"Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэр 2012 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нэр төрлийн нарийн боов, талх зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. "Алиман сар" үйлдвэрийн хамт олон хүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм.
"Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэрийн захирал Н.Дулмаа
Анх хувийн үйлдвэрлэл явуулж эхлэхэд ямар байв. Тэр цаг үеийг эргээд дурсвал ?
Аливаа зүйлийг шинээр эхлэхэд олон төрлийн саад бэрхшээл тулгардаг. Хэдий салбараа мэддэг ч надад дутагдаж байсан гол зүйл нь хүн байсан. Хамгийн чухал баялаг нь хүн шүү дээ. Хүн байж л баялаг бүтээнэ. Эхэндээ ах дүү нарынхаа хүүхдүүдийг гуйж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Гэхдээ аливаа ажлыг дадлага чадвартай гэхээс илүү сэтгэлтэй хүн хийвэл цаашид гарах үр дүн илүү өндөр байдаг гэдгийг ойлгосон.
Үйлдвэрлэл явуулж эхлэхэд тулгардаг хамгийн эхний асуудал нь санхүү байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байсан бэ?
Эхэндээ санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхдөөсөө босгож үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад Хас банкны хамт олон манайд орж ирээд бидэнд зээл авахыг санал болгож байсан. Энэ жил зээлээ төлж дуусгана.
Үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс хамгийн чухал үнэт зүйлсийг олон янзаар тайлбарладаг. Харин таны хандлага өөр мэт санагдаж байна?
Хамгийн чухал зүйл нь санхүүгийн асуудал, баг хамт олон байдаг. Санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхөд бусад зээл тусламж зэргээр зохицуулж болдог. Харин ажилдаа сэтгэл гаргаж ханддаг багийг бүрдүүлнэ гэдэг удирдагч хүнээс их хамаардаг.
Бизнес эхлэхэд удирдагч хүний боловсруулсан арга гэж байдаг. Нарийн боовны томоохон үйлдвэрээс эхлээд жижиг цехүүдийн тоо олон шүү дээ. Энэ зах зээлд өрсөлдөх чадвар, онцлог давуу талтай байж борлуулалт сайн байх нь дамжиггүй?
Нарийн боовны үйлдвэрлэл манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн. Энэ зах зээлийн өрсөлдөөнд хүний эрүүл мэндийг дэмжих, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгыг өмнөө тавьсан. Түүнээс биш технологи, үнэ зэрэг бусад зүйлээр өрсөлдөөд бид амжилт олохгүй.
Эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн гэж та сая ярилаа шүү дээ. Үүнийг дэлгэрүүлж сонирхуулахгүй юу?
Бүтээгдэхүүний найрлагад давс, сахар, дээд зэргийн цагаан гурилын орц хэмжээг багасгаж улаан буудайн 1, 2-р гурил, бүхэл үрийн гурил, арвайн гурил, хужир, бал бурам, цөцгийн тос, үзэм зэрэг хүний эрүүл мэндийг зохицуулах үйлчилгээтэй түүхий эдийг түлхүү ашиглаж байна. Ерөнхийдөө хүмүүсийн хэрэглээ ч энэ чиглэл рүү явж байгаа.
Хүний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн гэдэг хамгийн аюулгүй байх ёстой. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
Манай бүтээгдэхүүнд ямар нэгэн өнгө, амт оруулагч, хадгалах хугацааг уртасгагч зэрэг химийн материал ордоггүй. Мөн мэргэжлийн хяналтын газрын шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл ахуй, ариун цэврийн стандарт үзүүлэлтийг бүрэн хангасан орчинд үйлдвэрлэлээ явуулдаг.
Манай улс импортын бүтээгдэхүүнээс хараат байсан үе саяхан. Харин сүүлийн жилүүдэд дотооддоо олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл хөгжихийн гол үндэс нь хэрэглэгчдийн худалдан авалт байдаг. Дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага хэр байна гэж дүгнэдэг вэ?
Нэг үеэ бодвол манайхан олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Хэрэглэгч импортын бүтээгдэхүүн эсвэл дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах нь сонголтын хэрэг. Бид импортын бүтээгдэхүүнээс илүү гарахын тулд амт, чанар, өнгө үзэмж гээд олон зүйлээр илүү байх ёстой. Мэдээж дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг олон хүн байгаа учраас манай үйлдвэрлэл өдий зэрэгтэй яваад 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад явж байна.
"Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэрийн цаашдын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ?
Мэдээж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх гээд олон төлөвлөгөө байгаа. Манай үйлдвэрт 18-25 насны залуучууд ажилладаг. Цалинтай байлгахаас гадна энэ залуучуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Ажилчдадаа зөв амьдрах ухаан, ажилдаа хандах сэтгэлгээ зэргийг суулгахын төлөө хичээж байна.
Утас: 99099505, 99106955