"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хүрээнд бид олон баялаг бүтээгч иргэдтэй уулзаж, шинэ содон зүйлтэй танилцаж зарим тохиолдолд анхны хэрэглэгч болох нь бий. Манай улсын барилгын салбарын хөгжил сүүлийн жилүүдэд шинэ технологи нэвтрүүлж, дэлхийн стандартад нийцүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тэр дундаа хувийн орон сууц, байшин барилгыг орчин үеийн Европ технологиор барьж нутагшуулж байна. 1999 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй “Дэлгэр констракшн” Канад технологи буюу тэр дундаа модонсип технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Канад хийцийн модон барилга нь өртөг зардлыг бууруулах, хүмүүсийн ая тухай орчинг бий болгоход илүү чиглэсэн гэж хэлж болох юм. СИП байшин гэдэг нь даацын дулаалгатай хавтангаар байшин барих арга юм. СИП хавтангийн гол түүхий эд нь өнгөлгөөний материал, дулаан хадгалах, дуу тусгаарлах болон бусад материалуудаас бүрдэнэ. Түүнээс гадна олон улсын стандартад нийцсэн OSB хавтан, цементэн хавтан, чулуун хөвөн, хөөсөн хатанг ашигладаг гэнэ.
Барилгын материал хэрхэн ямар дамжлагаар бэлэн болдгийг товч сонирхуулъя. Захиалагчийн хүссэн загварын дагуу барилгын зургийг гаргаж үйлдвэрт өгдөг. СИП хавтанг бэлэн болоход үйлдвэрийн 4-5 дамжлагыг дамждаг. Эхний ээлжинд хавтанг бэлтгэдэг бөгөөд ОSB хавтан, дулаалгын хөөсийг давхарлан наана. Бэлэн болсон хавтанг тусгай хэв баригч төхөөрөмжид оруулдаг. Эндээс гарсан хавтанг захиалагчийн өгсөн хэмжээний дагуу зүсэж, хажуугийн налууг зүсэж тааруулна. Тус хамт олон газар дээр нь очиж барилгын хэмжээг авдаг учраас угсралтын ажил хэмжээнээс хамаарч 1-3 долоо хоногийн дотор бэлэн болгож түлхүүрийг нь гардуулан өгдөг байна. Ердөө л энэ дамжлагын дараа та стандартад нийцсэн байшинтай болох нь.
Уламжлалт барилгын хувьд тулгамдсан нэг асуудал нь дулаан алдалтын асуудал байдаг. Тэгвэл СИП технологийн байшин энэ асуудлыг бүрэн шийдэж чадсан юм. Учир нь СИП байшингийн дээвэр, шал, хана нь дулаан хадгалах, тусгаарлах чанартай байдаг. Уламжлалт технологиор барьсан барилгуудыг бодвол халаалтын зардал 60-80 хувиар бага байдаг нь том давуу тал юм. Тус компани СИП хавтангаар зөвхөн амины орон сууц төдийгүй сургууль, цэцэрлэг барьж эхэлжээ. Даацын, дулаалгын хавтан буюу СИП хавтангаар өнгөрөгч онд Баянзүрх дүүргийн нутагт 150 хүүхдийн багтаамжтай барьж ашиглалтанд оруулсан гэнэ.
СИП технологийн гол онцлог нь 100 хувь эко буюу хүний биед хор нөлөөгүй юм. Барилгын салбар өндөр хөгжсөн орнуудад СИП технологиор хүүхдийн цэцэрлэг, сургууль эмнэлэг барих нь түгэмээл байдаг нь эрүүл ахуйн шаардлага стандартыг бүрэн хангасантай холбоотой аж. Уг технологийн дагуу нийслэл болон хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих ажлыг гүйцэтгээд байна. Увс аймгийн Улаангом суманд МСҮТ болон өргөтгөл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 320 хүүхдийн сургууль, Хэнтий аймгийн Дадал сумын Нисэх онгоцны буудал, Хөвсгөл аймгийн ТЕГ-ын байр зэргийг барьж ашиглалтанд оруулжээ.