УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд хэлэлцэгдэх анхаарал татсан зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн байр суурийг сонслоо.
-Хаврын чуулганаар төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү тогтоолын төсөлд та баялаг бүтээгчдийг дэмжсэн ямар санал оруулах вэ?
-Бид өнөөдөр гаднын тусламж, дэмжлэг, ямар нэг гайхамшгийг хүлээх биш харин баялаг бүтээгчдээ дэмжих замаар улс орны эдийн засгийг босгох нь туйлын чухал. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалт тулгуурласан гаднын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй үндэсний хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчиддээ тулгуурласан эдийн засгийн бүтцийг бий болгох нь үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн үндсэн суурь болно гэдгийг бид туулсан замаасаа харлаа. Тиймээс бид уул уурхайн баялаг буюу байгаа баялагаа гаргаж зарах, нөгөө нь хүний хүч хөдөлмөр оюун ухаанаар бүтээгдэж, үйлдвэрлэсэн баялаг хоёртоо төрөөс баримтлах бодлогоо оновчтой зөв уялдуулж, баялаг бүтээгчдээ дэмжих төрийн бодлогоо маш сайн боловсруулах нь зүйтэй гэж харж байна.
Төрөөс баримтлах бодлогоо оновчтой зөв уялдуулж, баялаг бүтээгчдээ дэмжих төрийн бодлогоо маш сайн боловсруулах нь зүйтэй
-Масс агентлагаас санаачлан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл хөтөлбөрийн талаар та ямар санал хэлэх вэ?
-Энэхүү хөтөлбөрийн дэмжиж байгаа. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд яг ийм эх оронч, үндэсний эрх ашиг, эдийн засгийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг бол сайхан шүү дээ. Учир нь өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн маргаан, хэрүүл, тэмцэл гарсаар сүүлдээ монголчууд маань үүнээс залхсан байна. Үүний дүнд нийгэмд шүүмжлэх байр суурь хэт давамгай болсон. Энэ дунд гэрэлтэй гэгээтэй үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь өөрөө улс орны хөгжилд үнэхээр чухал юм. Нийгэм ч ийм гэрэл гэгээтэй мэдээллээр “цангасан” байгаа нь ч харагдаж байна.
-УИХ-ын хаврын чуулганаар Казиногийн хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Уг хууль хэрэгтэй эсэхэд иргэдийн санал хоёр хуваагдсан байна. Харин туршлагатай улстөрч хүний хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад байгаа хэрнээ мөнгөтэй, юм үзэж, зугаацах, аялах гэсэн дэлхийн хэдэн сая хүмүүсийг манайх яг юугаараа татах гээд байгаа юм. Жуулчдад зориулсан дэд бүтэц, бүтээн байгуулалт хаана байна вэ. Яг үнэндээ жуулчны баазад очихоор байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэсэн хэдэн хэдэн гэрээс өөр юу ч алга л байна шүү дээ. Тэгэхээр бид тэр хүмүүсийг татах бодлого, төлөвлөгөө төсөл байхгүй байна шүү дээ. Аялал жуулчлал хөгжсөн улс орнуудад хүмүүсийг татах бүхий л зүйл байдаг. Харин бид ирсэн жуулчдад үзүүлдэг хэдхэн зүйл л байна. Тэгэхээр бид хүний сонирхолыг татах цогц газар байгуулах ёстой. Үүнд казино байх ёстой. Казино хөгжөөд улс орон сүйрсэн зүйл алга. Бид казинотой холбоотой сөрөг зүйлд нь хууль эрх зүйн зохицуулалт хийгээд нээхэд болохгүй зүйл байхгүй. Энэ чинь гаднынхны мөнгийг авч үлдэнэ шүү дээ.
-УИХ-ын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын даргын хэлсэн үгэнд гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
Бид казинотой холбоотой сөрөг зүйлд нь хууль эрх зүйн зохицуулалт хийгээд нээхэд болохгүй зүйл байхгүй
-УИХ-ын дарга хэлсэн үгэндээ өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна гэж харж байгаа. Уул уурхай, нийгэм эдийн засагтай холбоотой гол гогцоо асуудлууд хууль дүрмийнхээ хүрээнд гарах ёстой. Гэхдээ эдийн засаг хүнд, ээдрээтэй байгаа энэ үед бид хоорондоо ойлголцох, нэгдсэн нэг бодлого зорилготой байх ёстой. Өнөөдрийн хувьд бол тэр нь зөв гээд хэлчих зүйл алга. Гэхдээ нэг хүн байр сууриа илэрхийлсний төлөө түүнийг нь нам эвслийн байр суурь болгож хараад, талцуулж ойлгоод, зөрчлийн манан үүсгээд байдгаа болих хэрэгтэй. Эцсийн дүндээ Монгол Улс гэсэн нэг л эрх ашиг явж байгаа шүү дээ.
Баялаг бүтээгчдээ дэмжих замаар улс орны эдийн засгийг босгох нь туйлын чухал