг шимээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Өлзийт баян түмэн” компани өдгөө цагаан идээ боловсруулахаас гадна газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. 2012 онд Сум хөгжүүлэх сангаас арван сая төгрөгийн зээл авч түүгээрээ 10 га атаршсан газарт малын тэжээл, төмс, манжин, байцаа зэргийг тарьж ургуулжээ. Тус компанийн захиралтай цөөн хором ярилцлаа.
-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манай компани 2009 онд байгуулагдсан бөгөөд газар тариалан, цагаан идээ борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зундаа малаа дагаад хөдөө гарч сүү, цагаан идээгээ бэлтгэдэг. 2005 оноос газар тариалангийн ажил эрхэлж эхэлсэн дээ.
-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна?
-Манайх нэг туслах малчинтай. Түүнээс гадна хоёр хүнийг тогтмол ажлын байраар ханган цалин өгч, нийгмийн даатгалыг нь төлдөг.
-Одоо ямар ямар төрлийн цагаан идээ боловсруулж байна. Борлуулалтаа хэрхэн шийдэж байна вэ?
-Зундаа манайх хонь, ямаа, үнээ, гүү сааж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Ээзгий, ааруул, цагаан тос, хайлмаг, түүхий өрөм, тогооны өрөм, айраг, шимийн архи зэргийг хийдэг. Борлуулалт ч сайн шүү. Ээзгийг л гэхэд хаа Дорнод аймгаас захиалж байна. Мөн аймаг, сумын иргэд, хотоос захиалга их ирдэг юм. Найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг болохоор дэлгүүртээ тавьж борлуулдаг.
-Танай цагаан идээний онцлох давуу тал юу вэ?
-Бусад үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг найрлагад нь гурил орсон гэх мэт асуудал мэдээж байхгүй. Цэвэр түүхий эдээр өөрсдийн гараар хийж байгаа учраас жинхэнэ ориг бүтээгдэхүүн гарч байгаа юм. Энэ нь л бидний маш том давуу тал.
-"Баялаг бүтээгчдийг дэмжинэ..." төслийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Бидэн шиг сумандаа үйлдвэрлэл явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг хэн ч мэддэггүй шүү дээ. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ...” төслөөр дамжуулан эх орон даяар хийж бүтээж буй зүйлээ сурталчилна гэдэг тун олзуурхууштай. Бидэнд ийм сайхан боломж олгож буй танай хамт олонд маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье.
Утас: 9634-0208, 8877-9496
Өрхийн үйлдвэрлэгч Э.Цэнджаргал: Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон бий
-Э.Цэнджаргал нөхөртэйгөө хамтарч гутал хийгээд хоёр жил гаруй болжээ. Тэд хүүхдийн, том хүний гээд 6-7 төрлийн гутал хийдэг бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүндээ чанарын баталгааг 100 хувь амлаж чадна гэдгээ хэлж байлаа.
-Хэдэн оноос хойш гутал хийх болов?
-2012 оноос гэрээрээ гутал хийж эхлээд 2013 онд Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл авч, сумынхаа Бизнес хөгжлийн төвд ажиллах болсон.
-Анх сумандаа мал малладаг байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр гутал хийхийг өөрөө сонирхож сурсан уу?
-Тийм ээ. Манай аав, ээж гутал хийдэг байсан юм. Өөрийнхөө сонирхлын дагуу аав, ээжийнхээ хийхийг харж, дагаж дуурайсаар анх сурч байсан даа. Гутлынхаа загварыг өөрөө гаргаж, дээрээс нь захиалагчийн хүсэлтийн дагуу хийдэг.
-Одоо хэчнээн төрлийн гутал хийж байна вэ?
-Одоогоор бахиал, нохой гутал, цагаан улт, буриад гэх мэт 6-7 төрлийн гутал хийж байна. Гуталныхаа давуу талыг дурдвал жишээ нь, хөгдрүүтэй буюу нохой гутлын хувьд дотроо монгол давхар эсгийтэй, нэхий дотортой, цэвэр үхрийн арьс, түрийгээрээ нохойн арьстай. Ер нь ихэнх дамжлага нь гараар учраас бат бөх, эдэлгээ сайтай, чанартай гутал болдог гэж ам бардам хэлнэ дээ.
-Ихэвчлэн малчид танайхаас гутал захиалдаг бололтой?
-Тийм. Голдуу хөдөөний малчид их захиалдаг. Зундаа бахиал, өвөлдөө нохой гутлын захиалга ихэснэ.
-Нөхөртэйгөө хамтарч хийдэг юм байна. Ер нь гутал хийгээд өрхийн амьжиргаа хэр дээшилж байна вэ?
-Чанартай бүтээгдэхүүн хийж хүмүүсээ татаж чадсаны ачаар манай гутлыг мэддэг хүн ч их олон болжээ. Түүнийгээ дагаад захиалга ч сайжирсан болохоор амьжиргаа дээшлэлгүй яах вэ .
-Нэг гутал хэдий хэр хугацаанд гардаг вэ?
-Ямар төрөл хийцийн гутал вэ гэдгээсээ л шалтгаална даа. Гэхдээ ерөнхийдөө нэг хоногт гарчихна шүү.
-Цаашид ямар зорилго тавин ажиллаж байна?
-Мэдээж үйлдвэрлэл явуулж байгаа юм чинь тавьсан зорилго, төлөвлөсөн ажил их байна. Бүтээгдэхүүнээ илүү олноор үйлдвэрлэдэг болохын тулд өөрсдийн гэсэн ажлын байртай болох нь бидний ойрын зорилго.
Утас: 8899-0681