"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг хөдөө орон нутгаар явж байхад шувууны аж ахуй эрхлэгчид нэлээд байдгийг анзаарсан. Түүний дотор Дорнод аймаг өндөгний хэрэглээгээрээ хөдөө орон нутгуудаас нэлээд дээгүүрт ордог юм байна. Тийм ч учраас бидний зайлшгүй очих ёстой газрын нэг бол Дорнод аймгийн Г.Баяржаргал захиралтай “Өсөх шувуут” ХХК байлаа. Ингээд "ШӨ" буюу шинэ өндөг хэмээх дардас бүхий өндөгний үйлдвэрээр зочиллоо.
-Анх энэхүү бизнесийг эрхлэх санаагаа хэрхэн олж байсан бэ. Төрийн албан хаагч, оффист суудаг хүний хувьд энэ бизнесийг эхлүүлэхэд судалгаа их хийсэн байх?
-Анх энэхүү бизнесийн санааг олж авсан талаараа би ярих их дуртай байдаг. Гэрийн тахиа гэж мэдэхээс фермерийн тахиа гэж бол мэддэггүй байсан. 2012 онд юм даа. Нэг өглөө ажилдаа ирсэн чинь “Хөгжлийн шийдэл” ТББ-ын сэтгүүл миний ширээн дээр байлаа. Сэтгүүл дээр гахай, тахиа, хүлэмжийн ногоо үнээний фермийн талаар мэдээллүүд байсныг эргүүлэн уншиж байснаа гэнэт энэ тахианы аж ахуй их зүгээр санагдаад интернетээс бүтэн жилийн турш мэдээлэл цуглуулж, сэтгэлд нэг л багтаж байсан тул 2013 оноос ажил хэрэг болгож эхэлсэн. Энэ нэг жилийн хугацаанд үйлдвэрийн тахианы арчилгаа маллагаа, байр, савны асуудал болон зах зээлийнхээ судалгааг хийсэн. Судалгааны явцад манай аймгийн хэрэглэгчид нь оросуудын нөлөөгөөр өндөгний хэрэглээ нэлээд дээгүүрт ордог юм байна. Мөн тэр хэрээрээ Орос, Хятад болон нийслэлээс өндөг ихээр орж ирдэг нь ажиглагдсан. Өндөг уураг аминдэмээ эхний тав хоногт хадгалдаг учраас яг ийм өндгийг хэрэглэгчийн гар дээр өдөр тутам хүргэж болохыг ойлгосон. Ингээд тэр жилээ “Түмэн шувуут” ХХК-аас 600 өндөглөгч тахиа аваад үйл ажиллагаагаа эхлүүлж, "ШӨ" буюу шинэ өндөг гэсэн дардастай өндгөө худалдаанд гаргаж эхэлсэн. Тэгээд энэ аж ахуйг цаашид илүү их өргөжүүлж, аймгийн тодорхой хэмжээг шинэ өндгөөр хангахын тулд Төрийн банктай хамтран аймгийн батлан даалтын сангаас зээл авч аж ахуйгаа өргөжүүлэхээр 7000 өндөглөгч тахианы байрыг бариад одоогоор 85 хувьтай явж байна. Ирэх тавдугаар сард тахианы байр бэлэн болж үйлдвэрээ өргөтгөх болно.
Өндөг уураг аминдэмээ эхний тав хоногт хадгалдаг учраас яг ийм өндгийг хэрэглэгчийн гар дээр өдөр тутам хүргэж болохыг ойлгосон.
-Төрийн албан хаагч байсан хүн ингээд бизнес эрхлээд явж байхад бэрхшээлтэй зүйл хэр байна. Ажлаа хийгээд явж байсан бол гэх сэтгэл төрдөг үү?
-Анх 600 шувуугаа авчихаад өөрөө бүхнийг эхнээс нь сурахын тулд ганцаараа ажилладаг байлаа. Энэ үед бас халшрах зүйл байдаг л байсан. Гэхдээ "Түмэн шувуут"-аас тахиагаа авсан учраас тэднээс байнга асууж, сурч байсны ачаар бас их амар байсан шүү.
-Яг одоогоор аймгийнхаа хэрэглэгчдийн хэдэн хувийг өндгөөр хангаж байна. Хэрэглэгчдийн таашаал, санал бодол хэр байдаг бол?
-Манайх одоогоор 20-25 хувийг хангаж байгаа. Үйлдвэр бүрэн ашиглалтанд орчихвол 50-60 хувийг хангах боломжтой болно. Цаашлаад 2016 ондоо багтаад Дорнод аймгийнхаа өндөгний хэрэглээг 100 хувь хангана гэсэн зорилго тавьж байгаа.
Бид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн цагаасаа судалгаа хийсээр ирсэн. Хамгийн түрүүнд шинэ өндөг газар дээрээс нь шууд нийлүүлж байгаа гэдгээрээ маш их таалагдаж байгаа. Хоёрдугаарт орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтарч ажиллан, үйлдвэрлэлийн явц, эрүүл ахуйн шаардлагууд, бүтээгдэхүүний чанарын тал дээр бүх шинжилгээг хугацаанд нь хийлгээд явдаг учраас хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан.
Цаашлаад 2016 ондоо багтаад Дорнод аймгийнхаа өндөгний хэрэглээг 100 хувь хангана гэсэн зорилго тавьж байгаа.
-Танайд одоо хэчнээн хүн ажилладаг вэ. Тахианы өндөглөх чадвар ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
-Манайх одоогоор гурван ажилчинтай ч үйлдвэр өргөжвөл 8-10 хүнийг нэмж ажиллуулах боломжтой болно.
Тахиа дэгдээхий байхаасаа өндөглөх хүртлээ бойжих үе нь 120 хоног байдаг ба 18 сарын хугацаанд идэвхитэй өндөглөөд тэрнээс цааш чадвараа алддаг. Тэгээд дахин сүрэг шинэчлэх шаардлагатай болдог. Нэгэнт өндөглөх хугацаа нь дууссан тахиаг шинжилж үзээд өвдсөн байна уу, эсвэл насжилт нь болсон байна уу гэдгээс шалтгаалан хэрвээ өвдсөн бол эмчлэх арга хэмжээ авч, насжилт нь дууссан бол заазалдаг.
-Нэг тахиа өдөрт хэчнээн өндөг гаргадаг вэ, тахиаг ямар дарааллаар арчлах уу?
-Аж ахуйн тахиа их араншинтай, тусгай арчилгаа шаарддаг. Тахиа усаа уухгүй, хоол нь гологдвол өндгөө гаргахгүй болчих жишээтэй. Тахианы байрлал суултыг өөрчилж болохгүй. Мөн хажууд нь танихгүй өөр тахиа ороод ирвэл тоншоод байдаг. Тахиагаа хэрхэн асарч арчилснаас л өндөгний чанар гарц шалтгаалдаг. Нэг өдөр л хоолны цагийг нь хоцрооход өндөг нь багасчихна. Айлгаж үргээвэл өдөр бүр өндөглөх ёстой тахиа маань нэг өдөр өндөглөөд нэг өдөр болиод, дараагийн өдөр өндөглөөд гэхчлэн доголдож эхэлдэг. Хажууд нь огцом хөдөлж болохгүй. Тахиа цочсоноосоо болоод өндгөө татах, шууд газар дээрээ үхэх эрсдэлтэй. Мөн өндгөвч нь өвднө. Үүнийг яаж мэдэх үү гэхээр өндөг хальсандаа цустай гардаг. Тэр тохиолдолд тариа хийнэ. Эмчилгээ хийнэ. Хэрвээ өндөг нь дотроо хагарвал тэр тахиа дахиж өндөглөхгүй болдог. Тахиагаа витаминжуулж, марганец уулгана. Урвайгаад эхэлбэл тахиагаа үзэж, харж оношлох хэрэгтэй.
Яг л тогтсон цагт хооллож, гэрлээ хүртэл цагт нь асааж, унтрааж байх ёстой. Ерөнхийдөө тахиа өдөрт нэг л өндөглөдөг. Нийт 2800 шувуу маань 90-99 хувьтай өндөглөж байна. Нийт тахиа 90-ээс дээш хувьтай өндөглөж байвал сүрэг сайн байна гэж үздэг. Үүнээс доош буугаад ирвэл сүргийг шинэчлэх шаардлагатай.
Өглөө найман цагт гэрлээ асааж 8:20-д тэжээлээ өгнө. Ингээд өглөөний гарцаа түүж авна. Үүний дараа цэвэрлэгээ ариутгалаа хийгээд хэсэг тайван амраана. Манайх өдөрт хоёр хооллодог. Дахин 15:30-д тэжээлээ тавьж өгсний дараа үлдэгдэл өндгөө хурааж авна. Ингээд хураасан өндгөө арчиж цэвэрлээд дардасаа дарж түгээлтэнд бэлтгэнэ.
Үүнийг яаж мэдэх үү гэхээр өндөг хальсандаа цустай гардаг. Тэр тохиолдолд тариа хийнэ. Эмчилгээ хийнэ. Хэрвээ өндөг нь дотроо хагарвал тэр тахиа дахиж өндөглөхгүй болдог
-Өндөгний чанар юунаас шалтгаалдаг вэ?
-Хамгийн гол нь хадгалалтаасаа өндөгний чанар шалтгаалдаг. Үүн дээр манай баримталдаг гол зарчим бол өндгөө аль болох хонуулахгүй шинээр нь хэрэглэгчдэдээ хүргэх байдаг. Тийм ч учраас тухайн дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөрт хэчнээн өндөг борлуулагдаж байгаагаас шалтгаалан өндгөө тараадаг. Бид түгээлтэнд санаа зовдоггүй учраас тухайн борлуулалтын цэг өндгөө дууссан гэвэл дахиад л хүргээд өгдөг.
-Энэ аж ахуйг эрхлэхэд хамгийн эрсдэлтэй хэцүү зүйл нь юу байдаг вэ. Тахианы өвчлөл хэр байдаг бол?
-Хамгийн гол нь шувуу маллаж буй хүний арчилгаа маллагаа л чухал байдаг. Тэрнээс амар бизнес гэж байхгүй. Хэцүү гэж бодвол юу ч хийхэд хэцүү л санагдах учраас бид шувуутайгаа яаж ажиллах, хорогдлыг нь хэрхэн багасгах, өвчилсөн бол яаж эмчлэх вэ гэх зэргээр шувуугаа л маш сайн анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас арчилгаа сайтай байвал ер нь өвдөх нь бага. Хамгийн гол нь хийгдэх ёстой 14 вакцинаа цаг хугацаанд нь хийж, явцын дунд шаардлагатай гэж үзвэл нэмэлт вакцинд хамруулаад явбал ер нь өвчлөхгүй.
Мөн тахианы байрны стандартыг алдагдуулж болохгүй. Агаарын чийгшил 60-70 хувьтай байж, дулааны хэмжээ +18 градус байна. Хот суурин газраас 10 км түүнээс дээш зайд 90 хувийн битүүмжлэлтэй байранд аж ахуй эрхлэх ёстой. Шувуучин стандартад заасан нэг л хувцастай байна. Хувцасаа соливол тахиа хоолоо иддэггүй, үргэж цочдог. Гэрлээ цагаар асаана. Тахиагаа амарч байх үед нь унтраана. Тэгэхгүй байнга гэрэлтэй байвал тахиа амарч чаддаггүй. Байрны ариун цэврийг сахиж, өдөр бүр кварцийн гэрлээр ариутгал хийнэ. Хоолыг нь өгдөг цагаасаа 10 минут хоцрооход л тахиа хямардаг. Хэрвээ энэхүү горим ямар нэг хэмжээгээр алдагдах юм бол тахианы өндөглөлт буурах, өвдөх, үхэх эрсдэлтэй байдаг.
Шувуучин стандартад заасан нэг л хувцастай байна. Хувцасаа соливол тахиа хоолоо иддэггүй, үргэж цочдог.
-Ямар тэжээл хэрэглэдэг вэ?
-Манайх өмнө нь Түмэн шувуутаас тэжээлээ авдаг байсан. Одоо Улаанбаатар хотод үйлдвэрлэдэг Баялаг эмээлтийн тэжээл хэрэглэж байгаа. Цагаан шувуу бор шувуунаас өөр байдаг. Тэгээд энэ тэжээлийг өгч туршиж үзэхэд ямар нэг өөрчлөлт ороогүй их сайн тэжээл байсан учраас сонгож хэрэглэдэг болсон.
-Ажлаа дөнгөж эхлэж байхад мэдэхгүй зүйлүүд зөндөө л гарч байсан байх?
-Анх хоёр шартай өндөг гарахаар их гайхдаг байсан. Мөн өндөг нийлүүлдэг нэг рестораны зүгээс манайхыг тахиандаа шил өгдөггүй юм байна гэсэн асуудал ярьсан. Яасан гэсэн чинь "хальс нь цагаантайгаа хамт хуулраад байна" гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тэжээлийг нь дутуу эсвэл буруу өгөөд байна уу гээд нөгөө Түмэн шувуутынхаа хүнээс асуулаа. Тэгсэн шинэ өндөг тэгдэг гэнэ. Харин хэд хоносон өндөгний хальс нь их сайн хуулардаг талаар мэдээд бид нар эндээ хонуулсан өндгөө тэр ресторандаа нийлүүлдэг болсон. Харин хоёр шартай өндөг бол яг стандартын биш гэж үздэг юм билээ. Мөн тахианы өндөг цустай гарахаар хүмүүс дэгдээхий болох гэж байсан байна гэж ярьдаг. Тэгвэл тахиа цочиж үргэх юмуу өндгөвчний үрэвсэлтэй үед өндөг нь тэгж гардаг юм байна гэхчлэн олон зүйлийг мэдэж авсан даа.
Одоо хамгийн хэцүү зүйл бол өндөг маань хүрэлцэхгүй байх. Яг хүмүүсийн хэрэгцээтэй үед байхгүй гээд сууж байвал "өө эднийх байхгүй гэдэг юм" гээд дахиж хандахаа больчих вий гэдгээс айдаг. Ямар сайндаа цагаан сараар гэртээ ч өндөг авч үлдэлгүй зарж байлаа.
Харин хэд хоносон өндөгний хальс нь их сайн хуулардаг
Өсөх шувуутын борлуултын цэгүүдээр очиж сонирхлоо.
"Эднийх өдөр бүр шинэ өндгийг бидний борлуултанд тааруулан нийлүүлдэг. Манайхаас шинэ өндөг авдаг байнгын үйлчлүүлэгч олон байдаг. Тийм болохоор би эдний өндгийг хүмүүс нэлээд таашааж хэрэглэдэг гэж үзэж байгаа. Манайх өдөрт нэг 10-15 сетк өндөг зардаг" хэмээн ярьж байлаа.
Ийнхүү "Өсөх шувуут"-аар зочилсон бидний аялал өндөрлөж дараагийн баялаг бүтээгчээ зорилоо.