Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Нарийнтээл суманд болсон уулзалтанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ИТХ-ын дарга Г.Батсүх, Засаг дарга О.Түмэнжаргал, Орлогч дарга Ц.Ганхуяг, Тамгын газрын дарга Б.Ичинноров, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Богд сумын салбар хорооны дарга болон сумын баялаг бүтээгч иргэд оролцлоо.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хан хөгшиний хошуу нутаг юм.
Шарга, Баянтээг, Өндөрхөмөг, Цагаан-овоо гэсэн дөрвөн багийн нийт 1008 өрхөд 3653 хүн амьдардаг. Тус сум нь Өвөрхангай аймгийн хамгийн баруун захын сум бөгөөд нийт хүн амын 24.7 хувь нь сумын төвд ,бусад нь хөдөөгийн багуудад амьдардаг. Тус сумын төвд Өвөрхангай аймгийн баруун бүсийн болон Баянхонгор аймгийн зарим сумдыг өвс тэжээлээр хангах зориулалттай Улсын нөөцийн цэг, II багийн төвд Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нүүрсний хэрэгцээг хангадаг Баянтээгийн нүүрсний уурхай зэрэг томоохон үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд байрладаг. Сумын нутаг дэвсгэрээр баруун чиглэлийн хэвтээ тэнлэгийн авто зам дайран өнгөрдөг, нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв Арвайхээр сум, Баянхонгор аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдох нөхцөл бүрдсэн, сумын төв болон Баянтээг багийн төв эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон, үүрэн телефоны сүлжээнүүдэд холбогдсон зэрэг таатай нөхцөлүүд нь хүн амын суурьшил, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд оролцсон иргэд иргэнд хүрсэн төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж, холбоонд элслээ. Өвөрхангай аймгийг тойрч зохион байгуулсан уулзалт зөвлөгөөн Хайрхандулаан суманд үргэлжилж байна.