Хөдөө аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Гэсэн хэдий ч дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг дотооддоо тарьж ургуулсан хүнсний ногоогоор, үлдсэнийг импортын ногоогоор хангадаг. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэглэгчиддээ эрүүл экологийн бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин ажиллаж байгаа "Өгөөмөр нутаг" компанийн үйл ажиллагааг танилцуулж байна.
Хэрэглэгчиддээ эрүүл экологийн бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин ажиллаж байгаа "Өгөөмөр нутаг" компанийг танилцуулж байна
"Өгөөмөр нутаг" ХХК-ийн инженер, агрономич Ч.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
-"Өгөөмөр нутаг" компани анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна?
-Манай компани 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх 10 га газрыг түрээслэж ногоо тарьж эхэлсэн бол 2011 оноос өөрсдийн эзэмшлийн 50 га-д төмс, манжин, лууван гэсэн дөрвөн төрлийн ногоо тариалж байна. Техникийн хувьд ОХУ, Герман улсын бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа. Цаашид мэдээж техникийн хүчин чадал, үрийнхээ сортын чанарыг сайжруулж, олон төрөл болгохоор төлөвлөж байна.
-Өнгөрсөн жил хэдий хэр хэмжээний ургац хураасан бэ?
-Өнгөрсөн жил гала сортын төмс 25 центнер хурааж авсан. Ногооны борлуулалт тийм ч сайн биш байгаа болохоор манай компани хурааасан ногоогоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд эхний хоёр төрлийн салатаа хийгээд байна.
-Газар тариалангийн салбарт ажиллахад тулгардаг бэрхшээлтэй асуудал юу байдаг вэ?
-Ногоо сайн ургах нэг үндэс нь усалгаа байдаг, мөн хадгалалт. Бид хураасан ногоогоо зоорь түрээсэлж хадгалдаг. Өөрийн гэсэн зоорьтой байвал эцсийн бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд арай хямд хүрэх боломжтой л гэж хардаг юм.
Алаг салат, луувангийн салат гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Эх орны хөрсөнд тарьсан ногоогоор хүн амаа хангахын сацуу, тариалсан ногоогоо эцсийн бүтээгдэхүүн болгох нь борлуулалтаа нэмэгдүүлэх нэг гарц гэдгийг тус компанийнхан олж харжээ. Одоо тус компанийн хамт олон алаг, болон луувангийн хоёр төрлийн салатыг үйлдвэрлэж байна. Харин цаашид нэр төрлөө нэмэгдүүлж 10 гаруй төрлийн салатыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монголынхоо хөрсөнд тарьсан ногоогоор шинэ, амт чанартай, нэг ч төрлийн химийн бодис холиогүй цэвэр байгалийн гаралтай салатыг үйлдвэрлэж байгаагаа тус компанийн ажилчид онцолсон юм.
Шинэ, амт чанартай, нэг ч төрлийн химийн бодис холиогүй цэвэр байгалийн гаралтай салатыг үйлдвэрлэж байна