“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Бат хүлэмж” ХХК-ийг зорилоо. Солонгос технологийн хүлэмжийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн тус компани жилдээ 70-80 хүлэмж барьдаг гэнэ.
“Бат хүлэмж” ХХК-ийн захирал Ч.Баттулга
-Үйл ажиллагаагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Бид 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Солонгос хүлэмжийг Монголдоо хийх зорилготой. Биднийг анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад зах, дэлгүүрүүд Хятадаас ихэнх ногоогоо оруулж ирдэг байсан. Тиймээс хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэсэндээ Монголдоо тарьж, ургуулахын тулд хүлэмж хийж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд ч айл өрх бүр зуслан, хашаандаа ногоо тарих болсон. Анх Солонгосоос материал хэрэгслээ оруулж ирээд өөрсдөө гараараа хийдэг байсан. Харин 2012 оноос хүлэмжийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн.
2012 оноос хүлэмжийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн
-Хичнээн төрлийн хүлэмж хийж байна. Нэг хүлэмж хэдий хэр хугацаанд бэлэн болох вэ?
-Одоогоор гурван төрлийн хүлэмж барьдаг. Өвлийн болон зуны хүлэмжүүд. Мөн давхар, нийлэг, дан хүлэмж гэж бий. Саяхан бид Булган аймагт өвлийн, халаалттай хоёр давхар хүлэмж барьж, хүлээлгэж өгсөн. Давхар хүлэмжийн онцлог нь гуравдугаар сард тариалалт эхлээд, арваннэгдүгээр сар хүртэл ургац хураан авах боломжтой байдаг. Захиалагчийн хүсэлтийн дагуу ямар ч хэмжээтэйг хийж болно. Хэмжээнээс хамаараад хийх хугацаа нь өөр, өөр байна. 4:6 харьцаатай хүлэмжийг өдөрт хоёроос гурвыг, 8:40 харьцаатай хүлэмжийг нэг өдөрт хийдэг.
-Өнгөрсөн хугацаанд хичнээн хүлэмж хийж, захиалагчид хүлээлгэн өгсөн бэ?
-Есөн жилийн хугацаанд жилд том, жижиг 60-80 хүлэмж хийсэн.
-Импортоор орж ирж байгаа хүлэмжээс ялгарах давуу тал гэвэл?
-Солонгос хүлэмжийн трубаных нь хана нимгэн байдаг. Зарим газар туршлагагүй хүмүүс барих тохиолдолд нурчихсан байдаг гээд сул тал их бий л дээ. Гэхдээ гаднын юм чанартай гэдэг нөгөө ойлголт одоо ч хэрэглэгчдэд байсаар байна. Манайх ханаа зузаан, сантехникээ зэвэрдэггүй трубагаар хийдэг болохоор давуу талтай. Иймээс Хятад хүлэмжээс ч бага зэрэг үнэтэй байх тохиолдол бий. Бидний ашигладаг нийлэг материал буюу пилонкийн эдэлгээг хүмүүс их асуудаг. Манайх хүлэмжийн нийлэг материалаа Солонгосоос импортолдог. Нар, салхинд өвөл зунгүй байхад 4-5 жилийн настай. Мөн хот дотор хүссэн газар нь очиж хүлэмжээ угсарч өгдөг. Орон нутагт ч ялгаагүй, бид хүлэмжээ очиж угсарч өгөөд ажлын хөлс гэж авдаггүй. Зөвхөн тээврийн зардлаа л авдаг болохоор үнэ хөлс их гэж санаа зовох зүйлгүй.
Нар, салхинд өвөл зунгүй байхад 4-5 жилийн настай
-Зун цагт хүлэмжийн тариалалт ихэсдэг шүү дээ. Хүлэмжинд тариалалт эрхлэхийн давуу тал нь юу юм бол?
-Хүлэмжинд ургасан тарьц өвлөөс бусад улиралд шилжүүлэн тарих боломжтой байдаг. Мөн хурдан хугацаанд ургадаг болохоор ашиг шим ихтэй.