“Warm wood” ХХК жижиг ам метр талбай бүхий орон сууцанд зориулсан “Ухаалаг тавилга” төслийг амжилттай хэрэгжүүлж яваа аж. “Ухаалаг тавилга” хэмээх энэхүү нэршил нь гадаадын орнуудад 1960-аад оноос бий болсон бөгөөд “Warm wood” ХХК улсдаа анх удаа уг технологийг нэвтрүүлж, залуу гэр бүл, тэр дундаа жижиг талбайтай орон сууцандаа тохилог тухтай амьдрах боломжийг олгоод байгаа юм.
Тус компанийн захирал У.Энхжавхлантай ярилцлаа.
-Компаниа хэдэн онд байгуулж байсан бэ. Анх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв?
-Манай компани 2010 онд мод модон эдлэл үйлдвэрлэл, хаалга цонх, тавилга гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх цэвэр модоор барилгын хаалга цонх, тавилга үйлдвэрлэж байгаад 2014 оноос “Ухаалаг тавилга” төсөл хэрэгжүүлж, хэрэглэгчдээ түгээгээд эхэлчихсэн байна.
-“Ухаалаг тавилга” төслийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй юү?
-Сүүлийн үеийн залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцууд ихэвчлэн бага метр квадраттай байгаа. Тухайн байрыг худалдан авсан залуучууд тавилгынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь ажиглагдсан учраас улсдаа анхлан 2014 оны долдугаар сараас уг төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулаад удаагүй ч хэрэглэгчид тун сэтгэл хангалуун байгаа нь бидэнд мэдэгдсэн.
-Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд ихэвчлэн гаднаас түүхий эдээ оруулж ирдэг. Тиймээс гаалийн татвар тэдэнд маш хүндээр тусдаг шүү дээ. Танай үйлдвэрийн хувьд?
-Одоогоор бол манайх дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ч юм уу, мундаг тоног төхөөрөмжтэй болж амжаагүй байна. Харин материалын тоноглолын хувьд Европын тавилгын компаниудын хэрэглэж байгаа тоноглолуудыг оруулж ирж байна. Жижиг сажиг бусад хэрэгслүүдээ зах зээлээсээ авдаг. Мэдээж гаднаас тоног хэрэгсэл оруулж ирэхэд хүндрэлтэй тал бий. Дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, тусламж бидэнд төдийлэн хүрдэггүй гэхэд болно.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Тоо ширхгээр нь хэлбэл 17-18 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Мөн үүний хажуугаар цонх, тавилга, модны үйлдвэрлэл явуулж байгаа. Тоймлоод үзвэл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна даа.
-Ухаалаг тавилга гэхээр үнийн хувьд бусдаасаа өөр байх уу. Залуу гэр бүлд зориулсан гэсэн шүү дээ. Тийм болохоор зээлд хамрагдах боломж байдаг болов уу?
-Жижиг талбайтай байрыг мөнгөний боломжийн хувьд дундаж амьдралтай залуучууд ихэвчлэн авдаг нь анзаарагдсан. Тиймээс тавилгын хувьд ч зах зээлийн үнээс доогуур байх хэрэгтэй юм байна гэсэн санаачилга гаргаж, энэ чигт явж байна. Нэг айл манайхаар бүх тавилгаа хийлгэвэл 6-8 сая төгрөг орчим л болно гэсэн үг.
-Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа буюу эдэлгээ, чанарын тал дээр юу хэлэх вэ?
-Ухаалаг тавилга төсөл хэрэгжсэнээс хойш нийт 80-аад айлыг тохижуулсан. Эдгээр айлаас одоогийн байдлаар ямар ч санал, гомдол ирээгүй байна. Бид тавилгадаа гурван жилийн баталгаа өгдөг. Харин тоноглолдоо арван жилийн баталгаа өгч байна.