Эрүүл мэнддээ нэн сайн анхаарах болсон монголчууд сүүлийн үед артешок хэмээх ургамлын ид шидийг гайхан магтах болсон. Тэгвэл энэ нь өдгөө цар хүрээгээ тэлсээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Арцат цагаан хоршоо” тариалж, хүнсэнд шууд хэрэглэх боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж байна. Нэмж тайлбарлахад энэхүү ургамалд хаях зүйл огт байдаггүй гэх бөгөөд үндсийг нь хүртэл бэлдмэл болгон ашигладаг аж.
- Хоршооныхоо талаар танилцуулахгүй юу?
- Сайн байна уу. Юун түрүүнд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг манай хоршоог зорин ирсэнд талархал дэвшүүлэе. Манайх анх 2012 онд “Эв санаа” нэртэйгээр таван хүний бүрэлдэхүүнтэй бүл болон байгуулагдаж байсан. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн, зорилтот бүлгийн гурван эмэгтэйтэй нийлж анх байгуулж бүл болон ажиллаж байсан бол өдгөө энэ маань өргөжөөд 2014 оноос хоршоо болон ажиллаж байна. Ингээд бид хамтран өрхийн газар тариалан эрхэлснээр айл бүрийн өрхийн орлого нэмэгдэж, амьдрал ахуйд мэдэгдэхүйц нэмэлт орлого орж ирэх болсон.
- Артешок хэмээх ургамлынхаа талаар тайлбарлабал?
- Артешок ургамал нь таван мянган жилийн түүхтэй, эрүүл мэндэд нэн чухал амин дэмүүдээр баялаг ургамал юм. Жишээлбэл, элэг хамгаалах ценарин, сульмарин гэсэн бодис, мөн мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах бодис зэрэг маш олон төрлийн микро элементүүдээс тогтдог. Иймээс бид артешок ургамлыг 15*8 хэмжээтэй хүлэмжинд 2012 оноос тарьж ургуулж байна.
- Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
- Бид энэхүү ургамлаа боловсруулж Арвайхээрдээ нийлүүлэхийн сацуу Говь-Алтай, Баянхонгор аймгууд манайхаас үрсэлгээ авч тариалдаг байгаа. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндэд нэн тустай учраас бид хүнсний бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Үүнд, өргөст хэмх даршлах технологиор артешокоо даршилж байна, мөн энэхүү ургамлаас хог хаягдал гарна гэж байдаггүй учраас зузаан гол хэсгээс үлдсэн навч зэргээр нь мөн л технологийн дагуу хатааж, түүнийгээ модон ууранд хийж нунтаг бэлдмэл хийж, савлаад гаргаж байна. Энэ нь биеийн дотор болоод дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Нэмж хэлэхэд энэхүү нунтаг бэлдмэлээ хэрэглэх заавар, зөвлөгөөтэй нь зах зээлд нийлүүлж байна.
- Тэгэхээр энэ ургамлаас хаягдал огт гарахгүй гэсэн үг байх нь ээ?
- Тийм. Мөн артешокны дундаас ногоон самар гарч ургадаг. Үүнийг энэхүү ургамлын зүрх нь гэж хэлж болно. Энэ самрыг зоогийн газрууд хоол, хүнсний хачир болгон их хэрэглэдэг. Мөн үндсийг нь спиртэнд дарж, 45 хоногийн дараа эмчилгээний бэлдмэл болгож хэрэглэдэг. Ингэхлээр артешок гэх ургамал маань өөрөө ямар ид шидтэй ургамал вэ гэдэг нь харагдаж байгаа байх аа.
- Хамгийн том гэхэд хэдэн метр ургадаг вэ?
- Уул нь энэ ургамал нь хамгийн том нь гэхэд 1.50-1.80 см болтол ургадаг олон наст ургамал юм. Гэхдээ манайх цаг агаарын хувьд эрс тэрс учраас өвөлдөө хураагаад авчихдаг юм.
- Үрээ хаанаас авч байна. Бас үнийн хувьд хэд орчим байдаг вэ?
- Үрээ Артешокийн клубээс анх авч байсан. Нэг кг нь 250-300 мянган төгрөг байдаг. Гэхдээ 20-30 гр үр нь 2-3 жилийн нөөц болчихдог юм. Энэхүү ургамлыг олон жил буюу өндөр насласан хойно үрийг нь авах боломжтой байдаг.
- Цаашдын зорилго зорилт юу байна вэ?
- Мэдээж цаашдаа хоршооныхоо бүтээгдэхүүнийг илүү олон төрөл болгох зорилготой байна. Гэвч бидэнд тулгамдаж байгаа гол асуудал бол үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр эдийн засгийн асуудалтай тулгардаг учраас, хүндрэл бэрхшээлтэй байдаг.
“Арцат цагаан хоршоо” артешок тарилан
Хоршооны тэргүүн Ц.Оюунтунгалаг Утас: 88862807, 94278297