“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд БНСУ-д очиж ажилласан багийнхан маань Намянжү хотод байрлах Монгол соёлын хотхонд очихоор болсондоо туйлын их олзуурхаж байлаа. Тус хотхон нь байгуулагдаад 14 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд Монголынхоо өв соёлыг сурталчилж яваа юм. Ингээд Монгол соёлын төвийн захирал Ж.Оргилтой бид ярилцлаа.
-Авьяаслаг сайхан залуусыг нэг баг болгон бүрдүүлж чаджээ. Анх хэрхэн үйл ажиллагаагаа эхлүүлж байв?
-2001 онд анхны урлагийн бага энэ тайзнаа тоглолтоо хийж байлаа. Тэр баг маань таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. Одоо 14 жилийн дараа бид багийнхаа гишүүдийг нэмж, урлаг циркийн уран бүтээлчид нийлсэн 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жил ирэх тусам баг бүрэлдэхүүн маань нэмэгдэж, уран бүтээлчдийн маань авьяас чадвар нэмэгдсээр байна. Манай хотхоноос урлаг соёлын алдартнууд төрөн гарч эхэлж байна. Сүүлийн хоёр жил гэхэд таван соёлын тэргүүний ажилтан төрлөө. Ер нь манай Намянжүгийн тайзнаас урлагийн гараагаа эхэлж байсан уран бүтээлчид монголдоо очоод СТА, МУГЖ, МУАЖ гэхчлэн эрхэм цол тэмдгээр энгэрээ мялааж, амжилттай яваа олон хүн бий. Тиймээс энд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт уран бүтээлчдээ ажлын амжилт хүсье.
-Уран бүтээлчдээ ямар шалгуураар авдаг вэ?
-Анх жилд нэг удаа шалгаруулалт явуулаад жүжигчдээ шалгаруулж авдаг байсан. Шалгаруулалтад маань монголын бүх чуулга, урлагийн сургуулийн оюутнууд ирж оролцож байлаа. Оюутан цагаасаа манай хотхонд ирж ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүмүүс ч их байгаа. Та бүхний сайн мэдэх ардын дууч Бурмаа оюутан байхдаа хоёр жил дараалан ажиллаж байсан. Харин өнгөрсөн жилээс бид өөрийн чуулгатай болж уран бүтээлчдийнхээ авьяас чадварыг илүү их хөгжүүлэхийн тулд хичээж ажиллаж байна. Тиймээс сонгон шалгаруулалт өмнөх шигээ явагдахгүй. Гэхдээ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахад бид бэлэн байгаа.
-Танай уран бүтээлчдийн тоглолтыг үзээд өөрийн эрхгүй сэтгэл огшиж байлаа. Тэр дундаа морьтны гайхамшиг үзүүлбэр үнэхээр гайхалтай байсан?
-Биднийг бага байхад Монгол цирк хамгийн их очих дуртай газруудын нэг байсан. Ялангуяа Монголын циркийн бахархал болсон морьтны цирк гэж том үзүүлбэр явдаг байсан. Одоо морьтой үзүүлбэр үзүүлж байсан хүүхдүүд дэлхийн театрт очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа. Ялангуяа Солонгос улсын Чежү арал дээр их олон хүүхдүүд бий. Мөн урлагийн өндөр чадавхи шаардсан Намянжү хотын циркт Батбаяр, Азжаргал гэх мэт авьяаслаг жүжигчид ажиллаж байна. Тэд маань өөрсдийнхөө авьяасыг өвлүүлж, олон шавь нар бэлтгэж явж байгаад их баяртай явдаг.
-Намянжүд байрлах Монгол соёлын төв дэлхийд ганц тооцогдохоор том хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа нь та бүхний ажил хөдөлмөрөөс харагдаж байна. Цаашдаа уран бүтээлчид болон хотхоныхоо хөгжилд ямар өөрчлөлт оруулах зорилготой ажиллаж байна?
-Ямар ч улс гадаад оронд өөрийн гэсэн соёлын төвтэй байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ манайх шиг том хэмжээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага ер нь дэлхийд байхгүй гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлж, нэг гуанзтай тэрэндээ монгол хоолоо хийж, гадаа нь тоглолтоо үзүүлдэг байлаа. Тэгээд л жил ирэх тусам хөгжсөөр өдий зэрэгт хүрсэн дээ. Мэдээж бид нарт энэ бүгдийг бүтээхэд Намянжү хотын захиргаа, удирдлагууд маш их тус болсон. Тиймээс монголын соёлыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган тусалж, дэмждэг эдгээр хүмүүст баярласнаа зайлшгүй хэлэх хэрэгтэй юм.
-Та бүхнийг Монголын төрөөс хэрхэн дэмждэг вэ?
-Манай хотхон Улаанбаатар хот Намянжүгийн хамтын харилцааны үр дүнд бий болсон. Улаанбаатар хотод Намянжүгийн гудамж гэж бий болж байсан. Тухайн үед тохижолт сайтай байсан бол одоо жаахан муудсан байна лээ. Тиймээс бид Намянжүгийн захиргаанд гудамжаа дахин сэргээх хүсэлт тавьсан байгаа. Энэ жил бид яамныхантай анхны уулзуултаа хийсэн. Мэдээж нэг зүйлийг олон жил үзээд байвал уйтгартай шүү дээ. Тиймээс бид хотхоноо эргэлтэд оруулахыг хүсдэг. Тиймээс БСШУЯ-ын хүмүүс хотхонд маань ирж үзэх хэрэгтэй гэж боддог. Мөн танай телевизийн хамт олонд баярлалаа бидний ажил хэргийг сурталчлахад хувь нэмэр болох байхаа гэж итгэж байна.
-Та ер нь төрийн түшээдэд Монгол соёлын хотхоныг ирж үзэх хүсэлт тавьж байсан уу?
-Н.Багабанди болон Н.Энхбаяр ерөнхийлөгч байх үеэр тийм хүсэлтүүд тавьж байсан. Гэхдээ тухайн үед цаг зав боломж нь болдоггүй байсан байх төлөөлөгчид нь ирж байсан. Яг одоог хүртэл төрийн тэргүүн, их хурлын дарга өөрийн биеэр ирж байгаагүй. Ирсэн хүмүүс нь олон зүйл амлаад л явдаг. Гэхдээ амьдрал дээр ажил хэрэг болгосон нь ховор доо. Харин Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар 20 сая төгрөгийн цамын баг бэлэглэж байсан. Тэр бол монголын талаас өгсөн хамгийн гол хөрөнгө оруулалт юм.
-Эх орондоо бус харь нутагт монголынхоо урлаг соёлыг сурталчилж, нэг ёсны оюуны баялаг бүтээнэ гэдэг амаргүй байх?
-Гадаадад баялаг бүтээнэ гэдэг бэрхшээлтэй зүйлс их л дээ. Гэхдээ сайн орчуулагч, сайн хүүхдүүд энэ бүхнийг бүтээгээд ирсэн. Хамгийн гол нь солонгос иргэд бидний хүсэлтийг сайн талаас нь хүлээн авч дэмжлэг үзүүлж байгаа юм. Солонгосчууд нэгдүгээрт монголчуудтай адил хөх толботой, мөн бидний удам угсаа монгол бага гэсэн холбоотой гэж их ярьдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монгол өв соёлоо дэлхийн тавцанд цуурайтуулж яваарай.
Утас:010-5492-6765
М.Цацрал