Монголдоо анх удаа олон улсын стандартад нийцсэн органик саван, ванны бөмбөлөг, уруул өнгөлөгч зэргийг үйлдвэрлэж байгаа “Natural essentials” ХХК-ийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна. Үйлдвэрлэлийн машины оролцоогүйгээр байгалийн цэвэр түүхий эдээр, гар аргаар хийсэн тэдний бүтээгдэхүүнүүд Монголдоо анхдагч гэх тодотголтой. Тэд өдгөө байнгын хэрэглэгчидтэй болоод хэдийнэ амжжээ.
-Компаниа бидэнд танилцуулахгүй юу. Анх үйлдвэрлэлээ явуулж эхлэхдээ хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байв?
-Манай компани 2014 оны зургадугаар сард байгуулагдсан. Үйдвэрлэлээ таван хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж, 2015 оны эхээр шинэ, анхны бүтээгдэхүүн болох ванны бөмбөлөг гарган авч, Аж үйлдвэрийн яамнаас “Органик бүтээгдэхүүн” гэдэг гэрчилгээ авсан. Хоёрдугаар сараас худалдаанд гаргаж эхэлсэн. Ванны бөмбөлөг маань дотроо гурван төрөлтэй. Эхний бүтээгдэхүүнээ гаргачихаад дараа нь сарын дотор хоёр ч шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн.
Аж үйлдвэрийн яамнаас “Органик бүтээгдэхүүн” гэдэг гэрчилгээ авсан
-Та ямар мэргэжил эзэмшсэн хүн бэ. Яагаад заавал органик бүтээгдэхүүн, тэр дундаа ванны бөмбөлөг, гарын саван хийх болов оо?
-Би өмнө нь Америкт амьдарч байсан, олон улсын органик гоо сайхны дипломтой. Дипломоо авч байхдаа монголдоо органик бүтээгдэхүүн хийх санаа төрж, судалгаа хийж эхэлсэн. Тэгээд шинэлэг гэдэг үүднээс ванны бөмбөлөг анх хийсэн. Энэ маань манайд төдийгүй дэлхий даяар хүн болгоны хэрэглэх дуртай бүтээгдэхүүн юм. Арьс зөөлрүүлж, давхар тайвшруулж, биеийг хоргүйжүүлэх зэрэг олон давуу талтай.
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ. Мэдээж органик бүтээгдэхүүн гэдэг утгаараа цэвэр байгалийн гаралтай түүхий эд ордог байх?
-Бид одоогоор чацарганы тостой уруул өнгөлөгч, ванны бөмбөлөг, саван гаргаж байгаа. Чацарганы тосны хувьд Увс аймагт байдаг зэрлэг чацарганы фирмээс түүхий эдээ авчирдаг. Түүнийгээ хатааж, хатсаных нь дараа үрийг нь нэг бүрчлэн түүж, тэр үрнээс хамгийн чанартай тос гаргаж авдаг. Жамц давсаа ч мөн адил Увс аймгаас авдаг. Зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас авчирдаг.
-Гоо сайхны бүтээгдэхүүний үнэ харьцангуй байдаг. Харин танай компанийн бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй вэ?
- Ванны бөмбөлөгний хувьд чанар, хэмжээ савлагааны хувьд манайхтай яг адилхан бүтээгдэхүүн олон улсын жишгээр долоон ам.доллараар зарагддаг. Харин манайх бол 7000 төгрөгөөр борлуулдаг. Манай савангийн чанар болоод үйлчилгээ нь тэс ондоо, гурван сарын турш хатаагаад, гар аргаар бүгдийг хийдэг учраас илүү үнэтэй. Бидний хувьд олон улсын стандартын дагуу гэдэг үгийг мөрдөж ажилладаг учраас уруул өнгөлөгчийн хувьд ч олон улсын жишиг үнээр худалдаалагдаж байна.
-Цаашдын хэтийн зорилго юу байна. Өөр төрлийн бүтээгдэхүүн хийх бодол бий юү?
-Энэ жилдээ багтаж арван нэр төрлийн бүтээгдэхүүн гаргая гэсэн бодолтой байгаа. Мэдээж эко бүтээгдэхүүн гэдэг утгаараа химийн ямар нэгэн хольцгүй, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гаргана. Хэтийн зорилго гэвэл мэдээж өөрийн гэсэн нэрийн брэндтэй болох. “Лхамоур” гэх брэндээ Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй болгож, чанартай бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна.