Монголын үйлдвэрлэл шинэ технологийг нэвтрүүлж чадсан хамт олон бол “Төгс дардас” ХХК юм. 2010 оноос принтерийн хорны худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа өргөжүүлж хор угсрах үйлдвэрийг байгуулан ажиллаж байна.
2014 онд олон улсын стандартад нийцсэн хоёр зэрэгцээ шугам бүхий өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулжээ. Тус үйлдвэр нь хорны дүүргэлт, угсралт, шалгалт, савлалт , судалгаа хөгжүүлэлт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ.
Мастер үйлдвэр нь принтерийн хорны эд ангиуд болох дүрсний бул, хор хусагч резинэн ир, зөөлөн бул, соронзон бул зэрэг эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчдээс нь авч өөрийн оронд угсарч, шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд хүргэдэг. Нунтаг хорыг Солонгос улсын LG, Дүрсний булыг Япон, соронзон булыг Турк, бусад эд ангиудыг БНХАУ-аас бэлтгэж байна.
Төгс дардах ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням
-Принтерийн хор үйлдвэрлэх санааг хаанаас олж авсан бэ?
-Манай компани 2010 онд байгуулагдсан. Анх импортын хорны худалдаа эрхэлдэг байсан. Тухайн үед хямдхан хор чанарын хувьд доголдол их гардаг байлаа. Асуудлаа шийдвэрлэх гэж яваад өөрсдөө принтерийн хорны цехийг байгуулсан. Үйлдвэрлэлийн процессыг сайтар судалж 2014 онд өөрийн үйлдвэрээ байгуулаад ажиллаж байна.
-Монголын принтерийн хорны зах зээл ямар түвшинд байна вэ?
-Монголын зах зээлийн багтаамжийг судалж үзэхэд найман тэрбум орчим төгрөгийн принтерийн хор худалдаалагдаж байна. Хэрэглэгчид суурилсан судалгаа хийж үзээд жилд 120 мянган ширхэг хорны хэрэгцээ манай улсад байна.
-Үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?
-Анх үйлдвэрээ байгуулахад өдөрт 300 ширхэг принтерийн хор үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байсан. Ажилчид маань дадлагажахын хирээр энэ тоо өссөн. Өнөөдрийн байдлаар өдөрт 400-500 ширхэг хор үйлдвэрлэх боломжтой. Одоогийн байдлаар 50 хувийн хүчин чадалтай ажиллаж байна.
-Принтерийн хорыг эх орондоо үйлдвэрлэх нь ямар давуу талыг болгож байгаа вэ?
-Принтерийн хорыг эх орондоо үйлдвэрлэх нь хэд хэдэн давуу талтай. Хамгийн гол чанар дээр 100 хувийн хяналтыг тавьж чаддаг. Үнийн хувьд илүү хямд. Мөн үйлдвэрлэгч сэтгэлгээтэй болж чанарыг сайжруулах, хаягдал бүтээгдэхүүнийг худалдан авч дахин боловсруулах сайн талтай.
-Хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар 100 орчим байгууллагатай ажиллаж байна. Үүнээс дурдвал “Төрийн банк” “Засгийн газрын хэрэг эрхлэх газар” “ УИХ-ын Тамгын газар” зэрэг олон төрийн байгууллага, хувийн аж ахуй нэгж хамтран ажилладаг. Зөвхөн принтерийн хор нийлүүлээд зогсохгүй цэнэглэх, дахин боловсруулах, принтерийн засварын үйлчилгээ үзүүлэх зэргээр харилцаагаа өргөжүүлсээр байна.
-Түүхий эд материалуудыг хаанаас оруулж ирдэг вэ?
-Үйлдвэрлэлийн явцад аль болох эх орондоо үйлдвэрлэсэн материалыг ашиглахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар хаяг шошго, цаасан хайрцаг зэргийг эх орноосоо авдаг. Бусад түүхий эд монголд байхгүй учраас импортоор авчирч угсардаг. Манай улсад хуванцарын үйлдвэр байгуулсан. Тэр үйлдвэртээ хамтраад жижиг эд ангиудыг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж байна.
-Үйлдвэрлэлээ сайжруулах ямар бодлогыг баримталж ажиллаж төлөвлөгөөтэй байна вэ?
-Бид принтерийн хорыг дахин боловсруулах төсөл дээр ажиллаж байна. Хэрэглэсэн хорыг дахин худалдаж аваад таван төрлийн эд ангийг шинэчлэн засварлаж эргэн зах зээлд худалдаалах юм. Ингэснээр илүү хэмнэллттэй төсөл гэж харж байна. Зөвхөн принтерийн хорны хаягдал гэхэд таван сая м/куб эзэлхүүнтэй хогийг бий болгодог. Дахин боловсруулж эхэлвэл хог хаягдлыг 75 хувиар бууруулж шинээр 24 ажлын байр бий болно. Мөн бичгийн цаас, принтер хоёрыг нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Принтерийн хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар үүсч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд олон тохиолддог. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдлууд байдаг. Харин Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэснээр энэ төрлийн эрсдэлд хэрэглэгчдэд үүсэхгүй гэсэн үг юм.
“Төгс дардас” ХХК-ийн борлуулалтын менежер С.Эрдэнбилэг
Монголд олон төрлийн принтер ашиглаж байна. HP, Samsung, Canon принтерийг түлхүү хэрэглэдэг. Манай үйлдвэр HP брэндийн хорыг универсиал болгож үйлдвэрлэдэг. Гүйдэг замтай болгож өгснөөр одоогийн байдлаар 30 гаруй төрлийн принтерт таарна. Импортоор орж ирдэг хорнууд 70-90 граммтай орж ирдэг. Манай үйлдвэрийн хувьд 90-110 граммын дүүргэллтэй байдаг учраас стандарт хэмжээндээ хүрч хэвлэхгүй байх гэсэн ойлголт гардаггүй.
“Номин”, “PC Mall” зэрэг 50 гаруй сүлжээ дэлгүүрээр борлуулалт хийж байна. Мөн дуудлагын дагуу үнэгүй хүргэж өгдөг. Харилцагч нартаа чирэгдэл учруулалгүй хүргэлт, засварын ажиллагааг үзүүлдэг. Мөн шинэ хор худалдаалахаас гадна засварын үйлчилгээг үзүүлж байна.