Үндэсний үйлдвэрлэгч тодотголтой “Гурван марал” групп 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Барилгын хуурай хольц болон хөөсөнцөрийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 2014 оноос хөөсөнцөрийн үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд галд тэсвэртэй, үндэсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна.
-Гурван марал групп хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай “Гурван марал” групп үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Анх барилгын хуурай хольц үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр галд тэсвэртэй хөөсөнцөрийн үйлдвэрийг ашиглалтанд оруулаад ажиллаж байна.
-Хөөсөнцөрийн үйлдвэр байгуулах санаа хэзээ төрсөн бэ?
-Хөөсөнцөрийн үйлдвэрийн зах зээлд монголд хөгжөөд удаж байна. Монголд ажиллаж байгаа хөөсний үйлдвэрийн ихэнхи нь гадны хөрөнгө оруулалттай байдаг. Тийм учраас үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг байгуулж гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотоодоо авч үлдэхийг хичээсэн. Мөн хөөсөнцөрийн нягт, жин гээд стандартын зөрчил их байсан. Үүнийг арилгаж шинэ стандартыг бий болгох шаардлага байсан.
-Хөөсөнцөр нь галыг их дэмжиж өгдөг материал шүү дээ. Танай үйлдвэрийн хөөсөнцөр галыг дэмждэггүй гэж хэлж байна?
-Галыг хамгийн их дэмждэг барилгын материал нь хөөсөнцөр байдаг. Манай үйлдвэрийн хөөсөнцөр галыг дэмждэггүй харин ч унтраадаг. Гал гарсан тохиолдолд шатахгүй, газар авхуулахгүй гэсэн үг.
-Хөөсөнцөрийн түүхий эд материалыг хаанаас авдаг вэ?
-Хөөсөнцөрийн түүхий эдийг БНХАУ-аас авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Эхний ээлжинд хөөрүүлгийн машинд хөөрүүлж, тусгай тор луу татсаны дараа эцсийн бүтээгдэхүүн гаргах шахагч машинд хийдэг. Шахсан хөөсөө захиалсан хэмжээний дагуу зүсэж бэлддэг.
-Танай хөөсөнцөрийн үйлдвэртэй хэдэн компани, аж ахуй нэгж хамтран ажилладаг вэ?
-Манай хөөсөнцөрийн үйлдвэр ашиглалтанд орсон цагаас эхлэн хамтран ажиллаж байгаа олон компани байдаг. Өнөөдрийн байдлаар 70 гаруй барилгын компанитай хамтран ажиллаж байна. Барилгын компаниудаас гадна Гермес, Номин стандарт гэсэн томоохон худалдааны төвд борлуулалтын цэг ажилладаг.
-Манай оронд хөөсөнцөрийн олон үйлдвэр ажиллаж байна. Хэрэглэгч яагаад заавал танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох шалтгааныг хэлэхгүй юу?
-Хөөсөнцөрийн үйлдвэрүүдийн хувьд цэвэр жин, нягтдаа хүрдэггүй гэсэн асуудал байдаг. Манай үйлдвэр үүнийг арилгахын төлөө ажиллаж байна. Ижил үнээр зах зээлд борлуулж байгаа боловч хөөсөнцөрийн стандартыг баримталж ажиллахын төлөө хичээдэг.
-Хөдөө орон нутагт барилгын салбар хөгжиж байгаа. Танай бүтээгдэхүүнийг орон нутгаас хэр их захиалдаг вэ?
-Борлуулагч цэгүүдээр дамжуулан орон нутагт борлуулалт хийдэг. Цаашид 21 аймагт борлуулалтын цэгтэй болохоор судалгааны ажлыг явуулж байна. Орон нутгийн иргэд өөрсдөө захиалгаа өгөөд бүтээгдэхүүнээ авдаг. Манай бүтээгдэхүүний 20 гаруй хувь нь орон нутгийн зах зээлд борлуулагддаг гэсэн судалгаа байдаг.
-Барилгын салбар хөгжиж буйтай холбогдуулан хуурай хольцийг эх орондоо үйлдвэрлэж байна. Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Манай хуурай хольцийн үйлдвэрт гадна хар замаск, дотор хар замаск, плита, хөөсний цавуу, шал тэгшлэгч гэх мэт найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өдөрт 20-30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улсад хуурай хольцийн олон үйлдвэр ажилладаг учраас бид илүү чанарыг эрхэмлэж ажилладаг.
-Хуурай хольцийн үйлдвэрлэлд тулгардаг гол бэрхшээл нь юу байдаг вэ?
-Чанар стандартын тухайд манай бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс дутахгүй. Барилгын материал, хуурай хольцын бүтээгдэхүүн дээр нэг асуудал байдаг нь жин, тоо дутах тохиолдол байдаг. Ялангуяа урд хөршөөс ирж байгаа бүтээгдэхүүнд энэ асуудал түлхүү ажиглагддаг.
-“Гурван марал” групп үйл ажиллагаа явуулаад гурван жилийн нүүрийг үзсэн байна шүү дээ.Үндэсний үйлдвэрлэгч компани зах зээлд хэр танигдаж чадсан бэ?
-Анх биднийг хэн ч мэддэгүй байсан бол өнөөдрийн хувьд тодорхой хэмжээнд хамтран ажилладаг олон газруудтай боллоо. Ялангуяа манай хөөсөнцөрийг барилгын компаниуд маш их сонирхож худалдан авдаг. Манай улс барилгын материалын сүүлийн 20 жилийн турш импортоор авч хэрэглэсэн. Одоо эргээд үндэсний үйлдвэрлэл дэмжих сэтгэлгээ хүмүүсд суудаг. Импортын бүтээгдэхүүн өндөр үнэтэйгээс гадна, чанарын ямар ч баталгаа байдаггүй. Харин дотоодын бүтээгдэхүүнд энэ бүх төрлийн асуудал үүсэхгүй.