Монголчууд сийлбэрийн арвин баялаг өвтэй. Мод, яс, чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар урласан хосгүй үнэт бүтээлүүд олон бий. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг энэ удаа чулуун сийлбэрийн үйл ажиллагаа эрхэлдэг "Боржин суварга" компанийг онцолж байна. Байгалийн боржин чулуугаар хосгүй нандин бүтээл урладаг энэхүү компанийг Ж.Түвшинжаргал хэмээх сийлбэрчин залуу байгуулжээ.
“Боржин суварга” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түвшинжаргал
-Боржин чулууны онцлог юу юм бол. Яагаад заавал боржин чулуугаар бүтээгдэхүүн хийдэг юм бэ?
-Монгол улс боржин чулуугаар баян бөгөөд манай бүх аймагт боржин чулуу байдаг. Байгалийн боржин чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг байгаль дээр олон өнгөтэй байдаг ч гэсэн саарал өнгийн боржинг түлхүү ашиглаж байна. Боржин чулуу нь алмаазны дараа хоёрдугаарт орохуйц өндөр нягтаршилтай. Хоёрдугаарт, хамгийн удаан насжилттай. Боржин чулуун эдлэл дээр гарах анхны ан цав, эвдрэлийг 500 жилийн дараа л үзэж болох юм. Гуравдугаарт, агаарын хэмийн улирлын чанартай өөрчлөлтөнд тэсвэртэй. Мөн бусад материалаас чийг шингээх түвшнээрээ илүү. Боржин суварга компанийн хийж байгаа боржин чулуун сийлбэрүүд нь урт удаан настай, нэг үгээр мөнхийн бүтээл туурвиж байгаа юм. Энэ давуу талыг олж харсан хүмүүс манай компаниар олон төрлийн эд зүйлийг хийлгэх болсон бөгөөд бид ч бурхан шашны холбогдолтой суваргууд, арслан зааны баримлууд, хөшөө дурсгалууд гээд чулуугаар хийж болох бүхий л зүйлийг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн урлаж, бүтээж, сийлбэрлэж, суурилуулж өгөх хүртэл чанарын өндөр түвшинд хийхийг зорин ажилладаг.
-Энэ том чулууг уярааж бүтээл хийхэд ур чадвараас гадна тоног төхөөрөмж маш чухал байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Байгалийн хатуу чулууг урлагийн бүтээл болгоход авъяас ур чадвар байхаас гадна сайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байх шаардлагатай. Тийм ч учраас манай компани 85 см-ийн зузаантай чулууг зүсэх боломжтой том хөрөө, зүсэгч машин, токарийн машин зэргийг үйлдвэрлэлдээ суурилуулсан.
Сийлбэрч Ж.Түвшинжаргал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Цонжин болдогийн Өүлэн эх цогцолборын ажлын ерөнхий зургийг “Үүдэн чулуу” ХХК-д ажиллаж байхдаа гаргаж, хөшөөг нь хийж гүйцэтгэсэн байна. Бадамлянхуа цэцгэн дээр байх соёмбо байрлуулж, хоёр талд нь хар, цагаан тугны оройг залж, мандан бадрахын бэлгэдэл болсон галыг мөн л боржин чулуугаар урласан түүний бүтээл нь дотоодын төдийгүй гадаадын жуулчдын нүдийг хужирласан бүтээл болж чаджээ. Өүлэн хатны хөшөө тун нарийн хийцтэй. Хатны зүүсэн гоёл чимэглэл нь чулуугаар хийсэн гэмээргүй гоёмсог бөгөөд хөшөөний доод хэсгийг усан уулан, үүлэн хээгээр чимэглэжээ. Монгол хатны 13.6 метр өндөртэй ийм хөшөө одоогоор дэлхийн хаана ч байхгүй ба Өүлэн хатан аян дайнаас буцан ирж буй хүүгээ угтаж байгаа бэлгэдлээр бүтээсэн байна. Энэ мэтчилэн сийлбэрч Ж.Түвшинжаргалын урласан боржин чулуун бүтээлүүд тодорхой утга бэлэгдэлтэй байхаас гадна залуу хойч үедээ түүхэн дурсгалт өв болон үлдэж байгаа юм.
-Бүтээлээ хийхэд хамгийн чухал нь юу вэ. Нэг бүтээлээ ямар хугацаанд гаргадаг бол?
-“Боржин суварга” ХХК-ийн мэргэжлийн сийлбэрчдээр боржин чулуун бүтээл хийлгэх хүсэлтэй олон хүн байдаг. Захиалагчтайгаа бүтээлийнхээ ерөнхий дүр зургийг гаргасны дараа хамт олонтойгоо хэлэлцэж нарийн эскиз зургаа гаргадаг. Бүх л хэмжээг сайн гаргасны дараа бүтээл хийхэд хялбар болдог. Аливаа бүтээлийн бэлэн болох хугацаа харилцан адилгүй. Хэмжээ загвар, сийлбэрийн ажиллагаа зэрэг олон зүйлээс шалтгаалаад хийх хугацаа, хөдөлмөрийн үнэлэмж, тухайн бүтээлийн үнэ цэнэ хэмжигдэнэ. Хамгийн гол нь бүхий л бүтээлээ өндөр гүйцэтгэлтэй дуусгаж, олны хүртээл болгох нь сийлбэрчдийн хувьд хамгийн сайхан зүйл нь байдаг.
2006 онд АНУ-д дэлхийн сийлбэрчдийн уралдаанд оролцож II байр эзэлсэн сийлбэрч Ж.Түвшинжаргал нь боржин чулуун урлагийг дэлхийд "Монгол брэнд" болгон таниулах зорилгоо биелүүлсээр байна. Монгол сийлбэрчний гайхамшигт чадварыг хилийн чанадад ч гайхуулж байгаа Боржин суварга компанид мэргэжлийн ур чадвартай сийлбэрчид ажиллахаас гадна сийлбэрч Түвшинжаргалын ах дүү нар ч бас гарын ур дүйтэй удмаараа сийлбэрчид байсан учраас залуу үеээ сургаж, энэхүү чулуун сийлбэрийн үйл ажиллагаандаа татан оруулсан байна.
Ж.Дэмбэрэл: “Боржин суварга” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал
-Манай компанийн бүтээлээ урладаг гол материал нь боржин чулуу юм. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Улаан боржин чулууг ашиглахаас гадна Төв аймгийн Баянчандмань сумын Хайртханы шар боржин чулууг түлхүү ашиглаж байна. Боржин чулуугаа олборлох тээвэрлэх зэрэг бүхий л ажлыг бид өөрсдөө хийдэг. Боржин чулууг зүгээр ч нэг барилгын материалуудын манлайлагч, мөнх настай чулуу хэмээн нэрлээгүй. Бидний хийсэн бүтээлүүд эх орны өнцөг булан бүрт байгаа. Жишээ нь, Дундговь аймаг Мандалговь хотод Даншигийн их аварга С.Чүлтэмийн 5,35 метр хөшөө, Хошууч генерал Гүрийн Рагчаагийн гэрэлт хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт байх зургаан мерт өндөртэй уулын савдаг гээд түүхэн дурсгалт өв, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын улаан боржин чулуугаар хийсэн Дааман хаалга, Багахангай дүүрэг дэх 7м20см өндөртэй Хийморийн цагаан сүлд зэрэг түүх, соёлын олон үнэт зүйлсийг урлан нийтийн хүртээл болгосон.
Түүнээс гадна “Боржин суварга” компанийн хийдэг нэг зүйл бол шавран баримлууд юм. Суурь төмөр бэлдэж арматураа гагнаж, хамгийн нарийн ширхэгтэй төмөр тороор бүрнэ. Максед гэсэн материалаар шаварддаг байна. Одоо хийж байгаа энэхүү бүтээл нь Чингисийн 9 өрлөг юм. Бодит хэмжээнээсээ 1,2 дахин том хэмжээтэй, 13-р зууны үеийн тэр л ахуй байдал, хувцас хэрэглэл дүр дүрслэлийг харуулахыг зорьсон байна. Энэхүү бүтээл Хэнтийн аймгийн Чингис tower-ийн рестораны дээвэр дээр тавигдах юм.
Хамгийн хатуу ч гэлээ хамгийн гоёмсог ур гаргах боломжтой боржин чулуугаар сийлбэр хийдэг энэ хамт олон сийлбэр хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ ихээхэн тоосжилттой нөхцөлд ажилладаг тул ажлын байрандаа тав тухтай орчин бүрдүүлэхээс гадна амралтын байр, саун дүшийг байгуулсан байна.
Эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, соёл урлагийн их санг бүрдүүлэх нэр хүндтэй үйлсэд хөдөлмөр бүтээлээ зориулан яваа "Боржин суварга" компанийг бид төслөөрөө дамжуулан дэмжин ажилласан юм.
Утас: 99869988, 99868899