Баялаг бүтээгчдийг дэмжих төслийнхөн Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Эрдэнэт хотод эдийн засагт дорвитой нөлөө үзүүлдэг үйлдвэр, компани хэд хэд бий. Тэдний нэг нь “Металл-Индустриал” ХХК . Өдгөө 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техникийн сэлбэг, хэрэгсэл, тээрмийн ган бөмбөлөг зэргийг үйлдвэрлэдэг юм. “Металл-Индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Дэлгэрбаттай ярилцлаа.
-Танайх хүн бүрийн мэдэхгүй техник, хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тийм болохоор компаниа товч танилцуулахгүй юу?
-“Метал-Индустриал” ХХК нь 1997 онд метал боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жилд 5000 тонн ган, ширэм болон өнгөт төмөр хайлуулж, хүнд үйлдвэрийг тоног төхөөрөмж, машин техникийн сэлбэг хэрэгсэл, тээрмийн ган бөмбөлөг зэргийг үйлдвэрлэж байна. Тухайлбал ган бөмбөлөг, грейдэрийн хутга, экскаваторын шүд, бульдозерын хутга, тээрмийн хуяг, бутлуурын алх, ир гээд 120 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
120 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
-Тоног төхөөрөмжөө хаанаас авдаг вэ. Танайх удахгүй шинэ үйлдвэрээ нээх гэж байгаа гэсэн үү?
-Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр анхаарч ажилладаг. Ойрын хугацаанд 1.5 тн-ын багтаамжтай зуухыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-аас хамгийн сүүлийн үеийн ган бөмбөлөгний бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулна. Үйлдвэрт өргөтгөл хийснээр жилд 5000-6000 тонн цутгуур бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай болно.
Жилд 5000-6000 тонн цутгуур бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай болно.
Металл бүтээгдэхүүн онцлогтой найрлагад олон төрлийн элемент багтдаг. Тийм учраас төмрийн лабораторитой байх ёстой. Манайх мэргэжлийн хүмүүс ажилладаг лабораторитой. Ингэснээр захиалагчийн хүссэн химийн орц, найрлагын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болдог. Харин импортын бүтээгдэхүүний орц, найрлага нь тодорхой бус байдаг.
-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс гадна өөр ямар аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж байна вэ?
-Дулааны цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллаж байна. Орон нутгийн зүгээс цаашид илүү дэмжиж ажиллавал үр дүнд хүрнэ.
-Танай салбарын хувьд өрсөлдөгч бага ч импортоор орж ирэх нь их байдаг байх?
-Тиймээ. Цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зах зээлийн 90 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Импортыг бодлогын түвшинд хязгаарлаж чадвал үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ хурдан босно.
-Эрдэнэтээс өөр газраас захиалга ирж байна уу?
-Эрдэнэтээс гадна Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон хэд, хэдэн уул уурхайн компани гээд 30 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Мөн хувь хүмүүсээс бүтээгдэхүүн хийлгэх захиалга багагүй ирдэг.
-Манай үндэсний үйлдвэрлэгчид бие биенээ дэмжиж, хамтран ажиллах чадвар дутмаг байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш нь чангааж байгаа хүчин зүйл мэт санагдах юм?
-Мэдээж бид эхний ээлжинд гадаадын бус дотоодын зах зээлийг хэрэгцээг хангаж ажиллах нь чухал. Тухайлбал манай үйлдвэр уул уурхайн салбарыг дагаж хөгждөг. Уул уурхайн салбар уналтанд ороход манай үйлдвэрт нөлөөлөх жишээтэй. Харин одоо салбараа дагаад борлуулалт нэмэгдэж байна.
-Бэлэн болсон бүтээгдэхүүнийг харахад овор хэмжээ ихтэй цул төмөр харагдаж байгаа ч үйлдвэрийн явцыг харахад хэд хэдэн дамжлагааар орсон бололтой?
- Тэгэлгүй яахав. Захиалсан бүтээгдэхүүн хамгийн түрүүнд моделийн хэсэгт очдог. Бүтээгдэхүүний загварыг эд ангийн биетээр эсвэл ажлын зургаар модель гаргаж цутгуурын дамжлагад ирдэг. Орц, найрлага захиалагчийн хүссэнээр хийж цутгаад хэд, хэдэн боловсруулалтын шатыг дамждаг. Токарийн хэсэгт бүтээгдэхүүн очиж бэлэн болдог.
Орц, найрлага захиалагчийн хүссэнээр хийж цутгаад хэд, хэдэн боловсруулалтын шатыг дамждаг.
-Та бүхэн ойрын хугацаанд ямар зорилтыг тавин ажиллаж байна вэ?
-Ойрын хугацаанд тоног төхөөрөмж, шинэ үйлдвэрийг хугацаандаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрийн бүтээмж нэмэгдсэнээр захиалагчийн бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд гаргаж өгөх нөхцөл бүрдэнэ. Эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулдаг компаниудтай хамтран ажиллладагтаа баяртай байдаг. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллана.
Ойрын хугацаанд тоног төхөөрөмж, шинэ үйлдвэрийг хугацаандаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье.