Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд блокны үйлдвэрлэл эрхэлдэг гурван ч аж ахуйн нэгж байдгаас байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь А.Бүддоржийнх юм. Сум хөгжүүлэх сангаас зээл авч үйлдвэрлэлээ явуулж буй тэрбээр сумынхаа иргэдийн блокны хэрэгцээг дангаараа хангадаг байна.
А.Бүддоржийнх Сум хөгжүүлэх сангаас зээл авч үйлдвэрлэлээ явуулж буй тэрбээр сумынхаа иргэдийн блокны хэрэгцээг дангаараа хангадаг байна.
-Таныг малчин хүн байсан гэж дуулсан. Ямар учраас блок үйлдвэрлэх болсон юм бэ?
-Хөдөө мал маллаж байгаад хүүхэд сургуульд орох болоод сумын төвд орж ирсэн. Тэгээд сумын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээс “Амьдрал ахуйд нэмэр тустай, миний хийж чадах ажил байна уу?” гэж асуухад блок үйлдвэрлэхийг санал болгосон. Тэгээд ч сүүлийн үед хүмүүс байшин барилга их барьдаг болсон учраас борлуулалт зогсохгүй юм байна гэж бодсон. Тэр үед надад энэ үйлдвэрлэлийг явуулах мөнгө байгаагүй. Тийм учраас 2013 онд Сум хөгжүүлэх санд төсөл бичиж таван сая төгрөгийн зээл авч гурван сая төгрөгөөр нь блокны машин авснаар үйлдвэрээ нээсэн дээ.
-Өдөрт хэдэн ширхэг блок үйлдвэрлэдэг вэ?
-Анх хийж байхдаа нэг өдөрт 200 ширхэг блок гаргадаг байсан бол одоо 400 блок үйлдвэрлэж байна. Эхний үед хольцыг нь тааруулж мэдэхгүй, үйрч бутарсан юм хийдэг байж билээ.
-Ер нь ямархуу хольцоор блок хийвэл чанартай болдог юм бэ?
-Манай блок бусад үйлдвэрийн блокоос илүү чанартай учраас хүмүүс эндээс авдаг байх гэж би боддог. Ер нь хайргаа татахдаа л элстэй холихгүй, нарийн цэвэр хайрга авах хэрэгтэй. Тэгээд цементээ ахиу хэмжээгээр хийж өгнө. Бас усаа сайн тааруулах ёстой.
хайргаа татахдаа л элстэй холихгүй, нарийн цэвэр хайрга авах хэрэгтэй. Тэгээд цементээ ахиу хэмжээгээр хийж өгнө. Бас усаа сайн тааруулах ёстой
-Блок хийх материалаа хаанаас авдаг вэ?
-Цементээ Өвөрхангай аймгаас нэг шуудайг нь 9-10 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Хайргаа өөрсдөө сумаасаа татдаг. Ус зөөврийнх ч гэсэн ойрхон байдаг.
-Материалынхаа зардлыг хангалттай нөхөж чаддаг уу. Ер танай суманд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээл хэр байдаг вэ?
-Борлуулалт ер нь гайгүй шүү. Сумынхаа иргэдийн блокны хэрэгцээг ямартай ч дангаараа хангаж байна. Материалын зардлаа хангалттай нөхдөг. Нэг шуудай цементээр 24 ширхэг блок гардаг. Ширхгийг нь 1000 төгрөгөөр борлуулдаг юм. Блок үйлдвэрлэх хугацаа улирлын чанартай учраас 4-10 дугаар сард л ажилладаг. Энэ хугацаанд 7000 ширхэг блок үйлдвэрлээд 6-7 сая төгрөгийн ашиг олдог юм. Сүүлийн үед малчид малын хашаа саравч барих гэж блок их авдаг болсон.
-Захиалга байхгүй юм уу, эсвэл үйлдвэр зогссон үед ямар ажил хийдэг вэ?
-Захиалга байхгүй байна гэж бараг үгүй. Хааяа тийм үе гарахаар нь өөрсдийнхөө хашаа, сууц, мод нүүрсний жижиг байшинг барьдаг. Өвөл үйлдвэрлэл зогссон үед хөдөө гарч малаа малладаг.
-Хэдүүлээ ажиллаж байна вэ. Цалин хөлсөө яаж тооцдог юм бэ?
-Би нэг дүүтэйгээ хоёулаа ажилладаг. Дүүгээ сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулдаг.
-Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлье гэж бодож байна?
-Ямартай ч үйлдвэрлэлээ хэзээ ч зогсоохгүй гэж боддог. Эхний ээлжинд хүн нэмж авах санаа байна.
Ямартай ч үйлдвэрлэлээ хэзээ ч зогсоохгүй гэж боддог. Эхний ээлжинд хүн нэмж авах санаа байна
-Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Манай үйлдвэрийг сурвалжлан, сурталчилж буй та бүхэнд маш их баярлаж байна. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Утас:89568180