“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг Орхон аймгийн баялаг бүтээгчдийг сурвалжилсан юм. Бидний хамгийн эхэнд зорьж очсон баялаг бүтээгчид бол Монголд анх удаа маскны үйлдвэрлэл эрхэлж буй “Гуулин шонхор” ХХК юм. Уул уурхай болоод тоосжилт ихтэй орчинд ажилладаг хүмүүст зориулсан энэхүү маск нь олон улсын стандартад нийцсэн, Монголын анхны маск гэдэг утгаараа ихээхэн онцлог юм.“Гуулин шонхор” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Даваанямтай ярилцлаа.
Сайн байна уу. Юуны өмнө компаниа танилцуулахгүй юу?
“Гуулин шонхор” компаниа хүнс, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор анх 2013 онд байгуулж байсан. 2014 оны сүүлээр Тайвань улсаас маскны бүрэн автомат тоног төхөөрөмж оруулж ирэн Монголдоо анх удаа амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн. Энэ маань ажлын найман цагт 4600-7200 маск үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр юм.
Одоо хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна?
Ер нь бол нийтдээ 10 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Харин өнөөдрийн байдлаар таван хүн ажиллаж байна. Дахин шинэ тоног төхөөрөмж авснаар ажилчдын тоо нэмэгдэнэ.
Маскны үйлдвэрлэл эрхлэх санаа хэрхэн төрөв?
Үүнийг яривал их урт түүх болно. Би 2000 онд Эрдэнэт хотод махны үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрахаар анх ирж ажилласнаар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй ойр, холбоотой байх боломж бүрдсэн юм. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг ажиглахад бүгд гаднаас орж ирсэн амны хаалт хэрэглэж байсан. Тиймээс ийм маскны тоног төхөөрөмжийг нь оруулж ирэн эх орондоо үйлдвэрлэж болох юм гэсэн санаа төрсөн. Гэхдээ тухайн үедээ хийе гэсэн ч нөхцөл байдал нь сайн бүрдэж өгөөгүй. Саяхнаас л энэ санаагаа бодитойгоор хэрэгжүүлж эхэлж байна даа.
Маскныхаа үйлдвэрлэлийг хэрхэн хөл дээр нь босгов. Тоног төхөөрөмжөө зээлээр авсан уу?
Хөрөнгө оруулалтын хувьд манай ерөнхий инженер бид хоёр нийлж энэ үйлдвэрээ босгосон. Анх талх, нарийн боовны үйлдвэр байгуулахдаа зээлд хамрагдахаар 100 сая төгрөгийн төсөл бичиж байлаа. Тэр нь явсаар байгаад 80 сая нь дэмжэгдээд сүүлдээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн зээл өгсөн. Түүнээс бас маскны үйлдвэртээ зарцуулсан.
Тэгэхээр хажуугаар нь бас талх нарийн боовны үйлдвэрлэл явуулдаг байх нь ээ?
Тийм ээ. Одоо ч тэр үйлдвэрлэл маань явагдаж байгаа. Тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангахын тулд бас маскны үйлдвэрлэлээ явуулж байна.
Ажилчдаа хэрхэн сонгож авдаг вэ?
Аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй байнга холбоотой ажилладаг. Тэндээс л ажилчдаа сонгож авдаг.
Арав гаруй жил бодож явсан санаагаа одоо хэрэгжүүлээд байгаа юм байна. Танай хийж буй маскнууд яг аль салбарын хүмүүст зориулагдсан бэ?
Бид уул уурхайн салбарын хүмүүст зориулж маскаа үйлдвэрлэж байгаа. Учир нь уул уурхайн салбар нэлээд тоосжилттой байдаг учраас тэдэнд зориулж, хэрэглэхэд хялбар амны хаалт сонгосон. Орон нутагт үйлдвэрлэл явуулж байгаагийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг бидний гол хэрэглэгч болох байх гэж бодож байна. Түүнээс цаашаа зах зээлээ өргөтгөөд, уул уурхайн бусад компаниудад нийлүүлэх бодолтой ажиллаж байна даа.
Одоогоор ямар ямар үйлдвэрт маскныхаа танилцуулгыг хүргээд байна вэ?
“Эрдэнэт” үйлдвэр, дулааны 2, 3, 4-р цахилгаан станц, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр зэрэг газруудад танилцуулгаа явуулаад байна. Ер нь үндэсний үйлдвэрлэл, эх орондоо үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа хүмүүс маш сайхан хүлээж авч, худалдан авах сонирхолтой байна гэж ойлгосон. Гэхдээ одоохондоо гэрээ байгуулсан компани байхгүй байгаа.
Маскныхаа давуу талын тухай танилцуулбал?
Манайх олон улсын стандарт хангасан, гурван төрлийн сайн чанарын маск үйлдвэрлэж байгаа. Бас нэг гол зүйл гэвэл уг маскийг хүмүүс аваад шууд хэрэглэх учраас үйлдвэрийн ариун цэврийн тал дээр маш сайн анхаарч ажилладаг.
Цаашдаа үйлдвэрээ хэрхэн хөгжүүлье гэж бодож байна. Өөр тоног төхөөрөмж авч өргөжүүлэх үү?
Өөр хоёр жижиг машин оруулж ирнэ. Тэр хоёр машин ирснээр дахин хоёр ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Борлуулалтаасаа хамаараад, цаашдаа хэр их хүн сонирхох вэ гэдгээс шалтгаалаад үйлдвэрээ өргөжүүлэх бодол бий. Ойрын саруудад хийх хамгийн гол ажил гэвэл үйлдвэрлэсэн маскнуудаа борлуулах л байна даа. Тухайн уул уурхайн компаниудтай гэрээ хийх, тэдний захиалгын дагуу маскаа үйлдвэрлэх ажил нэн түрүүнд тавигдаад байна. Тэгээд хагас жилээс өөр бодсон, төлөвлөсөн зүйл их бий.
Жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэл явуулах боломжтой юу?
Ер нь борлуулалтаа шийдээд, захиалгаа аваад эхэлчихвэл дөрвөн улиралд үйлдвэрлэлээ явуулах боломжтой.
Манай “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” хөтөлбөр танд ямар санагдав?
Та бүгд биднийг зориод ирсэнд маш их баяртай байна. Орон нутгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй, улс орон даяар сурталчилж өгч байгаад талархаж байна. Та бүгдийн ажилд өндөр амжилт хүсье.
Д.Тэмүүлэн