Манай улсын авто тээврийн салбар 100 хувь гадаад улсын хараат байсан цаг саяхан. Харин 2006 онд монгол инженерүүд хамтран анхны троллейбусыг эх орондоо угсарч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн байдаг. Харин "Экологбус" компани 2014 оноос өөрийн эх орондоо нийтийн тээврийн автобусыг эх орондоо угсарч үйлчилгээнд нэвтрүүлсэн юм. "Евро-4" буюу дизель хөдөлгүүрийн утааны хортой азотын ислийг ердийн азот ба ус болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий хөө тортог гаргахгүй, компьютерийн удирдлагатай, евро 4 стандартын дизель хөдөлгүүр, вакум цонх, портал тэнхлэг хийн нум, намхан шал, 2 гишгүүртэй шат, тэнцвэртэй иргэд зорчих нэмэлт төхөөрөмжөөр тоноглох техникийн боломж зэрэг дэвшилтэт хийц технологийг шингээсэн автобус юм. J-800Т маркын зургаан ширхэг автобус, нэг DAEWOO BS106 автобусны утааг ялгаруулдаг нь энэ автобусыг эко гэж нэрлэхэд хүргэхсэн юм. Экобус" автобусны үйлдвэр жилд 120 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай.
"Экологбус" компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа
-Авто тээвэр тэр дундаа нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулах болсны зорилго юу байсан бэ?
-Манай "Экологбус" компани 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай баг авто машин үйлдвэрлэлийн салбар луу орох болсон шалтгаан нь эртний түүхтэй. Хамгийн анхны троллейбусыг 2006 онд "Цахилгаан тээвэр" компанид үйлдвэрлэж байсан. Эхэндээ автомашиныг засварлаж байсан бол яваандаа үйдвэрлэх хэмжээнд хүрч чадсан. Ингээд баг хамт бүрдээд үйлдвэрлэлээ амжилттай явуулсаар өдийг хүрээд байна.
-Авто тээврийн салбар өөрөө хүнд шүү дээ. Үйлдвэр босгохын тулд санхүүгийн асуудал мэдээж тулгарч байсан байх?
-Хүн бүрийн ороод байдаггүй салбар. Учир нь эхний хөрөнгө оруулалт өндөр, оюуны багтаамж ихтэй баг хамт олныг шаарддаг. Зөвхөн мөнгөтэй байгаад хийж чадах зүйл биш. Анхны троллейбусны үйлдвэр дээр төр дэмжиж ажилласан.
-Та сая яриандаа дурдлаа. Зөвхөн хөрөнгө мөнгөнөөс гадна мэргэжлийн инженерүүдийн баг хамт олон хэрэгтэй гэж. Манай улсын инженерийн боловсон хүчин ямар түвшинд байна вэ?
-Одоохондоо гарсан хүндрэл байхгүй байна. Механик инженерийн сургуульд инженерүүдийг бэлтгэдэг. Харин гуравдугаар курсээс инженер болох ирээдүйтэй хүүхдүүдийг сонгож ажиллуулаад үйлдвэрийн талаархи ойлголтыг өгдөг.
-Эко автобус нийтийн тээврийн салбарт яваад багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэглэгчдийн зүгээс ямар хандлагатай байдаг вэ?
-Ард иргэдийн зүгээс манай автобусанд ам сайтай байдаг. Бид 40-өөд жил энэ салбарт ажиллаж байгаа учраас өөрийн орны онцлогт тохирсон автобусыг үйлдвэрлэж байна. Аюулгүй байдал, тав тух гээд бүх зүйл дээр анхаарч ажилладаг. Өвлийн хүйтэнд импортын автобуснууд цонх нь цантаад, үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа манай нэг ч автобуснаас ийм зүйлийг олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Хий намтай учраас явдал зөөлөн, шал намхан учраас тогтворжилт сайтай. Мөн технологийн хувьд хурд хязгаарлагч, цахилгаан тоормос гэх мэт аюулгүй байдлыг сайжруулж өгсөн.
-Эко автобус "Евро-4" стандарттай гэж яриад байгаа. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлавал?
-Евро стандарт гэж ярьдаг боловч энэ бол дэлхийн нийтийн стандарт юм. Хөдөлгүүрийн хийцийг тодорхойлохоос гадна хорт хаягдлын хэмжээг хязгаарлаж өгсөн байдаг. "Евро-4" хөдөлгүүрээс хорт утаа буюу азотын исэлийг саармагжуулж өгдөг. Азотын исэлийг саармагжуулна гэдэг бол хорт утаа ялгарахгүй буюу эко гэж хэлээд байгаа юм.
-Манай улсад явж байгаа ихэнхи нийтийн тээврийн хэрэгсэл насжилт нь дуусах дөхсөн учраас эвдрэл гэмтэл, цаашлаад осол гарах нь нэмэгддэг. Өглөө хөдөлсөн автобус ганц, хоёр буудал яваад унтрах энгийн үзэгдэл болсон байна.
-Манай улсад мөрдөгдөж байгаа стандартаар нийтийн тээвэрт 12 жилийн насжилттай автобусыг явуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ энэ стандартыг хянах шаардлагатай болжээ. Парк хуучирсаны улмаас эвдрэл, ослын тоо өсөөд байгаа юм. Төр засгийн зүгээс нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон алхмыг хийж байгаа. Харин үндэсний үйлдвэрлэгчид бид энэ ажилд үргэлж идэвхи санаачлагатай ажиллах болно.
-Зөвхөн автобус гэлтгүй аливаа зүйлийг эх орондоо үйлдвэрлэхийн үр өгөөжийг юу гэж дүгнэдэг вэ?
-Зөвхөн манай компанийн хувьд гэхэд л 20 автобус үйлдвэрлэхдээ үндэсний 78 жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчээс худалдан авалт хийсэн байдаг. Мөн 946 сая төгрөгний татварыг улсдаа тушаасан байна. Мөн тогтмол 40 хүнийг ажлын байртай болгосон. Мөн оюутнуудад үйлдвэрийн дадлагыг хийлгэж мэргэшүүлж байна гээд өөрсдөө үйлдвэрлэхийн олон ашиг тусыг хэлж болно. Монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүний үйлдвэрлэх цаг болсон.
-Үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага ямар байх бол?
-Манай угсралтын үйлдвэр уян хатан технологитой. Бүх төрлийн автобусыг угсрахаас гадна шаардлагатай үед ачааны автомашин ч угсарч болно. Том оврын 10 метрийн урттай автобус үйлдвэрлэх технологийг эзэмшлээ. Цаашид дунд болон жижиг оврын автомашиныг угсарч болно. Мөн манай үйлчилгээнд явж байгаа угсраа автобусыг угсрах боломжтой.
"Экологбус" компанийн ерөнхий инженер Д.Ариунболд
-Экобус автобус эх орондоо үйлдвэрлэж байна. Мэдээж эх орондоо үйлдвэрлэсэн учраас олон давуу талуудыг нэмэлтээр суулгаж өгсөн байх?
-Манай улсад явж байгаа нийтийн тээврийн автобуснууд "Евро-1", Евро-2" стандарттай байдаг. Харин манай автобус "Евро-4" хөдөлгүүртэй. Давуу тал гэвэл олон зүйлийг хэлж болно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан намхан шаттай, хийн нумтай, цахилгаан тоормостой, заалны халаагуур нэмэлтээр суурилуулсан, ваакум цонхтой зэрэг зүйлүүдийг дурдаж болно. Хамгийн гол нь монгол орны цаг агаар, бүх нөхцлийг харгалзан үзэж угсарсан автобус юм.
-Нийтийн тээвэрт 900 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Эдгээр автобуснуудын ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Энэ зах зээлийг эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар нөхөх боломж бий юу?
-Нийтийн тээвэрт явж байгаа 900 гаруй автобуснаас 2016-2017 онд 400 гаруй автобус насжилтаар хасагдах судалгаа гарсан. Тийм учраас нийтийн тээврийн шинэчлэлтийн асуудал яригдана. Манай үйлдвэрийн зүгээс 240 ширхэг "Евро-4" хөдөлгүүртэй автобусыг үйлдвэрлэх төслийг Засгийн газар, Аж үйлдвэрийн яам зэрэг газруудаас шийдэж өгсөн.
-Нийтийн тээврийн салбарынхан зам тээврийн осолд ихээр холбогддог. Үүнийг хуучин автобус үйлчилгээнд явж байгаа учраас гардаг гэж зарим хүмүүс тайлбарладаг. Энэ үг хэр үнэний ортой вэ?
-Манай улсад 2003-2004 онд үйлдвэрлэгчдсэн 250 орчим автобус нийтийн тээвэрт явдаг. Энэ автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан. Нийтийн тээврийн стандартын дагуу үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 12 жил болсон тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн заалт байдаг. Бусад орны жишгээр 7-8 жил болоод хөдөлгөөнд оруулахыг хориглосон байдаг. Тэгэхээр гадаад улсад 7-8 жил яваад ашиглалтын хугацаа дууссан автомашиныг импортоор оруулж ирээд нийтийн тээвэрт ахиад 4-5 жил сунгаад явж байна гэсэн үг. Үүнээс болж нийтийн тээврийн салбарт гарч байгаа ослын тоо буурдаггүй гэсэн тоо, баримт байгаа.