УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын байр суурийг сонслоо.
-Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлуудад МАН-ын бүлэг ямар байр суурьтай оролцох вэ?
- УИХ дахь МАН-ын бүлэг чуулган завсарласан хугацаанд ажиллах зарчмаа тодорхойллоо. Орон нутагт ард, иргэдтэй уулзаж хууль сурталчилах ажлаа хийлээ. Түүнчлэн УИХ-аар цааш хэлэлцэх асуудлууд дээр санаа бодлыг нь сонслоо. Ялангуяа сонгуулийн тухай хуультай холбогдуулж аймаг, сумдад амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг сонссон учраас тодорхой зарчмын байр суурьтай оролцоно.
- Таван толгойн асуудалд ямар байр сууринаас хандах вэ?
- Бидэнд материал ирээгүй байна. Эхлээд материалтай нь танилцаж байж байр сууриа илэрхийлнэ. Тавантолгойн хэлэлцээр нь Монгол улсын үндэсний эрх ашигт нийцсэн байхаас гадна ард иргэдэд амласан 1072 хувьцааг амь оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Тавантолгойн хэлэлцээр нь Монгол улсын үндэсний эрх ашигт нийцсэн байхаас гадна ард иргэдэд амласан 1072 хувьцааг амь оруулах шаардлагатай гэж үзэж байгаа
- Казиногийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай юу?
- Казиногийн тухай хуулийг одоогоор хараагүй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.
-Хаврын чуулганаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тэгвэл үндэсний баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих ёстой вэ?
- Баялаг бүтээгчдээ дэмжих нь Монгол Төрийн бодлого. 1990 оноос манай улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээр зах зээлийн харилцааг хүлээн зөвшөөрсөн. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийг авч явж буй гол хүчин зүйл нь баялаг бүтээгчид буюу хувийн хэвшлийнхэн болсон. Тэд манай улсын эдийн засгийн 80 хувийг авч явж байна. Түүнчлэн нийт иргэдийн 70 хувь нь баялаг бүтээх салбарт ажилладаг. Баялгийг зөвхөн ард түмэн бүтээдэг. Төрд татвараа төлж төсвийн орлогыг бүрдүүлдэг. Тиймээс эдгээр хүмүүсээ дэмжсэнээр Монгол төрийн бодлого хэрэгжинэ.
Монгол Улсын эдийн засгийг авч явж буй гол хүчин зүйл нь баялаг бүтээгчид буюу хувийн хэвшлийнхэн болсон