Дорнод аймгийн Чойбалсан хотын үндэсний үйлдвэрлэгч “Онхоодойн Өндөр” ХХК –ийн захирал ярилцлаа.
- Сайн байна уу. “Онхоодойн Өндөр” компани үйлдвэрлэлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
- Манай компани 1992 оноос эхлэн нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа орон нутагтаа эхлүүлсэн. Тухайн үед хэрэглэгчдийн эрэлтийг даган зөвхөн гэрээр талх барьдаг байлаа. Гэсэн ч өдрөөс өдөрт худалдан авалт нэмэгдэж үйлчлүүлэгчид нэмэгдсэнээр 2003 онд илүү өргөжиж, 2008 оноос талх, нарийн боовны чиглэлэээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.
- Танай компани өнөөдрийн байдлаар хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
- Өнөөдрийн байдлаар 12 нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Бид бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд тустай хоёрдугаар гурил болон бүхэл үрийг ашиглан талх, нарийн боов үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Жил ирэх бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, орц найрлагандаа анхаарснаар манай бүтээгдэхүүнүүд Дорнодчуудын өдөр тутмын хэрэглээ болж чадсан. Түүнчлэн бид чанар, амталгаанд илүү анхаарахаас гадна түүхий эдийн хадгалалт, хамгаалалт болоод хүнсний эрүүл ахуйг орхигдуулалгүй зургаан сар тутамд нэг удаа бүтээгдэхүүнээ шинжлүүлдэг.
- Иргэд танай хамт олны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх шалтгаан байх нь гарцаагүй?
- Тэгэлгүй яахав. Талх бол бидний өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүий нэг. Тиймээс амт, чанар цаашлаад хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний олны зорилго. Тиймээс бид сахарын агууламж бага, химийн найрлагагүй, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- “Онхоодойн Өндөр” компани өдөрт хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
- Өдөрт нэг тонн талх нарийн боов үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэсэн ч хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарч өдөрт дунджаар 500 кг талх нарийн боов үйлдвэрлэж байна. Ингэснээр бид Дорнод аймгийн гурилан бүтээгдэхүүний гучин хувийг дангаараа үйлдвэрлэдэг.
- Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?
- Өөрийн нэрийн барааны дэлгүүр болон аймгийн тавь гаруй дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн зэргэлдээ сумдад бүтээгдэхүүнээ хүргэсээр байна.
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна?
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд тулгамддаг асуудлуудын нэг нь боловсон хүчин байдаг. Тэр дундаа хөдөө орон нутагт ажиллах хүч дутагдалтай байна.
- Танай компани хэдэн ажилтантай вэ?
- Манай компанид одоогоор дөрвөн хүнсний технологич ажилдгаас гадна бусад ажилчдаа мэргэшүүлж ажиллуулдаг. Ингэснээр бид орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залууст тогтвортой ажлын байрыг бий болгох зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.
“Онхоодойн Өндөр” ХХК
Дорнод аймаг Чойбалсан хот
Холбоо барих:99585925 88209336